Зүүн гар талаа: Э.Баттүшиг, Н.Эрхэмбаяр 2022 онд Бразилд болсон дифлимпийн наадмаас алтан медаль хүртэв
Үеэл ахынхаа дагуулж ирсэн танихгүй хүнээс бишүүрхэн орныхоо араар нуугдаж байсан 10 настай Н.Эрхэмбаяр эдүгээ дифлимпийн алт, мөнгө, тивийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, залуучуудын болон өсвөрийн дэлхийн аварга, ОУХМ, чөлөөт бөхийн тамирчин болжээ. Н.Эрхэмбаярын гэрт урилгагүй зочилсон өнөөх зүс мэдэхгүй хүн нь хожим түүний багш хэмээн хүндлэгдсэн дасгалжуулагч Э.Баттүшиг байв.
Э.Баттүшиг 2012 онд Өвөрхангай аймгийн Биеийн тамир, спортын газарт чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байж. Тухайн үедээ өсвөрийн тамирчдыг бэлдэж, тэмцээн уралдаанд авч явна. Н.Эрхэмбаярын үеэл ах, сумын заан Э.Мөнхбаяр түүний шавь нарын нэг. Мөн Н.Эрхэмбаярын төрсөн ах Н.Энхбаатар ч жүдо бөхөөр хичээллэдэг, аймагтаа чамгүй амжилт гаргаж байжээ. Нэг өдөр Э.Мөнхбаяр багшдаа сонсголын бэрхшээлтэй үеэл дүүгийнхээ тухай ярьснаар багш, шавь хоёрыг уулзуулжээ. “Н.Энхбаатар их эвсэлтэй, эвтэйхэн барилддаг байсан болохоор дүүг нь ахаар нь жишиж, авьяастай байж магадгүй гэж бодсон юм. Ахыгаа дагаад барилдах сонирхолтой, бөх их үздэг хүүхэд байсан. Намайг “Бөх болох уу” гэж асуулгахад дуртай зөвшөөрч, баярласан” хэмээн Э.Баттүшиг багш ярив.
Тэр цагаас хойш багшийгаа дагаж, чөлөөт бөхөөр хичээллэх болсон Н.Эрхэмбаяр олон бэрхшээлийг давж, одоогийн амжилтад хүрсэн юм. Нялх балчиртаа сонсголоо алдсан тэрбээр сонсголтой хүмүүстэй хамт бэлтгэл хийж, барилдахад ойлгохгүй түмэн асуулт буман хариулт нэхэж үлддэг байжээ. Бөхийн дүрэм, мэхний талаар багшийнхаа хэлснийг ойлгохгүй, бусад хүн юу ярьж буйг сонсохгүй ч биеийн хэлэмж, дохио зангаа, нүүрний хувирлаар нь гадарласан зүйлээ интернэтээс хайж үзэж баталгаажуулдаг байжээ. “Эрхэмээ маань чөлөөт бөхөөр хичээллээд 10 гаруй жил болж байна. Сонсголын бэрхшээлтэй тамирчдын хамгийн том наадам дифлимпээс анх 18 настайдаа мөнгө, 22-тойдоо алтан медаль хүртсэн юм шүү дээ. Одоо 26 настайдаа Японы Токиод болох 25 дугаар наадамд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Дифлимп бол дэлхийн 100 орчим орны 3000 гаруй тамирчин спортын 20 гаруй төрлөөр өрсөлддөг маш том наадам” гэлээ.
