Төгсгөл. Түрүүч нь ¹141 (8205)
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан Б.Мөнх-Эрдэнийн кино шүүмжийг уншигчдадаа хүргэж байна. Тэрбээр урлаг, утга зохиолын салбарт ус, агаар шиг дутагдаж буй шүүмж судлалаар мэргэшсэн залуу судлаачдын нэг бөгөөд энэ чиглэлээр зохион байгуулсан томоохон уралдаануудад идэвхтэй оролцдог нэгэн юм. Б.Мөнх-Эрдэнэ хамгийн сүүлд МУИС-иас өнгөрсөн онд зохион байгуулсан “Утга зохиол, урлагийн шүүмж бичвэрийн улсын уралдаан”-д “Г.Аюурзанын фатализм” бүтээлээрээ дэд байр эзэлсэн.
“ТЭНГЭР МИНЬ НАМАЙГ ХАРЖ БАЙНА УУ”
Жангарын орон бол “өвөлгүй хавраар, зунгүй намраар, халах халуунгүй, даарах хүйтэнгүй, сэр сэр хийсэн салхитай, бур бур хийсэн хуртай бумбын сайхан орон” байдаг билээ. Ийн салхины зөөлөн үлээх “сэр сэр” гэх дүрслэлээр тухайн орны амар амгаланг дүрсэлсэн байдаг билээ. Тэгвэл най-руулагч П.Лхагвадулам “Сэр сэр салхи”-аар өсвөр насны хүүгийн дотоод ертөнцийн зөрчил, мэдрэмжийг л илэрхийлэн гаргахыг зорьжээ. Киноны дүрс эхлэхээс өмнө сэвшээ салхины чимээ сонс-тож, гарчиг гарахаас өмнө дуниартсан уулын энгэрийг бүрхэх гэр хороолол үзэгдэнэ. Энэ дунд нэгэн гэрт онгодоо буулгасан бөө урд нь өвдөглөн суух өвгөнд аргил бүдүүн хоолойгоор “амгалан бай” хэмээн захина.
Тус “кино нь яг л нэр шигээ “Салхины гудам”-д амьдрах өсвөр насны хүүгийн дотоод сэтгэлийн зөрчилдөөн, хайр дурлалыг өгүүлэнгээ өвөг дээдэс, гэр бүлийн халуун дулаан харилцаа, амин холбоог нягт нямбай, гүн хүндэтгэлтэйгээр холбон уяж, нэгэн бүхэл санааг илэрхийлэн гаргасан” (Сүзүки Томояа, 2024) байна.
Салхи бол бидний нүдэнд харагдах хэлбэр дүрсгүй, үзэгдэх өнгө төрхгүй ч агаарт хийн орчинд гарцаагүй орших байгалийн үзэгдэл билээ. Бидний амь амьдралын эх үүсвэр хий агаар, орон зай. Найруулагчийн хэлэх гэсэн нэг гол санаа нь бидний дунд харагдахгүй ч гэсэн онгод тэнгэр, сахиус яг л салхи шиг оршин буй гэдгийг үзүүлэх гэсэн болов уу. Басхүү “сэр, сэр” гэж шууд утгаар нь монголчууд биднийг сэрж, сэхээрээсэй гэсэн утгыг агуулсан байх
“Киноны туршид үйл явдал гэхээс илүүтэй энэ бүтээлийн тэр нэг сэтгэл хөвсөлзүүлэх салхиар туугдан, мартах шахсан жаахныхаа хүсэл, мөрөөдлөөр хэсүүчлэв. Урдах амьдралдаа дарагдаад бид чинь юун хуучин сайхнаа дурсах, хөлөө олохгүй л толгой гудайлган амьдарч яваа юм биш үү дээ. Кино эхлэхээсээ дуусах хүртлээ өөрийн минь машид санасан өөртэй минь уулзуулсанд тэр сүнслэг, эрчимлэг байдал нь өнөөдөр ч үүнийг бичин ахуйд мэдрэгдсээр л байна” (Цотан, 2023).
