Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, орон нутгаас анх удаа Өмнөговь аймагт говийн бүсийг дулаан, эрчим хүчээр хангах 50 МВт ДЦС барих төслийг санхүүжүүлэх 500 тэрбум төгрөгийн бонд гаргах зөвшөөрөл олгосон байна. Гэхдээ УИХ-аар эцсийн шийдвэрийг гаргана.
2022 онд Өрийн удирдлагын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу орон нутгуудад бонд гаргах боломж бүрджээ. Гэхдээ үүний тулд тухайн аймгийн орлого хангалттай, мөн төсөл нь өөрийгөө санхүүжүүлэх хэмжээний өгөөжтэй байх шаардлага тавьдаг юм байна. Өмнөговь аймаг улсын төсөвт хамгийн өндөр орлого төвлөрүүлдэг. 2024 онд тус аймгаас улсад 1.7 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Энэ байдлаар дараагийн таван жилд улсад найман их наяд хүртэлх төгрөг бүрдүүлэх боломжтой гэнэ. Мөн дээрх ДЦС нь гурван жилийн дараа ашиглалтад ороод өөрийгөө санхүүжүүлэх боломжтой, үр өгөөжтэй гэж үзжээ. Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар “Бид жилийн турш судалгаа хийж, бэлтгэл ажлыг хангасан. Өмнөговь аймаг 500 тэрбум төгрөгийн бондоор уг төслийг санхүүжүүлж, төлөх бүрэн боломжтой. Аймгууд бонд гаргах бол энэ тухай хүсэлтээ дараа жилийн төсөв өргөн барихаас өмнө Засгийн газарт гаргах ёстой байдаг” гэлээ.
Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумд эрчим хүчний хэрэглээ өсөж байгаа аж. 2023 онд 59.2 сая кВт.ц байсан хэрэглээ 2033 онд 105.8 сая кВт.ц-д хүрнэ гэж тооцоолжээ. Мөн төвлөрсөн системийн оргил ачаалал 2023 онд 1,636 МВт хүрч, 2022 оноос 11.3 хувиар өссөн нь суурь хэрэглээний аюулгүй байдлыг хангах, дэмжих эх үүсвэр хэрэгцээтэй байгааг харуулж байна. Одоо ашиглаж буй 9МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц нь хуучирчээ.
С.Уул