Ур чадварын олимп гэж нэрлэгддэг “WorldSkills competition” уралдаан ирэх оны есдүгээр сарын 22-27-нд БНХАУ-ын Шанхай хотод болох тов гарлаа. 48 дахь удаагаа зохион байгуулах гэж буй тус уралдаан дэлхийн 89 улсыг эгнээндээ нэгтгээд байна. “WorldSkills” олон улсын байгууллагаас хоёр жил тутам зохион байгуулдаг энэхүү уралдаан нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшигч, суралцагч, залуусын авьяас, хүч хөдөлмөр, ур ухааныг нээн илрүүлэх, бусдадаа түгээх, харилцан туршлага солилцох боломж олгодгоороо давуу талтай. Мөн тухайн улсын оролцогч, багш нар, төрийн болон төрийн бус байгууллагуудын ур чадварын хөгжлийн талбар болдгоороо онцлогтой. Энэ удаагийн уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр дэлхийд технологиороо тэргүүлэгч “Samsung” компани ажиллахаа мэдэгдсэн байна. Уралдааныг гоо сайхан, оёдол, хувцас загвар, цахилгаан, гагнуур, мужаан, засвар, барилга, бүтээн байгуулалт, хоол үйлдвэрлэл, хими технологи, компьютер, зураг дизайн гэх мэт мэргэжлийн болон техникийн 60 гаруй төрлөөр зохион явуулдаг юм. Манай улсын хувьд дотооддоо “Монгол ур чадвар” тэмцээнийг 2013 оноос үндэсний хэмжээнд зохион байгуулж, ялагчдыг дэлхийн ур чадварын олимпод оролцуулдаг болсон билээ. Үүний үр дүнд цөөнгүй төрлөөр шагнал хүртэж байв.
О.Оргилох