“Онги-Цагаанбургастай” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажилд орон нутгийн иргэдийн оролцоог хангах, санал авах зорилготой уулзалт, хэлэлцүүлгийг Дундговь аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж байна.
Уг төслийн гол зорилго нь Онги голын урсцыг тохируулах замаар Улаан нуурын экосистемийг сэргээж, говийн бүсийн хүн амын болон хөдөө аж ахуйн усны хэрэглээний тодорхой хувийг хангах юм. Иймд эл ажлын зорилго, ач холбогдол, техник, технологийн урьдчилсан шийдлийг нутгийн иргэдэд нэгдсэн байдлаар танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонсон, шаардлагатай судалгаа, тооцооллыг газар дээр нь хийх нь чухал гэдгийг төслийн удирдагч, зөвлөх инженер Б.Аюурзана тодотгов.
“Онги-Цагаанбургастай”-н асуудлаарх дараагийн шатны уулзалт, хэлэлцүүлгийг Сайхан-Овоо сумд зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд орон нутгийн удирдлагуудаас гадна говийн бүсээс парламентад сонгогдсон гишүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар болон “Говийг усжуулах судалгааны нэгж”-ийн төлөөлөл, төслийн ерөнхий гүйцэтгэгч “Монхидро констракшн”-ы инженер, мэргэжилтнүүд оролцож, нутгийн иргэд, ус ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагынхантай мэдээлэл солилцон, санал хүсэлтийг нь сонсох ажээ.
Ж.Сувд