Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын анги, салбарт иргэний үүргээ биелүүлэхээр ирсэн алба хаагчдын дунд гарсан элдэв зөрчил маргааныг жил бүрийн цэрэг татлагатай зэрэгцээд олон нийтийн сүлжээнд “сэвж” хандалт авах нь их болсон. Нэг талаасаа харвал цэргийн албанд залуус, эцэг эхчүүдийг итгэлгүй болгох, цаашлаад зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийг хүчгүйдүүлэх гэсэн бодлого явагдаж байхыг үгүйсгэхгүй. Уг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17.1-4 дэх хэсэгт заасан “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” хэмээн ёсчлон биелүүлэх үүргийн нэг нь яалт ч үгүй энэ.
Нөгөө талаасаа Үндсэн хуулиар хүлээлгэсэн дээрх үүргийг мөнгөтэй, эрх мэдэлтэй айлын хөвгүүд биелүүлэхээс зайлсхийж, эгэл борчууд, малчдын хөвгүүд л татагдаж байгаа нь эрх тэгш байх зарчмыг алдагдуулж буйн илрэл. Олон аавын хөвгүүдийн өсөж торнисон орчин, суурь хүмүүжил гээд түмэн шалтгааны улмаас цэргийн алба хаагчдын дунд харилцааны зөрчил, “шанаадах” явдал гарч буй нь лавтай. Уулын мод урттай, богинотой. Олон хүн сайнтай, муутай орчлонг дүүргэдэг болохоор цэргийн бага тушаалын дарга нарын дунд янз бүрийн нөхөд таарч, үгэнд ороогүйд нь “жавтий” хүртээх явдал гарсаар.
Жил бүр гарч буй энэ мэт явдлаас сургамж авч, цэргийн анги салбар бүр хяналтын камер суурилуулж буй гэдэг. Гэвч ийм камергүй ор чинд нэгнээ дэглэх, зодох тохиолдол цөөнгүй байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сарын 19нд Баянхонгор аймаг дахь зэвсэгт хүчний 339 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаагчдын дунд үүссэн харилцааны зөрчлөөс болж нэг нь амиа алдав. Тус аймгийн Цагдаагийн газрынхан мөрдөн шалгаж буй билээ.
Үүнээс өмнө Дотоодын цэргийн харьяа ангийн хугацаат цэргийн алба хаагчдын дунд харилцааны хэд хэдэн зөрчил гарч, эцэстээ штабын дарга, бригадын генерал Р.Чингис тэргүүтнээр “туг тахиад” өнгөрсөн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд гаргасан Б/42 дугаартай тушаалдаа “Дотоодын цэргийн байгууллагад хийсэн дотоод хяналт шалгалтаар зарим анги байгууллагын цэргийн алба хаагч дын дунд дүрмийн бус харилцаа, хүний эрхийн зөрчил үүссэн, цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэнд удаа дараа хохирсон, дотоодын цэргийн штабын даргын зүгээс хууль, дүрэм, журамд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, мэргэжлийн удирдлагаар хангаагүй нь шалгалтын явцад цугларсан баримтаар тогтоогдож байх тул Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй” хэмээсэн байдаг. Түүнийг ажлаас чөлөөлөх шалтаг болсон хүний эрхийн удаа дараагийн зөрчил, цэргийн эрүүл мэнд хохирсон хэргүүдийг шүүх хараахан шийдвэрлээгүй. Харин энэ он гарснаас хойш үйлдэгдсэн хоёр ч хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Түүнээс тоймлон хүргэе.
