Монгол орны нийт газар нутгийн 45 хувь нь цасан бүрхүүлтэй, дундаж зузаан нь 4.5 см, үүнд агуулагдах усны нөөц 6.37 шоо км байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас өчигдөр мэдээлэв. Ялангуяа томоохон гол, нууруудын ай сав газарт их хэмжээний цас хуримтлагдсан, шар усны үерийн эрсдэл өндөр байгааг анхаарууллаа. Тухайлбал, Халх, Хяргас, Увс нуур болон Булган, Үенч, Бодонч, Идэр, Шишгэд, Хараа голын сав газрын 75-96 хувь нь цастай, түүнд агуулагдах усны нөөц нь 0.52 шоо км буй гэнэ. Харин Хар, Цэцэг нуур, Ерөө, Дэлгэрмөрөн, Чулуут голын сав газрууд 45-75 хувийн цастай, 0.36 шоо км усны нөөцтэй, Бөөнцагаан, Хөвсгөл нуур, Туул, Эг голын 20-45 хувь нь цастай, 0.11 шоо км устай байна. Иймд эдгээр голын сав газарт нутаглаж буй малчин өрхүүд, орон нутагт зорчигчдыг үер, усны эрсдэлээс сэрэмжлэхийг цаг уурын байгууллагаас анхааруулав. Түүнчлэн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал, амьтны сэг зэм шар усны болон уруйн үерээр дамжин гол бохирдуулах, халдварт өвчин тархаах аюултай тул холбогдох байгууллагынхныг цаг алдалгүй арга хэмжээ авч, цэвэрлэгээ, устгал зохион байгуулах шаардлагатай гэлээ.
Голуудын байршил, ус хурах талбайн өндөр зэргээс хамааран сав газруудад хаврын шар усны үер буух цаг хугацаа харилцан адилгүйг Усны газраас онцлов. Үерийн эрсдэл хамгийн өндөр үе нь дөрөвдүгээр сарын дундаас тавдугаар сарын эхний 10 хоног дуусталх хугацаа гэнэ. Хайлсан цасны ус өдрийн 10.00 цагийн орчимд урсаж эхэлж, 13.00-15.00 цагт хамгийн их хэмжээнд хүрч, 17.00-20.00 цагт татардаг байна.
Н.Мишээл