Сэр сэр салхи ямар кино вэ гэж үү? Шидтэй кино. Өөрөө ч мэдэхгүй ховсдуулдаг кино. Өгүүлэмж, мэдрэмж, хэмнэл, дүрүүдийн сэтгэлийн гүнд гэрэлтэх нар, гол таслах мэт шаналал нь ч орилоон чарлаан, дэвссэн хөгжим дээр ихэр татаж уйлахгүй ч та дотроо өмнөөс нь өвдөнө, өмнөөс нь баярлана, бүрэн дүүрэн ховсдуулна. Дүрүүдтэй хамт амьдана.
Тус кинонд хүний бие махбодын ертөнц, сүнсний ертөнц, мөрөөдлийн ертөнц, зүүдний ертөнц, далд ухамсрын ертөнцийн тухай өгүүлэхдээ Монголын нийгэмд буй асуудлуудыг жижиг диалоги, деталиуд, үйл явдал зэргээр аль болох шингээж харуулахыг зорьсон байна. Үүний сацуу “visual storytelling”буюу чанартай зураглалаар үзэгчдэд санаагаа илэрхийлэх, орчноо таниулах, дүрүүдээ мэдрүүлэх зэргээр зураг авалтын гайхалтай гүйцэтгэлийг хийжээ. Түүнчлэн Лхагвадулам найруулагч “subtlety” буюу аливаа хэлэх гэсэн зүйлээ шууд бус замаар үзүүлэх аргыг гарамгай хэрэглэж буйг харж бишрэх нь уг бүтээлийг таашаах нэгэн том шалтгаан байлаа. Үүний хамгийн энгийн тод жишээ нь Зэгийн эгч, мөн түүний “хэлмэрч” Оюугийн дүртэй холбоотой эхний үзэгдлүүд. Киноны чухал мөчүүдэд нэгээс олон үйл явдал өрнөж байгааг харж болно. Жишээ нь, Зэ Маралаатай анх тулгарахад Оюу юу хийж буйг, уулзчихаад машинд явж байхад Зэ рүү яаж, яагаад харж байгааг, бас Зэгийн бодол санаа хаана явааг сайн харж, бас сонсож ажиглаарай. Энэ үед машинд сон-согдох дуучин Б.Бадар-Ууган, Я.Оюундэлгэрийн “Хайрын дурсамж” дууны хэсэг үнэхээр нүдээ олсон (чихээ олсон) сонголт болжээ.
Найруулагч Зэ Маралаа хоёрын зан төрх, харилцан яриагаар дамжуулан өв уламжлал, орчин үе, сүсэг бишрэл, рационал ухаан хоёр заавал эсрэгцсэн зүйлс биш гэдгийг харуулсан нь онцолмоор чухал санагдсан. Эдгээр нь хамт оршиж болдог, өнөөгийн Монголд угаасаа л хамт оршиж байгаа зүйлс гэдгийг харуулж чаджээ.
“Гайхамшиг гэдэг бол гэгээн тунгалаг, чин үнэн, ариун сэтгэл”
(Д.Батбаяр) Кинонд их хотын буюу суурин иргэншлийн цаг хугацаа-орон зай, хэмнэл тэргүүтэн нь хүнд сэтгэл зүйн ихээхэн дарамт үзүүлж буйг нэг их хүчлэлгүй харуулж чаджээ. Нэг талаас өнөөдрийн Монголын маш хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмд залуус соёлоо хэрхэн тээж, амьдарч буйг харуулж. Нөгөө талаас орчин үеийн олон талт байдал, зөрчлийг гаргахаасаа илүү янз бүрийн амьд-ралын түүхээр дамжуулан Монголын нийгмийн нийтлэг дүр төрхийг өгүүлжээ. Мөн түүнч¬лэн чин зүрх сэтгэлийн харилцаа, чин үнэн сэтгэл монголчуудад ихээхэн дутагдаж буйг киногоороо дамжуулж хэлжээ.