Н.Эрхэмбаяр гурван хүүхэдтэй айлын дунд хүү. Нэг эмэгтэй дүүтэй. Ах нь жүдогоор хичээллэдэг байсан ч түүнд чөлөөт бөх илүү таалагдсан тул сонгосон гэдэг. Үүнийг нь ч төрсөн болон үеэл ах нь дэмжиж, өдий зэрэгт хүрэхэд нь тусалжээ. Тэрбээр үндэсний их баяр наадмын дараа төрсөн нутаг, Өвөрхангай аймагтаа бэлтгэлээ базааж байгаад саяхан хотод ирсэн байна. 2010 онд Улаанбаатар хотод нүүж ирснээр эндээ суурин амьдрах болж. Тодруулбал, тэрбээр настай ээж, дүү болон эхнэр, хүүхдийнхээ хамт Таванбуудалд амьдардаг гэнэ. Хэдийгээр спортын их амжилт гаргасан ч төр засаг болон олон нийт сонсголын бэрхшээлтэй иргэдийн оролцдог энэхүү наамдын талаар төдийлөн мэддэггүй, тив, дэлхийд эх орныхоо нэрийг дуурсган, амжилттай явааг нь ойшоодоггүй тул тусалж, дэмжих тал дээр дутагдалтай юм билээ.
Японы Токио хотод ирэх арваннэгдүгээр сарын 15-26-нд зуны дифлимпийн 25 дугаар наадам болно. Манай улсаас чөлөөт бөх, жүдо, хөнгөн атлетик, ширээний теннис, буудлага гэсэн таван төрөлд 15 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа базааж буй. Тэдний нэг Н.Эрхэмбаяртай бэлтгэлийнх нь үеэр уулзаж, дохионы хэлний орчуулагчийн тусламжтайгаар хэл нэвтрэлцсэн юм. Түүнээс бэлтгэл сургуулилалтынх нь талаар асуухад “Өдөр бүр 06.00 цагт бэлтгэлээ эхлүүлж, 20-30 км гүйдэг. Дараа нь хүчний бэлтгэлээ хийж, хоол хүнс, уураг гээд бүх зүйлдээ ихэд анхаарч, хичээж байна. Токио явтлаа бэлтгэлээ хангана. Хэдийгээр сонсголын бэрхшээлтэй хүмүүст мэдээллийн хүртээмж тааруу байдаг ч олон талын эх сурвалжаас баталгаатай мэдээлэл авахыг хичээдэг. Багшийнхаа яриаг сонсохгүй ч үйлдлийг нь хараад ойлгодог болсон. Одоо миний зорилго бол дифлимпийн хошой аварга болох. Үүндээ хүрэхийн тулд ихэнх цагаа бэлтгэлдээ зарцуулж байна. Онгоцны тийз, байрлах байрны зардал, өмсөх хувцаснаас эхлээд санхүүгийн асуудал бидэнд тулгарч байгаа. Тиймээс Монголын диф спортын холбоотойгоо хамтран тэмцээний зардлаа бүрдүүлэх зорилгоор хандивын аян өрнүүлсэн” гэв.
Түүнийг хошой аварга болно гэдэгт багш, баг хамт олон, гэр бүлийнхэн нь итгэж буй. “Дүү минь чадахгүй гэх биш. Энэ удаа ч дахин алтан медаль хүртэнэ гэдэгт нь итгэж байна. Гэхдээ олон нийтэд ийм спортын их наадам байдаг, сонсголын бэрхшээлтэй залуус бусдын адил, бүр илүү ихийг ч золиослон байж өдий зэрэгт хүрсэн гэдгийг ойлгуулж таниулах хэрэгтэй” хэмээн түүний үеэл ах Э.Мөнхбаяр хэлэв. Мөн төрсөн ах Н.Энхбаатар нь “Үнэндээ дүүгээ ийм амжилтад хүрнэ гэж ер бодоогүй. Гэтэл анх сонсголтой хүмүүстэй өрсөлдөөд, УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Тэр үед л дүүгийнхээ авьяасыг олж харсан даа” хэмээсэн.
УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн амжилт нь олон улсад нэрээ дуурсгах эхлэл нь болсон байна. Тэрбээр 2016 онд Ираны Тегеранд болсон сонсголгүй иргэдийн чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-ий өсвөр үеийн 54 кг жинд зодоглож, бүх өрсөлдөгчөө цэвэр ялж түрүүлэн, Төрийн дууллаа эгшиглүүлсэн түүхтэй. Дараа жил нь таван тивийн 114 орны 3500 гаруй тамирчин оролцсон, Туркийн Самсун хотод болсон дифлимпийн зуны 23 дугаар наадмаас мөнгөн медаль хүртэж, бахархам амжилт гаргав. Эх орондоо ирснийх нь дараахан түүнд “Алтангадас” одон хүртээсэн билээ. Харин 2022 онд Бразилд зохион байгуулсан дифлимпийн зуны 24 дүгээр наадамд чөлөөт бөхийн 65 кг жинд түрүүлж, эх орондоо энэ төрөлд анх удаа алтан медаль авчирсан гавьяатай. Өөрөөр хэлбэл, энэ нь Монгол Улс дифлимпийн наадмаас хүртсэн хоёр дахь алтан медаль болсон юм. Үүнээс 13 жилийн өмнө буюу 2009 онд Гавьяат тамирчин Б.Очбадрал жүдо бөхийн төрөлд анхны алтан медалийг авчирч байжээ.
Нэг хэсэг “чимээгүй олимп” гэж нэрлэдэг байсан дифлимпийн наадамд эх орныхоо нэрийг өндөрт өргөн, чимээгүй хөдөлмөрлөж яваа эгэл даруу тамирчин бол Н.Эрхэмбаяр юм. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг уг тэмцээнээс алтан медаль хүртэхдээ үгээр илэрхийлшгүй их баярласнаа тэрбээр хуваалцав. “Тэмцээний үеэр маш их цуцсан. Тамирчин хүн ялна гэж барилддаг ч алт авсандаа итгэж чадахгүй байсан. Эх орондоо ирэхэд гэр бүлийнхнээс минь гадна маш олон хүн онгоцны буудалд тосож авч, баяр хүргэсэнд сэтгэл их догдолж, өөрөөрөө бахархсан” хэмээн дурссан.
Н.Эрхэмбаяр Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын II сургуульд найман настайдаа элссэн ч дунд сургуулиа төгсөж чадаагүй юм билээ. Ном сурахаас илүүтэй спорт хөөж, бүхий л цаг хугацаагаа чөлөөт бөхөд зориулсан түүнийг илүү том амжилт, гэгээн ирээдүй хүлээж буй нь лавтай.
Э.БАТТҮШИГ: Ч.УНДРАМ САЙД СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ТАМИРЧДЫН ОЛОН УЛСЫН НААДМЫГ ОЧИЖ ҮЗЭЭСЭЙ
Н.Эрхэмбаярын багш, дасгалжуулагч, Биеийн тамир, спортын улсын хороо (БТСУХ)-ны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Э.Баттүшигээс цөөн асуултад хариулт авлаа.
-Та шавиа өөрөө хайж очиж, “олж авсан” юм билээ. Түүнээс хойш та хоёр багагүй амжилт гаргажээ.
-Тийм ээ. Би Өвөрхангай аймагт чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байхдаа Эрхэмбаярыгаа “олж авсан”. Тэр үед Эрхэмээ маань 10 орчим настай байжээ. Одоо “Аварга” биеийн тамирын дээд сургуульд багш, дасгалжуулагчаар сурч байгаа. Бид хоёрт насанд хүрэгчдийн ДАШТ-ий аварга болох л дутуу байна. Өсвөр, залуучууд, Ази тив, цаашлаад дифлимпийн аварга гээд тамирчин хүний үзүүлж болох өндөр амжилтуудыг бүгдийг нь үзүүлчихлээ. Гэхдээ ирэх арваннэгдүгээр сард Токиод болох дифлимпийн наадамд алтан медалиа ихэрлүүлэх зорилго, мөрөөдөл бий.
