Монголчууд утаа, түгжрэлгүй, өр зээлгүй, цахилгаан, дулаан хүрэлцээтэй, өндөр цалинтай, баян тансаг амьдардаг мэт л зугаалж цэнгэж, найр наадам хэсэн, түүхт ой бүрийг алгасалгүй тэмдэглэсээр байна. Ёстой л хутга тавихгүй мах идэн, хундага тавилгүй сархад хүртэж, Азийн “цээж” баячууд шиг л аархаж, аашлах болжээ. Тэр дундаа ойн баяруудад зориулсан хандивууд утгаа алдаж, ялангуяа улс төрчид нутаг нугынхандаа сайрхаж, нөгөөгөөсөө илүүрхэх гэж их хэмжээний мөнгө төгрөг, машин тэрэг амлаж, бөх, морь байлдаг жишиг тогтоосон. Иргэд ч нэгнээсээ дор орчихгүй гэсэндээ ойн баяруудад хандив өргөж, байдгаа барах аж. Аймаг, сумуудын тэгш, түүхэн ойн хандивууд хавтгайрч, эл “өвчин” сүүлдээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дүүрэг байгуулагдсаны баяр луу халдварлаж, зохион байгуулагчид нь ч иргэдээс ил, далдуур гуйлга гуйдаг ажилтай болчихлоо.
Хамгийн сүүлд буюу энэ сарын 8, 9-нд баянзүрхчүүд дүүргийнхээ 60 жилийн ойгоор эрийн гурван наадам зохион байгуулж, Хөлийн голын хөндий, Дээндийн ам дамнуулан баяраа нижгэр, нүсэр тэмдэглэв. Улс дотор улс, хот дотор хот байгуулж “тоглох” болсны сонгодог жишээгээр Баянзүрхийн наадам ч нэрлэгдээд буй юм. Тус дүүргийнхэн түүхт 50 жилийн ойгоороо буюу 2015 онд 597 иргэн, аж ахуйн нэгжээс 278 сая төгрөгийн хандив авсан нь АТГ-ынхны шалгалтаар ил болж байлаа. Баганхангайчууд ч мөн тухайн үед иргэдээс 84 сая төгрөгийн хандив цуглуулсан нь тус газраас дүүргүүдэд хийсэн хяналт шалгалтын үеэр ил болсон билээ. Эдгээр нь холбогдох хууль, хандив, тусламж зохион байгуулах дүрэм журмыг зөрчсөн гэж үзсэн. Баянзүрхчүүд 50 жилийн ойгоороо иргэдээс ийн хандив нэрээр мөнгө татсан “хэрэг”-ээр банга хүртэж байсан “туршлагатай” тул өнөө жил их л хашир үзсэн сурагтай. Хандивын талаарх мэдээлэл нь “нууцын зэрэглэлтэй” байсан гэх.
САЙН ДУРЫНХ ГЭХЭЭСЭЭ АЛБАДАН МӨНГӨ ТАТАХ ЯВДАЛ ХАВТГАЙРЧЭЭ
Хандив, буцалтгүй тусламж нь иргэд, олон нийтийн халуун сэтгэлээр цуглардаг, 100 хувь сайн дурын үндсэнд зохион байгуулагддаг ажил гэдгийг бид нийтээр мэддэг. Гэвч сүүлийн жилүүдэд аймаг, сумуудын ойн баярын хандивууд илүү албадлагын шинж чанартай болж, аль нэг газар оронд төрснөөрөө, эмнэлгийн үйлчилгээ авснаараа, сургуульд сурснаараа иргэд хэн нэгэнд өртэй мэт амьдрах болсон нь харамсалтай. Ялангуяа амьгүй барилга, байгууламжийн ой тэмдэглэж хөөрцөглөх, ингэх нэрийдлээр иргэдээс хандив, тусламж татах нь нэг бодлын тэнэглэл юм. Хамгийн гол нь иргэдээс гуйж авсан хандив, тусламж, мөнгөнийхөө зарцуулалтыг ил тод мэдээлдэггүй, юунд зарцуулснаа бүх шатанд тайлагнахгүй байгаа нь маш том асуудал.
Улсын хэмжээнд энэ онд 100 жилийн түүхт ой нь тохиосон ганц аймаг байсан нь Увс. Түүнчлэн Баянхонгорын 80, Говь-Алтай, Дорнод, Дорноговь аймгийн 90 жилийн ой нь тохиосон. Мөн 27 сум долоо, наймдугаар сард түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх товтой байв. Зарим нь баяраа тэмдэглэсэн, үлдсэн нь ойгоо хү¬ лээж буй. Тодруулбал, Увс аймгийн Түргэн, Сагил, Давст, Завхан, Тариалан, Малчин, Ховдын Чандмань, Хөвсгөлийн Төмөрбулаг, Сүхбаатарын Асгат, Дарьганга, Онгон, Баяндэлгэр, Халзан, Түвшинширээ, Архангайн Эрдэнэмандал, Хангай, Хэнтийн Цэнхэрмандал, Дорноговийн Улаанбадрах, Дорнодын Баяндун, Дашбалбар, Дундговийн Баянжаргалан, Баян-Өлгийн Алтанцөгц, Цагааннуур, Цэнгэл, Баянхонгорын Богд сум үүсгэн байгуулагдаад хэдийн 100 жил болжээ. Эдгээр сумынхан орон нутгийн хөгжил цэцэглэлтдээ зориулж бэлэн болон бэлэн бусаар ил, далд хэлбэрээр олон нийтээс их хэмжээний хандив авсныг иргэд хэлж буй. Гэсэн хэрнээ зарцуулалт, тайлангаа нийтэд мэдээлээгүй. Албан ёсны цахим хуудсандаа ч байршуулдаггүй аж. Олны танил, их хэмжээний мөнгө, бараа материал хандивлавал, бөх, морь байлбал л “талархлаа” хэмээгээд аймаг, сумын фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн болоод орхидог юм байна.
Харин энэ жил Увс аймаг 100 жилийн ойгоо тэмдэглэснийхээ дараа иргэд, олон нийтээс цугларсан хандивын дүнг мэдээлнэ лээ. Зарцуулалт нь ирээдүй цагт буюу тодорхойгүй ч зургаан тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив цугларсныг зарласан. Тухайлбал, АПУ компаниас 600, “Хурд” групп 500, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 400, гишүүн С.Амарсайхан 100 сая төгрөг тус тус хандивласан аж. Мөн иргэн Д.Сурмаажав Улаангом хотын орох, гарах хаалгыг шинэч¬ лэн засварлахад хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан гэх мэдээлэл түгсэн нь нэлээд шуугиан тарьсан билээ. Бусад улс төрч, албан тушаалтан, нутгийн алдартнууд, уугуул иргэдийн хандивласан бэлэн мөнгө, эд зүйлсийн талаарх мэдээллийг орон нутгийн цахим хуудаснуудад мэдээлсэн байна.
Хэнтий аймгийнхан ч 2023 онд тэмдэглэсэн 100 жилийн ойгоороо иргэд, төрийн байгууллагынхнаас цугларсан хандивын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж байв. Тухайлбал, төрийн байгууллагын албан хааг¬ чид нэг өдрийн цалингаа, малчид мал, мөнгөн хандив, аж ахуйн нэгжүүд тохижилт, засварын ажил зэрэгт эд материалын хандив өргөжээ. Тухайн үед цугларсан хандивыг иргэдэд үлдэх бүтээн байгуулалтын ажлуудад зарцуулна гэж аймгийн Засаг дарга нь мэдэгдсэн ч зарцуулалтын талаарх мэдээлэл нь алга.
ИРГЭД ЭМНЭЛЭГ, СУРГУУЛЬД ӨРГҮЙ
Сум, орон нутгийн түүхт баяруудаас гадна дээр өгүүлсэнчлэн эмнэлэг, сургуулиудын тэгш ойнууд улсын хэмжээнд мөн шил даран болж байна. Энэ онд Булган аймгийн нэгдүгээр сургууль 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэв. Үе үеийн багш, ажилтнууд, төгсөгчид, одоо суралцагчдаасаа ил цагаан хандив, тусламж ч хүсэж. Түүнчлэн Хэнтийн аймгийн Бэрх хотын ерөнхий боловсролын сургуулийн 70 жилийн ой ирэх намар тохиох гэнэ. Мөн л багш, ажилтнууд, төгсөгчдөөсөө хандив цуглуулж эхэлжээ. Анги хамт олноороо, ахмад үеийнхнээрээ, төгсөгчдөөрөө гээд фэйсбүүкийн групп чат, цахим хуудаснуудаар дүүрэн хандив нэртэй албадан мөнгө хураах ажил үргэлжилж байгаа аж. Сургуулийн ойн арга хэмжээний хандивууд энэ мэт цагаандаа гараад удаж байна даа.
