Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)- наас “Эрх зүйт төр-иргэний итгэлцлийн реформ”-ыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор “Явуулын оффис”-ыг өчигдрөөс ажиллуулж эхэллээ. Уг “Явуулын оффис” нь Чингэлтэй дүүргийн нутаг, олны нэрлэж заншсанаар Долоон буудлын эцэст 10.00- 12.00 цагт ажиллаж, иргэдэд үйлчилнэ. Мөн Баянзүрх дүүргийн Шар хадны эцэст 14.00- 16.00 цагт ажиллах юм.
Иргэд “Явуулын оффис”-оор үйлчлүүлснээр ХЗДХЯ-ны харьяа Цагдаа, Хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Улсын бүртгэл, Архив, Шүүхийн шинжилгээ, Гадаад иргэн, харьяатын газар болон ДХИС, Хууль зүйн туслалцааны төв, үндэсний хүрээлэн зэрэг 11 байгууллагаас лавлагаа, мэдээлэл авч, өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх боломжтой. Тухайлбал, Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгчид үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөх юм. Мөн иргэд орон сууц болон цахим залилан, гэрээ хэлцэлтэй холбоотой зөвлөгөөг мэргэжлийн хуульчдаас авахаас гадна иргэний болон жолооны үнэмлэхээгазар дээр нь хэвлүүлэн авах боломжтой.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх, суллагдсан болон хорих ял эдэлж байгаа, эсэх тодорхойлолт, хүүхдийн тэтгэлэг гаргуулах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдээлэл өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч байна.
У.Цэцэг