Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бодитой судлах, цаг агаарын аюулт, гамшигт үзэгдлийн давтамжийг нарийвчлалтай тооцож, эрсдэлээс сэргийлэх шаардлагын хүрээнд дэлхийн улс орнууд техник, багаж хэрэгслийнхээ хүртээмж, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарах болсон. Үүнтэй холбогдуулан манай улсын цаг уурын байгууллага Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-д мэдээлэл дамжуулдаг станцынхаа тоог 75-аар нэмжээ. Тодруулбал, өмнө нь 63 станцын мэдээллийг олон улсад дамжуулдаг байсан бол одоо 138 болгосон байна. Үүний үр дүнд цаг агаарын болон уур амьсгалын мэдээллийг хугацаа алдалгүй дамжуулах, өгөгдлийг чөлөөтэй солилцох, эрсдэлийн менежментийг сайжруулах нөхцөл бүрджээ. Түүнчлэн дэлхийн тоон прогнозын тэргүүлэх төвүүд манай орон дахь станцуудаас 102-ынх нь мэдээллийг өдөр тутам авч, супер компьютеруудад өгөгдөл дамжуулж эхэлснээр Төв Ази болон Евразийн бүс нутгийн цаг агаарын мэдээллийг илүү нарийвчлалтай, боловсронгуй тооцоолох боломж бүрдсэн байна.
Н.Мишээл