Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх, судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар болсон байна. Уг төслийн нийт санхүүжилт нь 56.3 сая ам.доллар бөгөөд үүний 32.9 сая нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны жилийн 0.06 хувийн хүүтэй, урт хугацааны зээл, 22.4 сая нь Люксенбургийн Вант Улсын буцалтгүй тусламжаас бүрдэх аж.
Манай улсын хэмжээнд зүрхний мэс заслын 95, судсан дотуурх оношилгоо, эмчилгээний 67, хэм алдагдлын эмчилгээний 93 хувийг Улсын гуравдугаар төв эмнэлэг үзүүлдэг. Тус эмнэлэгт 2024 онд зүрхний нээлттэй мэс засалд 425 хүн орсны 120 нь хүүхэд байжээ. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Зүрх, судасны өвчлөл нас баралтын гол шалтгаан болдог. 2024 онд 18 200 иргэн уг шалтгаанаар нас барсан. Түргэн тусламж хурдан очиж, эрчимт эмчилгээг сайн хийсэн бол тэдний 6200-г нь аврах боломжтой байсан. Тиймээс зүрх, судасны эмгэг, шигдээс, харвалт, гэмтэл осолтой холбоотой тусламж, эмчилгээг өндөр хэмжээнд зохион байгуулах нь чухал. Гуравдугаар эмнэлэг 20 гаруй жилийн турш Люксембург улстай энэ чиглэлээр хамтарч, цөөнгүй төсөл хэрэгжүүлсний дүнд 15 600 ам метр талбай бүхий, найман давхар цогцолбор барихаар болж байна” гэлээ.
Зүрх, судасны эмгэгээр нас барсан хүмүүсийн 35 хувь нь 45-65 насныхан байна. Иргэдийн дунд энэ төрлийн өвчлөлийн эрсдэл, хүчин зүйлийн тархалт өндөр, 75 хувь нь зүрх, судасны өвчлөлд өртөх эрсдэлтэй байгаа юм. Тиймээс дээрх төвийг байгуулах нь эрүүл мэн¬дийн салбарт маш чухал, хэрэгцээт төсөл байх болно гэв.