Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байсан хэвлийн хөндийн мэс заслын дурангийн иж бүрдэл, нян судлалын шинжилгээний бүрэн автомат анализатор, нярайн шарлагын аппарат болон бусад багаж, тоног төхөөрөмж суурилууллаа. Нийт 664.8 сая төгрөгийн үнэ бүхий эдгээр тоног төхөөрөмжийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хүлээлгэн өгсөн байна. Ингэснээр Орхон аймаг болон Улаанбаатар хотыг зорьж хийлгэдэг байсан зарим төрлийн мэс заслыг орон нутагт үзүүлэх боломж бүрдсэн гэв. Тухайлбал, хэвлийн хөндийн болон эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааг аймагтаа нэвтрүүлснээр энэ төрлийн мэс заслын тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх ач холбогдолтойг албаныхан онцолсон.
Мөн нян судлалын шинжилгээний бүрэн автомат анализаторыг ашиглалтад оруулснаар лабораторийн шинжилгээний хугацааг богиносгож, оношилгооны нарийвчлалыг сайжруулах нөхцөл бүрдсэн аж. Тус төхөөрөмж нь хүний гараар хийх ажиллагааг багасгаж, алдаа гарах эрсдэлийг бууруулахын зэрэгцээ бичил биетний эсрэг эмийн тэсвэржилтийг илүү нарийвчлалтай тодорхойлдог байна.
О.Оргилох