“Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотуудыг байгуулах эрх зүйн орчин бүрдлээ” хэмээн 2024 оны сонгуулийн суртал чилгааны үеэр МАН-ынхан баахан шоудсан ч өнөөг хүртэл Монгол Улс нэг ч хот байгуулж амжаагүй л бүдэрсээр явна. Хамгийн сүүлд 2026 оны тавдугаар сарын 26-ны өдөр УИХ-д Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гээчийг Засгийн газраас өргөн мэдүүлж, хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан танилцуулахдаа эхний ээлжид Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй болгож, хотын зохион байгуулалт, эдэлбэр газар, хил зааг, чиг үүргийн шилжилт, төсөв, санхүү, хүний нөөцийн бэлтгэл ханган хэрэгжүүлэхээр тусгаснаа хэлэв. Багануур, Налайх дүүргийн үр дүн, туршлагад тулгуурлаж бусад хотын асуудлыг үе шаттай шийдвэрлэх юм байх. Гэвч улсын зэрэглэлтэй хот гэдэг статус ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ. Хүн амын тооноос эхлээд үйлдвэрлэл, үйлчилгээ, эдийн засгийн бие даасан суурь байна уу, өөрийн орлогоор төсвөө бүрдүүлж чадах уу, инженерийн дэд бүтэц нь нийслэлээс хараат бус уу, бүс нутгийн төвийн үүрэг гүйцэтгэж хүчрэх, эсэх гээд олон асуултад тодорхой хариулт хэрэгтэй.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны зургаадугаар сарын 5-нд УИХ-ын ээлжит сонгуультай уралдах шахам баталсан. Тэр өдөр мөн парламентаас “Хот байгуулах тухай” 72 дугаар тогтоолыг баталсан түүхтэй. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот байгуулах эрх зүйн үндсийг ардчилсан хувьсгалаас хойш анх удаа бүрдүүлж байгаа учраас бүгд л ач холбогдол өгсөн үү, өгсөн. Тус хуулийн 4 дүгээр зүйл буюу “Хот, тосгон, хотын зэрэглэл” гэсэн хэсгийн 4.4-т “100 000- аас доошгүй оршин суугчтай, эсхүл оршин суугчтай байхаар төлөвлөсөн, тэдгээрийн дийлэнх хувь нь үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэгч дэд бүтэцтэй, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий хот нь улсын зэрэглэлтэй байна” хэмээн гол шалгуурыг тогтоосон нь бий. Тэгвэл яг тэр өдөр УИХ-аас баталсан 72 дугаар тогтоолд Дархан, Эрдэнэт, Зуунмод, Хархорум, Багануур, Налайх гэсэн улсын зэрэглэлтэй зургаа, орон нутгийн зэрэглэлтэй 43, дагуул дөрвөн хот байгуулахаар тусгасан юм.
Нэг өдөр нэг танхимд нэг парламентын гишүүд нэг ижил агуулгаар хууль, тогтоол батлахдаа “100 000-аас доошгүй оршин суугчтай” гэдэг наад захын шалгуурыг хэрхэн ойлгосон болоод 28.9 мянган хүн амтай Багануур, 40.8 мянган оршин суугчтай Налайх дүүргийг улсын зэрэглэлтэй хотын статуст хамаатуулсан нь хачирхалтай. Зөвхөн хүн амын тооны хувьд бодоход л 113 мянган хүн амтай Орхон, 111 мянга гаруй оршин суугчтай Дархан-Уул аймгийг буцаагаад нэн тэргүүнд улсын зэрэглэлтэй хот болгох хүлээлт, шаардлага, үндэслэл, боломж, нөөц хэзээнээсээ байсан. Харин нөгөөдүүлийг нь ямар шалгуур, үндэслэл, тооцоолол, судалгаанд үндэслэн улсын зэрэглэлтэй хот болгохоор яаран сандран тогтоолд оруулсан бэ гэдэг нь эрхгүй сонирхол татна. 2024 онд баталсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, “Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолоор улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотууд байгуулахаар шийдсэн нь Үндсэн хуультай зөрчилдөж, зарим институцтэй зэрэгцээ бүтэц үүсэхээр байгааг Засгийн газрын Ажлын хэсгээс тогтоосон тул тэдгээрийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулна гэхдээ яагаад Дархан, Эрдэнэтийг биш, дахиад Багануур, Налайхыг нэн түрүүнд “барьж гүйгээд” байгаа юм бол.
2024 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын хуралдаанд оруулж дэмжигдсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө “100 мянгаас дээш хүн амтай хот улсын зэрэглэлтэй хотод тооцогдоно. Хотыг хот гэж нэрлээд л эдийн засгийн болон дэд бүтцийн асуудал шийдэгдчихгүй. Тиймээс бид Эрдэнэт, Дарханаас гадна шинэ нисэх онгоцны буудлыг түшиглээд Шинэ Зуунмод хот байгуулах, шинээр төлөвлөгдсөн Хархориныг мөн улсын зэрэглэлтэй хот гэж үзэж байгаа” хэмээж байв. Хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцэх үед Налайх, Багануур сураггүй байсныг яагаад гэнэт улсын зэрэглэлтэй хотын статуст “шургуулаад” оруулсан байх вэ. Өдгөө “кранаар” зүтгүүлж буй хуулийн төслийн цаана бас ямар эрх ашиг нуугдаж байж болох вэ.

Хүн амын тоог нь бүр авч хэлэлцэхээ больё гэхэд Дархан, Эрдэнэт шиг аж үйлдвэр, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, ложистикийн төвлөрсөн том төвүүдтэй харьцуулахад Багануур, Налайх одоо ч нийслэлээс татаас авдаг Улаанбаатарын дагуул суурин хэлбэртэй хэвээр байгаа. Улсын хамгийн том үйлдвэртэй, өөрийн эдийн засгийн хүчирхэг баазтай Эрдэнэтийг хот болоход бэлэн болоогүй, шаардлага хангахгүй гэж байгаа бол Багануур, Налайх хэрхэн, ямар шалгуураар суга дээшилсэн байх вэ. Налайхад ганц үйлдвэр технологийн парк байгуулах гэж нийслэл, улсын төсвөөс хэчнээн жил төсөв хөрөнгө тавиад тусыг олсон бил үү. Тухайн нутаг дэвсгэрийн хөгжлийн түвшний үнэлгээгээр улсын зэрэглэлтэй хотыг хэмждэг. Энэ үүднээс нь яривал Багануур ч, Налайх ч энэ олон жилд ганц дулааны цахилгаан станцтай болж хүчрээгүй, дүүргийн иргэд, оршин суугчид нь дулааны гачигдлаас бүрэн ангижирч чадаагүй л байгаа шүү дээ. Багануурт Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 400 мегаватт хүчин чадалтай Дулааны цахилгаан станц барих гэж хэчнээн жил ярьж байгаа билээ. Улсын зэрэглэлтэй хот болгохын тулд асар их хэмжээний хөрөнгө оруулалт энд тэндээс татаж, дулааны станцаа барьж чадлаа гэхэд хэдий хэр хугацаанд буцаагаад бодит үр өгөөжөө өгөх вэ.
Яагаад Дархан, Эрдэнэтээс түрүүлээд Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгохоор шийдсэн талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны холбогдох хэлтсийн даргаас тодруулахад “Нэгэнт хууль, тогтоол шийдвэр нь гарсан учраас салбарын яамны зүгээс бол улсын болон орон нутгийн зэрэглэлтэй, дагуул хотуудаа 53-ууланг нь л байгуулах бодлогын зохицуулалт хийж, бэлтгэл хангаж байгаа. Гэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын үед Засгийн газраас ажлын хэсэг гарч, хотуудыг шинээр байгуулах асуудалд дүн шинжилгээ хийгээд Үндсэн хуультай зөрчилдсөн зүйл байна гэдэг дүгнэлт хийсэн юм билээ. Түүнээс хойш хэсэг тодорхойгүй явж байгаад сая энэ хуулийн төслийг ХЗДХЯ-наас боловсруулж, өргөн барьсан тул тэнд илүү тодорхой мэдээлэл бий болов уу” хэмээх тайлбар хэлэв. Харин ХЗДХЯныхан тэгж ингэж аргацаагаад ямар нэг хариу өгсөнгүй.