“Амьдрал хүчир, хатуу байх тусам хүүхдэд хүүхдээрээ байх орон зай, залуу хүнд залуу насны жаргал цэнгэлийг таашаах цаг хугацаа дэндүү богино болдог. Монгол хүний залуу хүн шиг амьдрах, дэггүйтэх, хэний ч өмнө хариуцлага хүлээлгүй дураараа дургих хугацаа бусад үндэстнийхээс даруй хэд дахин богинохон байдаг шиг надад санагддаг юм. Тиймдээ ч Зэ, Марал хоёрын амьдрал, ирээдүйгээ зөгнөж мэдрэх гэсэн оролдлого сэтгэл хөвсөлзүүлэв. Цэвэрхэн, гоё газар үзэхийн тулд л юу ч авахгүй хэр нь дэлгүүрээр хоосон сэлгүүцэх өсвөр насны хүүхдүүд. Энэ хот үйлчлэх, эсвэл үйлчлүүлэх, худалдах, худалдаалах, мөнгө олох эсвээс үрэх гэсэн хоёр туйлт сонголтоос өөр юу ч үгүй газар бөгөөд энд амьдрахад ямагт цэвдэг хүйтэн хэр нь давчуу бүгчим оргиж байдгийг тэдний эл зугаа харуулав. Бид харав, тэгээд тэсгэлгүй ихээр харамсав. Зэгийн дүрийг би Ж.Д.Сэлинжерийн “Хөх тариан талбайд” зохиолын гол дүр Холдентой зүйрлэм санагдлаа. Хэн ч гуйгаагүй атал бүхний өмнө хариуцлага хүлээсэн бяцхан хүүхэд. Ил хэлэхгүй ч дотроо хүн бүхнийг энэрэх, сайн хүнд тусалж явах, бусдыг хайрлах хүсэл тэсгэлгүй ихээр төрөхийн зэрэгцээ үүрэг хариуцлагыг ухамсарлаж чадсан ч сэтгэл нь гэнэн цайлган хэвээр яваа хүүхэд. Хайрладаг хүнээ алдах, өндрөөс унаж өвдөхийн шаналлыг хэтэрхий эрт мэдэрсэн хүү өөр хэнийг ч, ямар ч жаалыг өндрөөс унагахыг хүссэнгүй. Гэнэн жаалуудыг тосоод авах эрхэм үүрэг хүлээсэн харуул болохыг мөрөөднө. Хөрш өвөөгийнхөө архичин хүүдээ хэлж чадалгүй өөд болсон тэр л нандин үгсийг далдыг мэдрэх чадвараараа олж сонссон Зэ, хүүд нь туслах гэж (насаар бол өөрөөс нь том хүн шүү дээ) эцгийнх нь хэлэхийг хүссэн ерөөлийн үгсийг зүүд нойрон дунд нь шивнэх мөчид би Холдены хүсэл, Зэгийн хүсэл нэгэн адил юм гэдгийг мэдэрч, тэр хэрээрээ сэтгэл хөндүүрлэв”
(Сумъяа, 2024).
Киноны туршид яг гурван удаа хангай дэлхийд цай сүүнийхээ дээжийг өргөж байгаа хэсэг гардаг бөгөөд энэ нь найруулагч П.Лхагвадулам эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө өргөж буй ерөөл юм. “Жангарын амгалан орон” болоосой хэмээх ерөөл гэлтэй.
ҮЙЛИЙН ҮРИЙН ТОЙРОГ ДАХЬ БАС БУС ЗҮЙЛС
“хорвоогийн тачаал шуналд олзлогдон, шаналал зовлонд автаж, төөрөлдөн тарчилна. Нүгэлт үйлийн үрээ даахгүй зовж, төөрөгдлийн нэг уулнаас нөгөө ууланд хэсүүчилнэ”
(Бурхан багшийн сургаал, 16“КАРМА (Үйл).
