“Имж эх асаргааг хэрэгжүүлж, дутуу нярайн тусламжийн чанарыг сайжруулах” төслийн үйл ажиллагааг танилцуулах арга хэмжээ боллоо. Уг төслийг Монголын перинатологи нийгэмлэг, Балдорж сан, УБЗБ ХХК хамтран хэрэгжүүлж байна.
Уг төслийн ач холбогдлын талаар Монгол Улсын гавьяат эмч, ангаах ухааны доктор, профессор З.Гэрэлмаа мэдээлэл өглөө. Тэрбээр, “Эрүүл мэндийн ажилчид болон эцэг эхчүүд, олон нийтэд зориулж энэхүү үйл ажиллагааг зохион явуулж байна. Төслийн хүрээнд имж эх асаргааны гурван ном, эцэг, эхчүүдэд зориулсан ханын үзүүлэн, санамжууд боловсруулан хэвлүүлж, видео контентууд бүтээгдсэн.
Мөн эрүүл мэндийн ажилчдад зориулсан имж эх асаргааны сургагч, хөтөлбөрийн менежер бэлтгэх сургалтад 41 хүнийг хамруулна. Уг сургалтыг Филиппин улсаас имж эх асаргааны чиглэлээр нарийн мэргэшсэн дөрвөн мэргэжилтэн удирдан зохион явуулна. Уг суралцагч нарыг ЭХЭМҮТ, ЭХЭҮТ, НӨАГ, НХАГ, НААГ, Ховд, Орхон, Өвөрхангай, Дорнод, Өмнөговь аймгийн бүсүүдийн эмнэлгийн ажилчдаас хамруулсан.
Ингэж цогцоор нь төслийг хэрэгжүүлж байгаа нь дутуу болон жин багатай төрсөн нярай хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой” гэв.
Балдорж сангийн тэргүүн, УБЗБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Номинтүшиг: Имж эх асаргаа гэдэг бол монгол хүн хүүхдээ асарах аргатай ойролцоо санагдсан. Дэлхийн олон улсын байгууллага имж эх асаргааг илүү сайжруулж, тодорхой хэмжээний аргачлалыг гаргажээ. Уг аргачлалыг олон нийтэд хүргэх болон эмч, сувилагч нарыг мэргэшсэн байдлаар бэлтгэх тал дээр нь энэ төсөлтэй хамтран ажилласан. Мөн манай УБ зочид буудлын тэгш ой, аавынхаа төрсөн өдөртэй холбоотойгоор сайн үйлсийн аянаа өргөн хүрээнд хийх зорилгоор энэхүү төсөлтэй хамтар ч байгаадаа таатай байна.
Балдорж сангийн гүйцэтгэх захирал, СГЗ Сонинтогос: Манай Балдорж сан сэтгүүлзүйн чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн нийгмийн сайн сайхан үйлсэд нэгддэг. Өөрөөр хэлбэл, Жил болгон Балдорж эрхлэгчийнхээ төрсөн өдрөөр сайн үйлс хийдэг. Энэ удаа имж эх асаргааны талаарх төсөлтэй хамтран Монголын ирээдүйн хүүхдүүд эрүүл энх өсөхөд нь тусалж, энэхүү төслийг санхүүжүүлж ажилласандаа баяртай байна.
Имж эх асаргааг сайн хэрэгжүүлж чадвал нярайн эндэгдлийг 30 хувиар бууруулах боломжтой гэх мэдээлэл бий. Имж эх асаргаа нь дутуу, бага жинтэй төрсөн нярайн амь насыг аврах, эрүүл мэндийг сайжруулах, эндэгдлийг бууруулахад аюулгүй, өндөр үр дүнтэй, өртөг зардал багатай арга юм. Дутуу төрсөн болон жин багатай нярайг төрсний дараа аль болох эрт эхийн энгэрт арьс арьсаар нь хүрэлцүүлэн, тасралтгүй, удаан хугацаагаар хоногт 8-24 цаг байлгах нь чухал аж. Имж эх асаргааг эх нь хийхэд илүү тохиромжтой боловч, хүүхдийн аав, эмээ, өвөө зэрэг гэр бүлийн өөр гишүүн хийж болно гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөв.