“Улаанбаатар аялагч” клубээс санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Цэвэр овоо” төслийг Олон улсын уулчдын холбоо (UIAA) шилдэг санаачилгаар нэрлэжээ. Уулын спортыг сурталчлан таниулж, хөгжүүлэхээс гадна байгаль хамгааллыг дэмжих чиглэлээр ажилладаг тус холбоо “Уул хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд энэ чиглэлийн клуб, нэгдлүүлээс дэвшүүлсэн шилдэг санаачилгуудыг шалгаруулсаар ирсэн юм. Өнөө жил уг хөтөлбөрийн эхний шатанд 19 орны 20 төслийг шилдгээр шалгаруулсны дотор “Улаанбаатар аялагч” клубийнх багтжээ. Манай улсаас анх удаа нэр дэвшүүлсэн “Цэвэр овоо” төсөл нь уул, овоог зөв тахин шүтэх, хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах, иргэд, олон нийтэд энэ чиглэлийн зөв мэдлэг, ойлголт өгөх зорилготой гэнэ. Төслийг боловсруулахад Монголын уулчдын үндэсний холбоо болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд оролцжээ.
Н.Мишээл