Хэдийгээр анх энэ үг “үйл” гэсэн жирийн утгатай байсан боловч учир шалтгааны онолтой холбоотойгоор урьд өмнө үйлдсэн янз бүлийн үйлийн үр дүнд хуран хуримтлагдсан нэг ёсны нөөц хүч хэмээн тооцогдох болсон байна. Тодруулбал, хүний үйл бүр сайн, муугаасаа шалтгаалан ирээдүйд сайн, эсвэл муу үр дүнд хүргэнэ. Улмаар хүний ирээдүйд нөлөөлөх энэхүү хүчийг карма (үйлийн үр) хэмээн нэрлэдэг болжээ. Хэрэв сайн үйл бүтээвэл буян хурж, түүний нөөц хүч, тэр үйлийг үйлдсэн хүний ирээдүйд сайнаар нөлөөлдөг гэж үзнэ. Хүний үйлс бие, хэл, сэтгэлийн гэж гурав хуваагддаг аж.
Үйлийн үр хэмээх энэ зүйл утга зохиол, урлагийн маш сонирхолтой сэдэв болдог. Кино урлагт ч энэ сэдэв чухал байртай. Солонгосын алдарт найруулагч Ким КиДук эл сэдвээр гайхалтай бүтээл туурвисан байдгийг та санаж буй биз ээ. “Хавар, зун, намар, өвөл, дахиад хавар...”. Киноны нэр ч гэсэн ихээхэн утга учиртай. Үйлийн үрийн тухай, бүх зүйл буцаад байрандааирдэг тухайөгүүл-нэ.Эргэх дөрвөн улирлын дарааллыг бид сольж чаддаггүйтэй адил өөрсдийн амьдралд тохиох хүсэл, шунал, харамсал, шаналлыг ч бас дураараа зохицуулж, хольж сольж болдоггүй. Хавар шиг нахиалж, зун шиг дэлгэрч, намар шиг хагдарч, өвөл шиг даардаг нь эгээ л хүний амьдралын эргэлт гэлтэй. Зэн буддизмын сүмд бяцхан хүү, өвгөн багшийн хамт амьдарна. Жаалхүү амьтан тарчилгаж дүрсгүйтсэнийхээ хариуд нуруундаа том чулуу бэхлүүлчхээд, түүнийгээ үүрэн явж, өнөөх зовоосон амьтдаа олж чөлөөлөх шийтгэл амсана. Өвгөн багш “Хэрвээ чиний тарчлаасан амьтад үхсэн байвал чи наад чулуугаа нуруундаа биш, сэтгэлдээ бүх насаараа тээж явах үйлийг эдэлнэ гэдгээ санаарай” гэж анхааруулдаг. Энэ үг л киноны ерөнхий санаа болдог. Хүү нас биед хүрч сүмд нэгэн бүсгүй ирнэ. Хүү түүнд дурлана. Харин дараа нь тэд сүмээс зугтана. Удалгүй залуу хардалтаас болж эхнэрээ хөнөөнө. Аллагын дараа сүмд ирээд удалгүй цагдаад баригдан буцаад явах залуу. Харин багш нь амиа егүүтгэнэ. Ялаа эдэлж дуусаад эзэнгүй сүмдээ ирэх хижээл эр. Сэтгэлдээ тээсэн гэмээ хөнгөрүүлэх гэж хүнд чулуу биеэсээ уяад өвлийн цаснаар уул өөд мацах эр. “Хавар, зун, намар, өвөл, дахиад хавар”.
Харин одоо хэдүүлээ монгол найруулагчид энэ сэдвээр хэрхэн кино бүтээсэн талаар ярилцъя. 2024 онд “Dream entertainment”-ын уран бүтээлчид Тайландын уран бүтээлчидтэй хамтран “Үхлийн тойрог” аймшгийн кино, найруулагч П.Дэлгэрбаяр сэтгэхүйн аймшиг болоод нууцлаг (mystery) төрлийн киног бүтээжээ. Хоёул ижил сэдэв. Содон шийдэл, төгсгөлтэй. Гэхдээ “Тойрог” нь илүү ур лаглаг санагдав.
