Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал өчигдөр Гадаад харилцааны яамны зөвшилцлийн танхимд боллоо. Үүнд гадаадын 120 гаруй хөрөнгө оруулагч оролцсон байна. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал бизнес эрхлэгчдэд зориулсан таатай, тогтвортой орчин бүрдүүлэхийн тулд Засгийн газраас ямар бодлого хэрэгжүүлж буйгаа танилцуулсан юм. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ын Далянь хотод болсон хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр зарим яриа хэлэлцээг хэдийн эхлүүлснийг онцлоод, Монгол Улс ямар хууль, эрх зүй, татварын орчинтой байх, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд ээлтэй ямар шинэчлэл хийж буйгаа дэлгэрэнгүй мэдээлэв. Мөн “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа итгэлцэл авчирдаг. Бид шинэчлэлийн бодлогоо “Чөлөөлье” гэж нэрлэсэн. Энэ бодлого улсын эдийн засгийг чөлөөлөх, ногоон шилжилтийг эрчимжүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг шинэ шатанд гаргах гэсэн дөрвөн тулгууртай” гээд дээрх санаачилгын хүрээнд хэд хэдэн хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьж, түрүүчээсээ батлуулснаа дуулгасан юм. Татварын багц хуулийг парламент баталсан. Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг парламент энэ долоо хоногт батална. Тиймээс бизнес, хөрөнгө оруулагчдыг дэмжсэн хууль, эрх зүй, татварын орчноо бүрдүүлж чадсан хэмээн Ерөнхий сайд үзэж буй аж.
Улмаар уг уулзалтын хүрээнд нийт 545 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа. Энэ үеэр Сингапурын 65 тэрбум ам.долларын хөрөнгийн удирдлагатай, олон улсын санхүүгийн групп болох “Phillip Capital Management (S) Ltd” хөрөнгө оруулалтын сан, Унгарын OTP банк зэрэг байгууллагаас Монгол Улсад салбараа байгуулах хүсэлтээ Ерөнхий сайдад албан ёсоор илэрхийллээ. Унгарын ОТР нь Зүүн Европ, Төв Азийн 11 оронд үйл ажиллагаа явуулж буй 17.5 сая хэрэглэгчтэй банк юм. Тус банкны ТУЗ-ийн гишүүн Ласло Вольф “Хэрэв манай банк Монголын зах зээлд үйлчилгээ үзүүлбэл томоохон төслүүдийг санхүүжүүлэхээс гадна орон сууцын ипотекийн зах зээлд бүтээгдэхүүн санал болгох сонирхолтой байна” гэжээ. Эл хуралдаан өнөөдөр үргэлжилнэ.
С.Уул