
Украины зэвсэгт хүчин Украины хилээс хэдэн зуун километрийн зайд орших Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон бусад түлш, эрчим хүчний дэд бүтцэд тогтмол халдаж эхэлснээс хойш Оросын олон бүс нутагт хэдэн долоо хоногийн турш бензин болон бусад түлшний хомсдол үүсээд байгаа.
Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дотоодын зах зээлд түлш нийлүүлэх асуудлаар уулзалт хийжээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр, уулзалтад Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Денис Мантуров, Ерөнхий сайдын орлогч Александр Новак, Москва хотын дарга Сергей Собянин, Батлан хамгаалах яам, Үйлдвэр, худалдааны яам, Тээврийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Эрчим хүчний яамны сайд нар мөн “Лукойл”, “Сургутнефтгаз”, “Газпром нефть”, “Газпром”, “Роснефть”, “Транснефть” зэрэг эрчим хүчний томоохон компантудын захирлууд оролцов.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч газрын тос боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг хамгийн дээд хэмжээнд нь ашиглаж байгаа, төлөвлөөгүй засвар үйлчилгээний хуваарийг богиносгож, төлөвлөсөн засвар үйлчилгээний хуваарийг өөрчилсөн гэж тэмдэглэв. Томоохон газрын тос боловсруулах үйлдвэрүүд төдийгүй жижиг, дунд үйлдвэрүүдийн хүчин чадлыг ашиглаж байна.
"Урьдчилсан мэдээгээр анхдагч түлшний үйлдвэрлэл долдугаар сар гэхэд зургадугаар сарын түвшингээс давах ёстой" гэж Ерөнхийлөгч уулзалтын үеэр мэдэгдэв.
Тэрээр өмнө нь хуримтлагдсан түлшний нөөц дотоодын зах зээлд гарсан боловч үүнийг харгалзан үзвэл ООХУ-д бензиний нөөц одоогоор 1.7 сая тонн байгаа нь 2025 оны мөн үетэй бараг ижил байгааг тэмдэглэв.
Ерөнхийлөгч уулзалт оролцсон хүмүүст хандан Киевийн талаас хийж буй халдлагын нөлөөллийг багасгах, шаардлагатай зэрэглэлийн бензин үргэлж бэлэн байдаггүй мөн шатахуун түгээх станцуудад дараалал хэвээр байгаа тул байгууллага болон иргэдэд шатахуун тасралтгүй нийлүүлэх нэмэлт алхмуудыг хэлэлцэхийг үүрэг болгов. Цаашилбал, Путин зөвхөн түлшний хангамжийг нэмэгдүүлэхээс гадна эдийн засгийн үндэслэлтэй үнийг тогтоох шаардлагатай байгааг онцоллоо.
Мөн дизель түлшний экспортыг бүрэн хориглох талаар хэлэлцүүлэг өрнөж байгааг, засгийн газрын түлшний асуудлын ажлын хэсэг 24 цаг ажиллаж байгааг тэрбээр дурдав.
Уулзалтын дараа Путин Оросын телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа "Одоогоор шатахууны тодорхой хэмжээний хомсдол ажиглагдаж байгаа" ч "хомсдол ноцтой түвшнийх биш" гэж хариулжээ.
Путин өмнө нь хомсдол Украины дронууд Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгч, энэ нь "илэрхий асуудал үүсгэж", "хохирол учирч байна" гэж мэдэгдсэн хэдий ч ерөнхийдөө ОХУ даяар "бүх гэмтсэн эрчим хүчний байгууламжууд харьцангуй хурдан сэргээгдэж, бүх зүйл аюулгүй байдлын өндөр түвшинд ажиллаж байна" гэж хэлэв.