ЖИЖҮҮРИЙН БАЙРАА ОРХИСОН НЬ “ЖАВТИЙ” ХҮРТЭХ ШАЛТГААН БОЛОВ
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 оны нэгдүгээр сарын 14-нд хугацаат цэргийн алба хаагч Ц.М Шалган нэвтрүүлэх байрны жижүүр, дэд ахлагч Б.Эрдэнэ-Очирт нэг бус удаа “бороохойдуулжээ”. Энэ талаар байлдагч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны үед “Би тухайн өдөр Шалган нэвтрүүлэх байрны жижүүрийн туслахаар гарч байсан юм. Орой 21.00 цагийн үед харуулын байранд байдаг өрөөнд зурагт үзэж байтал тус байрны жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан, дэд ахлагч Б.Эрдэнэ-Очир намайг хараад “Чи битгий наанаа зурагт үзээд бай, Шалган нэвтрүүлэх байр луугаа ор” гэсэн. Түүнээс хойш би хоёр ч удаа зурагттай өрөөнд орж кино үзэж байгаад түүнд баригдсан юм. Зурагт үзэж таарах болгонд миний зүүн өгзөг хэсэгт бороохойгоор тус бүр 2-3 удаа цохисон. Түүнээс хойш хоёр хоногийн дараа ээлжийн сувилагч биед үзлэг хийх үед миний зүүн өгзгийг харсан. 5-6 удаа бороохойгоор цохисны улмаас миний өгзөг хөхөрсөн байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээжээ.
Уг явдлыг анх илрүүлсэн сувилагч “Харуулын ротын... дугаар салааны байлдагч нарт үзлэг хийж байтал Ц.М-ын зүүн өгзөг хөхөрсөн байсан. Энэ талаар би ангийн жижүүрт мэдэгдсэн. “Харуулын байранд кино үзэж байгаад жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагчид цохиулсан” гэж хэлсэн. Юугаар цохиулсан талаараа нуугаад хэлээгүй” хэмээн цагдаагийнханд мэдүүлэг өгсөн байна.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчид байлдагч Ц.М-ын биед үзлэг шинжилгээ хийгээд “Түүний зүүн өгзгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүс гэгдэнэ. Эрүүл мэндийг сарниулахгүй тул Хү ний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй” гэж дүгнэжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалан эл хэргийг хэлэлцээд “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.3-т зааснаар “захирах, захирагдах” зарчмыг цэргийн албанд баримтлах ба 4.2-т “Цэргийн алба хаагч ангийн байрлал, эсхүл ангийн байрлалын гадна албан үүрэг, байлдааны жижүүрлэлт, харуул, хоногийн манааны үүрэг гүйцэтгэх, ажилдаа ирэх, буцахыг албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцно” гэж, 6.1.3-т “Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрмийг чанд сахин биелүүлэх”, 6.1.7-д “цэргийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих” нийтлэг үүргийг хү лээхээр заасан. Цэргийн дотоод албаны дүрэмд зааснаар цэргийн алба хаагч нь албан тушаал, цолны эрэмбээр захирагч болон захирагдагч байх бөгөөд дэд ахлагч нь байлдагчийн хувьд ахлах цолтон нь байна.
Эрүүгийн хуулийн 28.3-1 дэх хэсэгт заасан “Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэргийн субъект нь албан тушаалын болон цэргийн цолны эрэмбээр дарга, захирагчнь байх бөгөөд объектив талньцэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагдагчаа зодсон, хүч хэрэглэснээр тухайн гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар хуульчилсан” гэж дүгнээд дэд ахлагч Б.Эрдэнэ-Очирт зургаан сар хорих ял шийтгэжээ. Шүүгдэгч ч өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, өмгөөлөгч авалгүй, шүүхийн хэлэлцүүлэгт ч мэдүүлэг өгөөгүй аж.
ЭЛЕКТРОН ТАМХИНЫ МАРГААН НЭГ БАЙЛДАГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХОХИРООЖЭЭ
Дээрх шүүхийн шүүгч Ц.Амар даргалан тавдугаар сарын 21-нд Эрүүгийн хуулийн 28.31 дэх хэсгийн “Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэсэн” гэх хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь мөн л Дотоодын цэргийн 05 дугаар ангид гарсан үйлдэл байв. Түрүүч Г.Базарсад тус ангийн харуул ротын ... дугаар салааны захирагчийн орлогчоор томилогдон үүрэг гүйцэтгэж байхдаа энэ оны нэгдүгээр сарын 23-ны 20.10 цагийн үед байлдагч Б.Цгийн эрүүл мэндийг хохироожээ. Хохирогч нууцаар электрон тамхи татаж байгаад салааны захирагчийн орлогчид харагдсан гэнэ. Түүнийг харсан түрүүч Г.Базарсад байлдагч Б.Ц-г хэд хэдэн удаа цохисны улмаас ухаан алдаж газарт унахдаа нүүрээ цохисноос эрүү нь хугарч, шүднүүд нь булгарсан аж. Энэ талаар хохирогч байлдагч Б.Ц мэдүүлэгтээ “20.00 цагт оройн хоолноосоо гарч, ангийн хашаанд байх гадна 00-д орсны дараа тамхины цэг дээр манай ротын цэргүүд байхад түрүүч Г.Базарсад намайг “Томоотой бай, цэрэг ээ” гэж хэлээд цээж рүү 3-4 удаа хүчтэй цохиход маш их өвдөж, толгой эргэсэн. Улмаар би ухаан алдсан. Түүнээс цааш юу болсныг санахгүй байна. Ухаан орж сэргэхэд манай салааны цэргүүд гар хөлийг минь атгаж, “Яаж байна, зүгээр үү” гэж байсан. Тэр үед миний аман дотор цус амтагдаж, дээд арааны шүд үйрч, хугарсан нь мэдрэгдэж, эрүү өвдөн, юм ярихад хэцүү байсан. Улмаар хажууд байсан цэрэг болон түрүүч Г.Базарсад намайг эмнэлэг рүү дагуулж, үзүүлэхэд “Шүд болон эрүү гэмтсэн байна” гэж хэлээд, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн. Тухайн газар камертай боловч хоолноос гарахаас өмнө цахилгаан тасарсан. Г.Базарсадаас өөр хэн нэгэн миний биед халдаж, цохиогүй” хэмээжээ.
Хамт алба хааж байсан байлдагч Б.Б гэр чээр мэдүүлэг өгөхдөө “Тухайн өдөр хоолонд орохын өмнө цэргийн байранд Б.Ц, А.М, бид гурав электрон тамхи татаж байгаад салааны захирагчийн орлогч, түрүүч Г.Базарсадад баригдаад хураалгасан юм. 00-ын сандал дээр бид гурвыг юм яриад сууж байхад түрүүч Г.Базарсад хүрч ирээд “Дахиж электрон тамхи татаж болохгүй” гэж хэлээд Б.Ц-гийн цээж рүү цохисон. Б.Ц цохиулчхаад гүнзгий амьсгаа авч байснаа алхаад удаагүй уначихсан. Түүнийг цэргийн байр луу оруулж сувилагчийг дуудсан. Сувилагч ангийн шуурхай жижүүртэй хамт Б.Ц-г эмнэлэг рүү авч явсан” гэсэн байна.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр хохирогч, байлдагч Б.Ц-гийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогджээ. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас түрүүч Г.Базарсадад Эрүүгийн хуулийн 11.4-1ийн “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”, 28.3-1 дэх хэсгийн “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн аж.
Шүүх хэргийг хэлэлцээд дээрх зүйл заалтуудад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь гурван сар зорчих эрх хязгаарлах, цэргээ зодсонд нь зургаан сар хорих ял оноон, ялуудыг нэгтгэн есөн сар хорихоор болсон байна. Мөн түрүүч Г.Базарсадаас 15.8 сая төгрөг гаргуулж, хохирогч Б.Ц-д, 3.3 саяыг Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүх Г.Базарсадыг гэм буруутайд тооцоход тэрбээр хохирол төлбөр төлөх тав хоногийн завсарлага авсан ч түүнийгээ биелүүлээгүй юм байна. Энэ талаар хохирогч Б.Ц-гийн өмгөөлөгч “Шүүгдэгч хохирол төлөхөөр завсарлага авсан боловч түүнийгээ төлөөгүй. Мөн шүүх хуралдаанд хоцорч ирсэн нь хийсэн хэрэгтээ хандсан хандлагыг нь харуулж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3-1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оноох санал гаргаж байна” гэсэн байх юм.
Дотоодын цэргийн байгууллагад хүний эрхийн удаа дараагийн зөрчил, цэргийн алба хаагчдын эрүүл мэндэд хохирол учруулсан явдал байсаар. Р.Чингисээ өөрчлөөд, хурандаа Н.Лхагвасайхан энэ оны нэгдүгээр сарын 12-ноос хойш тус штабыг удирдах болсноос хойших хугацаанд гарсан хоёр ч хэргийг ийнхүү шүүх шийдвэрлэжээ.