
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалт болон Шим мандлын нөөц газруудын сүлжээнд Монгол Улсаас бүртгүүлсэн газруудыг олон нийтэд таниулах, судалгааны эргэлтэд оруулах зорилгын хүрээнд Увс нуурын атласыг боловсруулж буйгаа мэдээллээ. Тус хүрээлэнгийнхэн өмнө нь Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэлтэй Хөвсгөл нуурын атласыг 2022 онд боловсруулсан бол энэ удаа Дэлхийн өвийн жагсаалтад орсон Увс нуурын ай савыг сонгожээ.
Увс нуурын атлас нь байгаль, нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлээр таван бүлэг бүхий 130 орчим сэдэвчилсэн зурагтай, шинжлэх ухааны нэг сэдэвт бүтээл болж олон нийтэд хүрэхээрээ онцлог гэнэ.
Энэ ажилд шаардлагатай судалгааны үр дүнгүүдийг нэгтгэн хэлэлцэх, харилцан мэдээлэл солилцох зорилготой “Увс нуур орчмын байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл” эрдэм шинжилгээний хурлыг холбогдох байгууллагууд хамтран өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав.