Герман, Монголын хоёр талт Хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд тохиролцсон “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх” төслий III үе шатыг хэрэгжүүлэхээр ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк (KfW) манай Сангийн яамтай өнгөрсөн баасан гарагт 17 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын таван дүүргийн 14 хорооны оршин суугчид болон бизнес эрхлэгчдийн эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж, 11 800 гаруй хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг бэхжүүлэх зорилготой. Тогтвортой хөгжил, аюулгүй найдвартай эрчим хүчний хангамжийн төлөөх хоёр орны түншлэл нэгэн чухал үе шатаа эхлүүлснийг талууд гарын үсэг зурах үеэр онцолсон юм.
Г.Сансар