Майкл Рокфеллер Шинэ Гвинейд асматуудын дунд
23 настай Майкл Рокфеллер 1961 оны арваннэгдүгээр сарын 19-нд Нидерландын Шинэ Гвинейд алга болжээ. Тэрбээр Энэтхэгийн далайд 15 километр зам туулж, эрэг хүрэхээр завьтай гарснаас хойш хэн ч түүний барааг харсангүй. Нью-Йорк мужийн амбан захирагч, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч болох байсан Нельсон Рокфеллерийн хүүг живсэн гэж үзэцгээв. Гэхдээ цагаан арьстнуудын толгойг авахаар анаж байсан, цусанд шунасан асмат үндэстний ангуучдын гарт өртсөн гэх яриа одоо хэр нь байдаг аж.
1961 оны арваннэгдүгээр сарын 20-нд Шинэ Гвинейн баруун эрэгт байх Оцянеп тосгоны 50 асмат Засгийн газрын худалдааны цэгт мод хүргэж өгөөд буцаж иржээ. Тэд цагаан арьст хүн дээшээ харан сэлж байхыг гэнэт олж хараад гараараа даллав. “Оцянепийн хүмүүсээ, та нар цагаан арьстнуудын толгой авах тухай дандаа ярьж байдаг сан, та нарт боломж олдож байгаа юм биш үү”хэмээн нутгийн уугуул хүмүүсийн нэг нь хэлжээ. Асматуудын хооронд маргаан үүсэв. Ядарч цуцаад арай гэж амьд байгаа харийн хүнийг даруй ал гэж зарим нь хашхирав. Дөрвөн жилийн өмнө Оцянепд аллага үйлдсэн хүмүүсээс эцэг өвгөдийнхөө өшөөг авах нь шударга явдал ч гэлцэв. Ийм эрсдэлтэй алхам хийх нь айхтар хөнөөлт зэвсэгтэй цагаан арьстнуудыг дахин дайрч довтлох шалтаг болно гэж зарим нь болгоомжилж байлаа. Эцэст нь, цагаан арьст залууг завин дээрээ татан гаргаад байтал цээрлүүлэх нь зүйтэй гэсэн бодолтнуудын нэг нь жадаа дүрж орхисноор тэр хүн үхсэн байна. Асматууд эрэг дээр гараад их гал түлж, амьгүй болсон цогцсыг мөчлөн салгаж махыг нь идээд, яс болон эд зүйлийг нь хувааж аваад мод бэлтгэх, багаж зэвсгээ хурцлах ажилдаа оржээ.
1961 оны арванхоёрдугаар сард эндхийн нутгийн хүмүүсээс Голландын санваартан Хубертус фон Пей, Корнелиус ван Кессель нарын сонссон ярианд хэрэв итгэх юм бол олон тэрбумын хөрөнгө өвлөх байсан Майкл Рокфеллерийн амьдрал ийн төгсгөл болсон аж. Лам нар асматуудын дунд олон жил байж, хэлийг нь сайн сурсан тул тэд андуурч будилсан байх учиргүй. Тэгээд мэдээллийг Голландын эрх баригчдад хүргэсэн ч олон улсад шуугиан дэгдээх онцгой явдал гэж тэд тоож үзсэнгүй. 1961 оны арванхоёрдугаар сарын 18-нд Индонезийн цэргүүд Шинэ Гвинейд орж ирж дайн эхэлснээс тэндхийн засаг захиргаа юун Рокфеллер мантай болсон байна. 1963 онд арлын хагас нь Индонезийн нэг муж болжээ.
Нутгийн хүмүүс Майкл Рокфеллерийн үхлийн талаар лам нарт өгсөн мэдээллийг ер хайхарсангүй. Үнэн хэрэгтээ залуу судлаач Энэтхэгийн далайд замчлагчидтайгаа сэлж явахдаа живсэн үү, эсвэл матарын хоол болсон уу. Рокфеллерт юу тохиолдсон тухай таамаглал олон байдаг ч түүнийг хүний махаар хүнс хийгчдийн гарт орсон гэдэг нь хамгийн үнэмшилтэй бөгөөд гайхаад байхааргүй юм. Манай гаргийн баян хүмүүсийн нэгийн нь хүүг алс холын аглаг арлын иргэд бариад идчихсэн нь Жюль Вернийн “Амандаа алтан халбага зууж төрсөн нь” хэмээх адал явдалт романы бэлэн сэдэв гэлтэй. Майкл Рокфеллер 1938 онд нефтийн “Standard oil” компанийг үүсгэн байгуулагч, хүн төрөлхтний түүхэнд ам.долларын анхны тэрбумтан болсон Мэри болон Нельсон Рокфеллер нарын гэр бүлд Жон Дэвисон Рокфеллерийн ач хүү болон мэндэлжээ. Нельсоны отгон хүү нь Майкл байсан бөгөөд эцэг нь тухайн үед улс төрийн нэр төрөө нэгэнт олоод амьд яваа насандаа эрх мэдлийн дээд түвшинд янз бүрийн алба хашаад байхаар болчихсон байв. Хамгийн өндөр албанд хүрсэн нь Жеральд Фордын үед Нельсон Рокфеллер АНУ-ын Дэд Ерөнхийлөгч болсон байв. 1979 онд огцроод, ердөө хоёр хоноод өөд болсон нь сонирхол татах бөгөөд хорон хэлтнүүдийн яриагаар бол нууц амраг бүсгүйнхээ хөнжилд амьсгал хураасан гэдэг.