“Амьтны амиар зугаа гаргаж явна гэдэг үнэндээ үйлийн үрийг дэндүү бассан хэрэг”
“Үхлийн тойрог” кино нь идэр залуудаа гаргасан аавынхаа алдааг эрүүл мэнд, амь насаараа төлж яваа ах, дүүсийн талаар өгүүлнэ. Зохиол найруулга, хийцийн хувьд ерөнхийдөө Тайландын аймшгийн киноны хийцийг санагдуулна. Монгол кинонд тэр болгон сайн хийгдээд байдаггүй “visual effect” дээр тус киноны уран бүтээлчид сайн ажилласныг онцлох нь зүй. Гэвч тус киног өөлөх зүйл олон байна. Тухайлбал, Тайландад болж буй үйл явдал, дүрүүд хоорондын яриа, текстүүд бүгдээрээ монгол дуу оруулгатай байсан нь нэг л чихэнд наалдахгүй, хөндий санагдсаныг нуугаад яах вэ. Зүгээр л монгол хадмалаар энэ асуудлаа шийдчихсэн бол гадаад жүжигчдийн жүжиглэлт, ярианы темп, хоолойны өнгө гээд мэдрэгдэх мэдрэмж нь хүртэл өөр байх байсан биз. Мөн кинонд гарч буй зарим нэг үхлүүд хэзээ ч биелэхээргүй азгүй, магадгүй логикийн алдаатай гэж хэлж болмоор хэсгүүд мэр сэр байсан.
“Баахан тунирхаж, нэгэндээ гомдсон ах дүүсийн уйлаан, удахгүй үхэх нь ойлгомжтой дүрийн хэнд ч хэрэггүй өнгөрсөн амьдрал зэрэг дүрүүдийн хоорондох зөрчил , харилцаа, зорилгоо нөгөө л нэг сайхан ярьж, уйлж үзүүлдэг башир аргаараа харуулаад байсан нь жаахан урам хугалав. Тайландад өрнөх тэрхүү үйл явцыг зохиолоос нь ураад хаячихвал илүү дээр байх байв. Энэхүү хэсгээс авхуулаад киноны өнөөх impact тай үхэл нь газрын гаваар орсон мэт алга болно”
(Movie Toast, 2024).
Хамгийн гол нь үйлийн үр хэмээх сэдвийг яг л халдварт өвчин шиг хүн хүнд дамжиж зовлон авчирч буйгаар харуулсан нь тиймхэн санагдав. Яг л “Final Destination” цуврал шиг дүрүүдээ “зугаатай” (хэрцгийгээр) байдлаар үхүүлдэг шиг. Гэвч энэ кино бол “Final Destination” монгол хувилбар биш шүү дээ. Үхэл нь ихэдсэн кино л гэе дээ. Цус ихдэхээрээ цусан бялбалаг болдгийн жишээ гэмээр. Юм хэтрэхээрээ хэцүү болдог доо.
“Тамын амьтад тамдаа жаргалтай”.
Харин найруулагч П.Дэлгэрбаяр үйлийн үр буюу “карма” гэдэг зүйлийг маш өвөрмөцөөр үзэгчдэд харуулж чадсан байна. Хүмүүсийн төөрөгдөл зах хязгааргүй. Хүмүүсийн нүгэл хилэнцэд хил хязгаар үгүй. Өөрсдийн үйлдсэн үйл, үйлийн үр нь тэднийг төөрөгдлийн эрхэнд оруулдаг. Үйлийн үрийг нь ирээдүйд өөр хэн ч бус, өөрөө л үүрэх ёс¬той болдог гэдгийг энэ кино харуулж чаджээ.
Киноны өрнөл нь эхнээсээ дуустал бүгд далд утга, нууцлаг үйл явдлаар дүүрэн сонирхолтой байна. Кино монгол ахуй, орчинтой, зураг авалтын өвөрмөц шийдлүүдтэй. Хөвсгөлийн тайгын сайхан зураглал, үзэсгэлэнт дүрүүдтэй. Бас сэтгэл сэртхийлгэм дүрслэлүүдтэй. Төгсгөлийн өрөмддөг хэсэг бол сэтгэл өрөмдөнө.