-Хэзээнээс сонсголын бэрхшээлтэй тамирчдыг дасгалжуулж эхэлсэн бэ?
-2016 оны сүүлээс би Монголын диф чөлөөт бөхийн тамирчдыг сайн дураараа хариуцан дасгалжуулж эхэлсэн. Н.Эрхэмбаяр, Д.Чинзориг, Ш.Батбаатар нарыг дасгалжуулан бэлтгэл сургуулилалтыг нь хангаж, тэмцээн уралдаанд оролцуулаад явж байна. Дотооддоо сонсголын бэрхшээлтэй хүмүүс барилдаж, спортод амжилт гаргаж буйг олонтоо харсан. Гэхдээ тив, дэлхийн хэмжээнд ийм олон тэмцээн уралдаан болдгийг мэддэггүй байв.
Хүн төрөлхтний эв санааны бэлгэдэл олимп, паралимп, дифлимп, тусгай олимп гэсэн спортын дөрвөн их баяр наадам болж байна. Тодруулбал, тулгуур эрхтний болон харааны бэрхшээлтэй иргэд оролцдог паралимп, сонсголгүй иргэдийн дифлимп, оюуны бэрхшээлтэй хүмүүсийн өрсөлддөг тусгай олимп гэж бий. Үүгээр зогсохгүй зөвхөн сонсголын бэрхшээлтэй иргэдийн ДАШТ болдог юм байна. Насанд хүрэгчдийн, өсвөрийн, залуучуудын АШТ болдгийг сүүлд мэдсэн юм. Эрхэмээ маань дотооддоо зохион байгуулсан бүхий л тэмцээнд сонсголтой хүмүүстэй өрсөлдөөд удаа дараа медаль хүртэж байлаа. Үүнд нь урамшаад 2015 онд Иранд болсон сонсголын бэрхшээлтэй тамирчдын ДАШТ-д шавиа аваад хоёулхнаа очсон. Алтан медалийг нь аваад ирлээ. Дараа нь ОХУ-д болсон Залуучуудын АШТ-д мөн аварга боллоо. 2017 онд Турк улсад зохион байгуулсан дифлимпээс мөнгөн медаль хүртсэн.
Үүний дараа 2022 онд Бразилд болсон дифлимпийн XXV наадмын чөлөөт бөхийн 65 кг-ийн жинд өрсөлдөж, алтан медаль авсан. Өрсөлдөөн ширүүн болсон. Иран, Казахстан, Турк, ОХУ, Болгар, Унгар зэрэг бөхийн спорт өндөр түвшинд хөгжсөн бүх л орны тамирчинтай өрсөлдөж, илүүрхсэн. Коронавирус дэгдсэний дараах жил нь байсан тул улс орон эдийн засгийн хямралтай үе таарсан. Гэсэн ч Монголын диф спортын холбоо, БТСУХ-ноос тодорхой дэмжлэг үзүүлсэн. Мөн Өвөрхангай аймгийн болон Арвайхээр сумын Засаг дарга Биеийн тамир, спортын газрын дарга, хамт олон, ах дүү, найз нөхөд гээд олон хүн дэмжсэн.
-Дифлимпийн наадмыг хэрхэн зохион байгуулдаг юм бол?
-Спортын төрлөөсөө хамаарч зохион байгуулалт нь өөр өөр. Гүйлтийн тэмцээнд гэхэд тугаар дохих, гэрэл асаах гэх мэт. Чөлөөт бөхийн тухайд шүгэл үлээж, дохидог. Манай улсын тамирчид энгийн хүмүүстэй барилдаад сурчихсан болохоор дүрмээ маш сайн мэддэг. Шүүгч нар барилдааныг зогсоох бол биед нь хүрдэг. Олон улсын бөхийн холбооны дүрмийн дагуу л тэмцээн болно.
-Н.Эрхэмбаярын барилдааны онцлог болон сонсголгүй тамирчдыг дасгалжуулахад давуу, сул тал гэвэл?
