Олон хоног хүсэн мөрөөдсөн томоохон зорилгоо биелүүлэхийн тулд зориг шулуудан Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Бор-Өндөр сум хүртэл нийт 350 км замыг туулахаар гүйж буй хүүг Б.Тэлмэн гэдэг. Тэрбээр энэ хавар 12 дугаар ангиа төгссөн бөгөөд энэ сарын 12-нд хотод улсын шалгалтаа өгчхөөд 15.00 цагийн үед Налайхаас гарч, эхний өдөр 70 орчим км зам гүйжээ. Өчигдрийн байдлаар хоёр хоногт 23 цаг гүйж, 160 гаруй км замыг амжилттай туулаад байна. Өвдөж, шантрах үе байсан ч зорилгодоо хүрэхийн тулд тэвчээртэйгээр, тууштай гүйж буй. Өдөртөө зорьсон маршрутынхаа дагуу гүйж, шөнөдөө суурин газарт хоноглож байгаа аж. Замд нь таарсан автомашины жолооч нар хүүг дөхөөд буухыг хүссэн ч тэрбээр 350 км замыг зөвхөн явганаар туулах зорилго тавьсан тул татгалзсан гэнэ.

Түүнтэй холбогдож, гүйх болсон шалтгааныг нь тодруулахад “Би дэлхийд алдартай гүйлтийн тамирчдын бичлэг үзэж, сонирхолтой яриаг нь сонсох дуртай. Кенийн холын зайн гүйгч Дэвид Кибет маш урт замыг туулсны дараа хөлийн хумснууд нь унаж, хэцүү байсан ч “жаргалтай өвдөлт” мэдэрсэн тухайгаа ярьсныг сонсоод анх гүйж үзье гэж шийдсэн. Тэрхүү жаргалтай хэрнээ зовуурьтай мэдрэмжийг мэдэрч үзэхийг хүсэж байна. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш сэтгэл зүйгээ бэлдсэний эцэст улсын шалгалтаа өгчхөөд л гүйлтээ эхэлсэн. Гүйнэ гэхээр нойр хүрэхгүй, сэтгэл их догдолсон. Өөрийгөө ялан дийлэхийн тулд хэзээ ч хийж үзээгүй зүйлээ зориглон эхлүүлсэндээ баяртай байгаа. Хэдийгээр 100 гаруй км гүйсний дараа хөл цуцаж, цэврүүтэж, шөрмөс татах зэргээр чанга байгаа ч зорьсондоо заавал хүрнэ. Өнөөдөр (өчигдөр)-төө багтаж Чойр хүрэх зорилготой. Энэ эрчээрээ гүйвэл хоёр хоногийн дараа Бор-Өндөрт хүрчих байх” гэв.
Түүний ээж Б.Ариунжаргал хүүгийнхээ хамгийн сайн дэмжигч нь. Хүү нь 10 кг орчим хүнд цүнх үүрээд, цаг агаарын ямар ч нөхцөлд ажрахгүй, ганцаархнаа гүйж байгаа тул санаа нь зовсон ч зорьсондоо хүрнэ гэдэгт нь итгэлтэй буйгаа дуулгав. Б.Тэлмэн гар бөмбөгөөр 4-5 жил хичээллэсэн, спортод хорхойтой ч урьд нь ингэж хол зайд гүйж үзээгүй юм байна.
Ч.Болор