Аялал, амралтын улиралд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор завьт болон хөдөлгөөнт эргүүлийнхэн улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж буйг ОБЕГ-аас мэдээллээ. Нийслэлийн долоон дүүрэг болон 13 аймгийн нутаг дэвсгэрийн 43 байршилд завьт эргүүл ажиллан, гол, усны ойролцоо амарч, зугаалж байгаа иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэж, яаралтай тусламж үзүүлж буй аж. Тэд ирэх есдүгээр сарын 15 хүртэл үүрэг гүйцэтгэх юм байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар аадар бороо орсны улмаас гол, нуурын усны түвшин нэмэгдээд буй. Тухайлбал, Хэрлэн, Онон голын усны түвшин өмнөх өдрийнхөөсөө 10- 15, Хархираа голынх 17 см даван үерлэсэн тул үерийн аюулаас сэрэмжлэхийг цаг уурын байгууллагынхан өчигдөр анхаарууллаа.
Ч.Болор