Майклд уг нь гэр бүлийнхээ нефтийн бизнесийг өвлүүлэх гэж байсан ч тэрбээр хүүхэд байхаасаа л түүх, эртний судлалыг сонирхдог байж. Харвардын их сургуульд сурч, түүх, эдийн засгийн мэргэжлийн диплом авсан байна. Их сургууль төгсөөд хагас жил армид алба хаагаад, судалгааны экспедицэд орж Нидерландын Шинэ Гвинейг зорьжээ. Залуу судлаач тэнд “Үхсэн шувууд” киноны дууны оператор болжээ. Харамсалтай нь, 1963 онд киноны нээлт болоход Майкл Рокфеллер хэдийн өөд болсон байлаа. Зураг авч байхдаа Рокфеллер асматуудыг сонирхдог нөхрийнхөө хамт судалгаанд явж, энэ нууцлаг үндэстний соёлыг ихээхэн судалсан байна. Асматуудын соёлыг судлах, музейд зориулж үзмэр цуглуулахаар 1961 оны аравдугаар сард Шинэ Гвинейд буцаж ирэв.
1950-иад он болтол асматууд гадаад ертөнцтэй үндсэндээ харилцаатай байсангүй. Энэ нь тэд хүн ам оршин суудаг газар нутгаас хол, бас маш догшин ширүүн, хүмүүсийн толгойг авч махыг нь идэхийг эрхэмлэдэгтэй нь холбоотой байжээ. Хүмүүнлэг гэж хэлэлтгүй, хөрш омгууд нь ч тэдэнтэй харьцахыг төдийлөн хүсдэггүй байв. Тэгээд ч 1950-иад онд Голландын засаг захиргаа асматуудтай хэл амаа ололцдоггүй, түүгээр ч барахгүй хүмүүсийг алж хядахаа, мах шөлийг нь идэж уухаа болихыг ятгаж чаддаггүй байлаа.
1961 оны аравдугаар сард Майкл Рокфеллер Нидерландын хүн ам зүйн судалгааны үндэсний музейн орлогч захирал, Голландын судлаач Рене Вассангтай хамт асмат үндэстний хоёр залуутай цуг эдний 13 тосгонд очиж модоор хийсэн олон бүтээлийг нь үзжээ.
Арваннэгдүгээр сарын дундуур экспедиц тойргийн төв Агатс хотхонд ирж, нөөцөө сэлбээд аян замдаа гарав. Арваннэгдүгээр сарын 17-нд Рокфеллер, Вассанг нар завины нь мотор унтрахад хуурай газраас зургаан километр ор чим зайд ирээд байжээ. Удалгүй завь хөмөрч, живчихгүйн тулд залуус завинаасаа зуурч авав. Гэвч завь Шинэ Гвинейн эргээс улам холдож, Энэтхэгийн далайн гүн тийш явж байлаа. Эцсийн эцэст арваннэгдүгээр сарын 19-нд Рокфеллер усны хоёр хоосон саваар дэм хийн эрэг рүү зүглэв. Хожим нь голланд эрийн (Вассан) ярьснаар “Эрэг рүү сэлж яваа түүнийг усны хоёр сав, толгой гээд гуравхан юм далд ортол нь” Вассан харж байжээ. Маргааш нь Вассангийг аварсан ч Рокфеллерт юу тохиолдсон нь одоо хэр маргаантай.
Манай гаргийн бараг л хамгийн баян хүний хүү алга болсон нь тодорхой болмогц Нидерландын Шинэ Гвинейн Засгийн газар өргөн цар хүрээтэй эрэн хайх ажиллагаа эхлүүлэв. Нисдэг тэргүүд агаарт хөөрч, гол, эргийн дагуу олон хүн эрэлд гарав. Тэдгээрт уг нутаг орныг сайн мэддэг европчууд болон нутгийн иргэд оржээ. Нью-Йорк мужийн амбан захирагчаар олон жил ажилласан Нельсон Рокфеллер гэргийн хамт тусгай “Boeing-707” онгоцоор хэсэг сэтгүүлчтэй хамт Шинэ Гвинейд хүрэлцэн ирэв. 23 настай өв залгамжлагчийг хайх багийнхан тус бүс нутгийн бут, бургас бүрийг нэгжих шахжээ. Нидерландын Гадаад хэргийн сайд Йозеф Лунс арваннэгдүгээр сарын 24-нд “The New York” сонины сурвалжлагчид аймшигтай үг хэлсэн нь Майкл Рокфеллерийг олох найдлага тасарсан тухай байлаа. Албан ёсоор бол залуу судлаач далайн эрэг хүрэлгүй живсэн, эсвэл матар юм уу, аварга загасны хоол болсон байв. Түүнээс гадна Рокфеллер эсэн мэнд эрэг хүрсэн бол “соёл иргэншлээс” нь үл хамааран нутгийн иргэд их хүнлэг тул түүнийг аврах байсан гэж Нидерландын Шинэ Гвинейн эрх баригчид мэдэгдсэн байна.