Гуравхан зүйлтэй дээрх хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг дэмжсэн байр сууриа П.Сайнзориг гишүүн илэрхийлэхдээ “Хэтэрхий цагийг нь тулгаж оруулж ирсэн” хэмээн хууль санаачлагчдыг шүүмжилснээс үзэхэд хаврын чуулганаар батлуулахаар зүтгүүлж буй бололтой. Баталлаа гэхэд зөвхөн Багануур, Налайхын иргэд, сонгогчдын эрх ашгийг бодолцох бус, УИХ-ын дарга С.Бямбацогтын сануулсанчлан олон аймаг, сум хотын статустай болно гэсэн өндөр хүлээлттэй байгааг харгалзан, гишүүдийн байр суурь, саналыг төсөлд тусгаж чамбайруулах шаардлага үнэхээр бийг энд давтан хэлэхээс аргагүй. Засаг захиргааны шинэ давхарга бий болгох эрсдэл ч энд яригдах учиртай. Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгосноор “хотын зөвлөл”, “хотын Захирагч”-тай байх бөгөөд 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хотын зөвлөл, Захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл энэ чиг үүргийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга хэрэгжүүлэхээр хуульд тусгажээ. Ийнхүү тусдаа хотын Зөвлөл, хотын Захирагчтай болсноор шинэ захиргаа, шинэ орон тоо, шинэ төсвийн зардал үүсэн, төрийн аппарат тэлэх хэрнээ иргэдэд үзүүлэх үйлчилгээ хэрхэн яаж сайжрах нь тодорхой байх ёстой.
Эдийн засгийн чадамж талаасаа ч өнөөгийн нөхцөл байдалд Налайх дүүрэг өөрийгөө санхүүжүүлж чадахгүй, нийслэлээс байнга татаас авдаг байж улсын зэрэглэлтэй хот болбол статусын инфляц үүсгэхээс л хэтрэхгүй. Өөрөөр хэлбэл, нэр нь “улсын зэрэглэлтэй хот” боловч бодит байдал дээр улс, нийслэлийн төсвийн дэмжлэггүйгээр үйл ажиллагаа явуулж чадахгүй хэвээр байвал энэ нь зөвхөн цаасан дээрх өөрчлөлт болно. Багануур, Налайхынхан хот болж тоглосон гашуун сургамж, түүх мартагдаагүй шинэхнээрээ байгаа. Эрчим хүчний бие даасан байдал дээрх алслагдсан дүүргүүдэд ямар байгаа билээ. Бие даасан дулааны эх үүсвэргүй хомсдолтойн дээр ус, инженерийн дэд бүтцийн хувьд ч төвлөрсөн системээс хамааралтай, Багануурын уурхай хэмээх ганц саалийн үнээг эс тооцвол томоохон үйлдвэрлэл, үйлчилгээ байгаа бил үү гэдэг асуултад тулаад “хот байгуулах үлгэр” жаргасан байдаг юм.
Монгол Улсын хөгжлийн томоохон асуудал болсон Улаанбаатар хотын хэт төвлөрлийг задлахад улсын зэрэглэлтэй хотуудыг хаана, хэзээ, хэрхэн ямар бодлогоор хөгжүүлэхээс олон зүйл шалтгаална. Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Даланзадгад, Зуунмод, Хархорум, Чингис, Улиастай, Улаангом, Ховд зэрэг бүсийн тулгуур төвд хөгжлийн ямар загвараар, эдийн засгийн ямар бүтэц, төлөвлөгөөний дагуу бодлого, зорилтоо тодорхойлж, хэрэгжүүлэх вэ гэдэг нь тогтвортой байх ёстой болохоос сонгуулиас сонгуулийн хооронд “дэвхэрч” байдаг улс төрчдийн эрх ашгийг даган өөрчлөгдөөд явж боломгүй. Улсын зэрэглэлтэй хотын шалгуур гэж үнэхээр байдаг бол Дархан, Эрдэнэтээс түрүүлж энэ хоёр дүүрэг яагаад тэрхүү болзлыг хангаж байгаа вэ гэдэгт Засгийн газар, хууль санаачлагчид хариулах ёстой. Хот байгуулах асуудал нь тухайн нэг тойргийн гишүүдийн ашиг сонирхлоос бус, улсын хөгжлийн бодлогоос урган гарах учиртай юм.
Л.Аргамжин