-Хөл авч барилддаг. Хэвтээгээс сайн барилдана. Их зоригтой, хурдтай, тэвчээртэй, авьяастай. Хамгийн гол нь маш хөдөлмөрч. Эрхэмээ маань бэлтгэлээ нэг ч удаа тасалж үзээгүй. Намайг байхгүйд ч өөрөө ирээд бэлтгэлээ яс хийчхээд л явдаг, хүүхэд. Ер нь сонсголын бэрхшээлтэй хүмүүс аливаад их үнэнч, тууштай.
Бэлтгэлдээ сурснаа л дэвжээн дээр гаргахыг захидаг. Эрхэмээгийн гол өрсөлдөгч нь Иран, Энэтхэг, Казахстан, Туркийн бөх. Өмнөх барилдааных нь бичлэг үзэх, дэргэдээс нь харах зэргээр судалдаг. Мөн судлаагүй, шинэ залуу тамирчид ч гарч ирэхийг үгүйсгэхгүй.
-Токиогийн дифлимпэд оролцох тамирчдын бэлтгэл хэр байна?
-Дифлимпийн чөлөөт бөхийн барилдаан өмнө нь 11 жинд хүч үздэг байсан. Энэ жилээс зургаан жинд барилдуулахаар боллоо. Тэгэхээр өрсөлдөөн улам ширүүснэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, оролцох тамирчдын тоо хэвээрээ хэрнээ өрсөлдөх жин нь цөөрсөн. Иймд дотооддоо өрсөлдөөн ширүүсэж, сорил тэмцээн зохион байгуулсан. Сорилд 74 кг жинд Д.Чинзориг ялсан. 65 кг жиндээ Эрхэмбаяр хүч үзнэ. Бэлтгэлээ улам чамбайруулж байна. Одоогоор бид хүчний бэлтгэлээ түлхүү хийж байгаа. Туухай өргөх нь бяр нэмэхээс гадна ажиллах чадвар, тэсвэр тэвчээр суулгадаг. Төлөвлөгөөний дагуу удахгүй үндсэн барилдаан, дэвжээний бэлтгэлдээ орно.
-Энэ удаагийн наадамд 15 тамирчин болон дасгалжуулагч, олон улсын дохионы хэлмэрч, сэтгэл зүйч зэрэг 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явах юм билээ. Гэвч санхүүгийн хувьд бэрхшээлтэй байгаа гэж дууллаа.
-БТСУХ дэмжлэг үзүүлнэ. Үзүүлэх ч ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын зөвлөлийн тэргүүн нь манай хорооны дарга. Тиймээс тодорхой хэмжээнд дэмждэг. Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог адил, тэгш хангах талаар нэлээд ажил хийж байгаа. Гэвч энэ нь хаана ч хүрэлцдэггүй. Үүнтэй холбоотой санхүүгийн асуудал үүсэж байна.
Дифлимпийн наадамд өрсөлдөөн бага, бараг очсон хүн бүр медаль авдаг гэж хүмүүс ойлгодог юм шиг байна лээ. Тийм биш, өндөр өрсөлдөөн дунд Монголын тамирчид маань амжилт гаргадаг. Энэ бүхнийг нүдээрээ үзэж байж ойлгоно. Иймд энэ удаагийн наадамд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамыг зорьж очиж үзээсэй гэж хүсэж байна. Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ч тодорхой албан тушаалтнууд очиж үзэж, нүдээрээ харж, мэдрэх хэрэгтэй. Тэр тусмаа сурвалжлагч нарыг авч явж, олон түмэнд тэмцээн уралдааныг шууд дамжуулаасай гэж хүсэж байна. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн олимп буюу дифлимпэд би гурав дахь удаагаа оролцох гэж байна. Өмнөх хоёрт нь төрийн байгууллагын өндөр албан тушаалтнаас төлөөлөл явж байгаагүй.