1957 онд асматуудын Омадесел, Оцянеп тосгоныхны хооронд ширүүн дайн болжээ. Эхлээд Омадесел тосгоны нэг оршин суугч Оцянепийн хэд хэдэн хүнийг алж, улмаар сөрөг довтолгоон эхэлжээ. Эцэст нь, 130 хүн амиа алдав. Ийм цуст үйл явдал болсныг мэдсэн Нидерландын орон нутгийн захирагч Макс Лепре хөдлөхөөр шийдэж, 1958 оны нэгдүгээр сард зэвсэглэсэн цагдаагийнхнаа дагуулан Омадеселд очиж, хүмүүсийн нь зэвсгийг хурааж, завинуудыг нь шатааж орхив. Тэгтэл Оцянепийн дайчдын нэг нь урцнаасаа үсрэн гарч Лепре рүү дайрах нь тэр. Буудалцаан болж, нутгийн таван иргэн амиа алджээ. Цагаан арьстнуудын толгойн төлөөх ангуучлал, тэдний махаар хүнс хийх үйлдлийг төр сайшаахгүйг энэ үйл явдал нотолсон байна.
Рокфеллер алга болсон нь Лепрегийн үйлдсэн яргаллын өшөөг авсан үйлдэл байсныг нутгийн уугуул хүмүүс Хубертус фон Пейд хүлээн зөвшөөрчээ.
Рокфеллерийг нутгийн уугуул иргэд алсан тухай мэдээлэл анх 1962 онд хэвлэлд гарсан байна. Түүний гэр бүл болон АНУ-ын Засгийн газрын шаардлагаар мөрдөн шалгах ажиллагааг шинээр эхлүүлэв. Цуу яриаг шалгаад батлах нотлох юм ер олдоогүйг Йозеф Лунс удалгүй мэдэгдэв. Рокфеллерийн хувь заяаны тухай элдэв онол өнгөрсөн хугацаанд хүмүүсийн сонорт хангалттай хүрчээ. Түүнийг барьцаанд байлгасан гэх хүн цөөнгүй. Гэвч эрэл хайгуулынхан арлыг бүхэлд нь нэгжсэн болохоор түүнийг олох байсан нь зайлшгүй. Өөр нэг хамгийн өөдрөг таамгаар залуу судлаач маань нутгийн уугуул иргэдийн соёлыг гойд сонирхдог байснаас тэдний дунд амьдрахаар шийдсэн байж болох.
Шинэ Гвинейд 1960-аад оны эцсээр авсан фото зураг 1970-аад онд хэвлэлд гарсан нь гайхам цагаан арьстай тэр нутгийн оршин суугчийн дүрс байв. Майкл Рокфеллерийн хувь заяаг 2010аад онд Америкийн сэтгүүлч, баримтат зохиол туурвигч Карл Хоффман нэлээд үл үндэстэй судалсан байна. Тэрбээр Шинэ Гвинейд очиж, асматуудтай уулзаж, санваартан Хубертус фон Пей, Корнелиус ван Кессель нарыг эрж хайжээ. Хоффманд итгэх юм бол нутгийн уугуул хүн ам 1958 онд Лепрегийн сэдсэн өшөө авах үйлдлийн дүнд амиа алдсан америк хүний тухай дурсамжийг үнэхээр хадгалж байжээ.
1958 оны тухай ярихаас яагаад бүгд эмээдгийг өөрт нь газарчилж явсан Аматесээс Хоффман лавлахад бүх юм Америкийн аялагчийг асматууд бүрэлгэснээс болсон гэж хэлжээ. Тэрбээр англиар ярьж, үгийг аажмаар зөөж хэлж байсан ч ямар ч байсан Майкл Рокфеллерийн тухай ярьж буй нь эндүүрэхээргүй ойлгогдож байв. Рокфеллерийн тухай сэдвийг хөндөхөөс айдаг байсан тул Оцянепийн оршин суугчид ам нээхдээ дургүй байдаг аж. Хоффманд ярьсан түүхэд нь итгэвэл тэд өвөг дээдсийнхээ үйлдсэн явдлыг сүнс сүлднийхээ эсрэг өдөөсөн айхтар гэмт хэрэг гэж одоо хэр нь үздэг юм байна.
Санваартнууд энэ явдлын талаар ер ярьж байсангүй, тэтгэвэрт гарсан хойноо ч энэ эгзэгтэй сэдвээр ашиг хонжоо олохыг оролдсонгүй. Хамгийн гол нь эрэл хайгуул хийсэн, бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бүх л үеийн турш Майкл Рокфеллерт чухам юу тохиолдсон талаар ямар нэг таамаглал төрөхүйц бодитой сэжүүр ер олдож байсангүй.
Р.Жаргалант