Хүнд маш олон муу шинж байдаг. Тэр муу шинжүүдийн оргил нь шунал хүсэл аж. Тэр шунал хүсэл гэгч нь хязгааргүй байдаг. Тэр хязгааргүй шунал хүслийг хүмүүн гайхамшиг болсон оюун ухаанаараа залж, хязгаарлаж, хэмж хэмжээг нь барих ёстой. Тэгж гэмээнэ адгуус амьтнаас ялгардаг аж. Харин хязгааргүй шунал хүсэлдээ автан оюун ухаанаа залж чадахгүй бол тамд унадаг аж. “Зэлмэ, Хангал хоёр хуучны бурхан дотроос учир битүүлэг газрын зураг олсноор эд баялаг тэднийг дуудаж байна хэмээн үзэж, холын аялалд гарна. Гэвч тэдэнд хачирхалтай зүйлс тохиолдож эхлэх болно. Зэлэм, Хангал хоёр хэмжээлшгүй их эд баялаг, хязгааргүй их аз жаргалыг амархан олно гэж эндүүрнэ. Хүн хүсэлдээ хэзээ ч амархан хүрдэггүй. Хяслыг давж, тийш үнэн гэгээнээр зүтгэж гэмээнэ хариуд нь ирдэг зүйл. Үүнийг мэдэхгүй яваа хоёр залуу. Мэдэх нь битгий хэл, өнгөрүүлсэн амьдрал¬даа юуг буруу хийснээ ч мартсан. Алт эрдэнэс тэдний нүдийг сохолж, зөвхөн долоон овоонд хүрчихвэл л амьдрал сайхан болно гэсэн хэт гэнэн зорилго, зориг тэднийх байв. Гэвч үйлийн үр, хүн юу тарина түүнийгээ хураана гэдгийг, ертөнц өөрөө там, диваажин, түүн доторх аз жаргал, баяр гуниг, гомдол цөхрөл, атаа хорсол, шунал тачаал, буян, нүглийн тойрог гэдгийг тэд мартаж. Үгүй бүр анхнаасаа тийм зүйлийг ухаараагүй ч байх.
Хүн муу үйл хийсэн л бол хэзээ нэгэн цагт тамын хаалгыг татах, түүн рүү өөрсдөө алхан ирэх нь хууль. Тэд энэ удаад тэр хаалгыг татахдаа бурхнаар уриулан ирсэн. Ерөөсөө л энэ. Чойжил анчин тэднийг “агнах” гэхдээ бурхнаар урхи тавьсан. Эд баялагт шунамхай өнөөх залуус уухайн тас л урхинд оролгүй яах вэ. Тэр тэдэнд өөрийн байгаа эзгүй буйд газрынхаа тухай тун тодорхой “Манай энд бурхан эзгүй газар” гэж, аврал гэж энд үгүй гэдгийг хэлсэн. Үнэхээр ч нэгэнт там болон хувирсан газар ямар бурхан байна гэж” (Бямбасүрэн, 2024).
“Үйлийн үрийн сэдвийг нэлээд өргөн тойрогт гүнзгий хунгар үүсгэн оруулж, түүн дотуур чөлөөтэй эргэлдэх сэтгэхүйн цар хүрээгээрээ тус кино онцлогтой. Хүний оюун ухааны цар хүрээнээс давсан ер бусын хүчин бодитоор оршдог агаад үүн дотор нэгэнт гишгэсэн л бол ямар нэгэн өнцөггүй тойрог дотроос гарах боломжгүй. Гол нь нэгэнт зохиолын өгүүлэмжтэй холбогдох судалгааг сайтар хөгжүүлсэн нь тодорхой дам бэлгэдлүүдээр илрэн гарахыг төгсгөлийн болон, ойд аж төрөн суух хоёр охины хоорондын үйл хөдлөлийн эсрэгцлүүдээс харж болно”
(Алтанхуяг, 2024).