Өөр нэг ичиж эмээхээ ч больсон, хандив нэртэй албадан мөнгө хураадаг явдал эрүүл мэндийн салбарт хүч түрэн орж ирэх болов. Улсын нэгдүгээр төв эмнэлэг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбогдуулан нэгэн олны танил, нөлөөлөгч гэх эрхэм “Улсын ууган эмнэлэгтээ хандив өргөцгөөе” гэх давлагааг фэйсбүүкээр өрнүүлж эхэлсэн аж. Утга нь “Нэгдүгээр эмнэлгийнхэн 100 жилийн ойгоо угтаж засвар, бүтээн байгуулалтын ажлууд хийж байна. Эмч, үйлчлүүлэгч, албан хаагчдадаа ая тухтай, аюулгүй орчинд байлгах гэж их л хичээж байгаа харагдав. Гэхдээ тун хангалтгүй санагдлаа. Тиймээс томоохон албан байгууллага, аж ахуйн нэгж, жижиг, дунд бизнес эрхлэгчид, иргэддээ хандаж уриалга гаргахаар шийдлээ. Эрүүл мэндийн энхийн манаанд цаг наргүй зүтгэдэг Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэндээ чадлаараа хандив өргөж, ойн баярт нь бэлэг барьцгаая” гэжээ.
Байгуулагдаад бүтэн 100 жил болчихсон, жил бүр улсаас үйл ажиллагааных нь төсөв мөнгийг, тоног төхөөрөмж, бүтээн байгуулалт, засвар, үйлчилгээнийх нь зардлыг хүртэл даасаар ирсэн байхад иргэд, аж ахуйн нэгжүүд яахаараа дээрх эмнэлэгт хандив, тусламж өгөх өртэй болчихдог билээ. Төв аймгийн эрүүл мэндийн салбарын 100 жилийн ой энэ сарын 22-нд бас болох юм гэнэ, иргэд нь айдастай хэлж байна. “Хэдэн төгрөг өг гэж нэхэх юм бол доо” хэмээн халгаж суух. Нэг л өглөө сэрэхэд энэ мэт хэн нэгэнд өртэй болгочихдог хандив, тусламжаас сайн дураараа биш л бол нийтээрээ татгалзах цаг болжээ.
ХАНДИВ, ТУСЛАМЖ ХҮЛЭЭН АВАХ ЖУРМЫГ МӨРДҮҮЛЬЕ
Төгссөн сургуульдаа, төрсөн нутагтаа, амаржсан эмнэлэгтээ халуун сэтгэлээр хандив өргөж, тусалж дэмжилгүй л яах вэ. Гэхдээ юманд учир, суманд гичир гэж бий. Олон улсад зохиогддог аливаа хандив босгох арга хэмжээнүүд нийтэд нээлттэй, ил тод, хуулийн хүрээнд явагддаг бөгөөд зарцуулалтын тайлангаа ч баримт нотолгоотой нь тавьдаг юм. Харин манайд энэ бүхэн эсрэгээрээ. Олон улсын жишгээр ч, дотоодын хууль, журмаа харсан ч аливаа хандив, тусламж зохион байгуулах комиссынхон, аймаг, сум, сургууль, эмнэлгийн удирдлагууд олны өгсөн ширхэг шүдэнз байсан ч тус бүрийг бүртгэж, нийтэд нээлттэй мэдээлж, зарцуулалтаа ч тайлагнадаг болох учиртай юм. Төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн хөндлөнгийн хяналтын зөвлөл ажиллуулсан ч болно шүү дээ. Энэ мэт хандивын арга хэмжээг мэргэжлийн түвшинд зохион байгуулж сурах хэрэгтэйг иргэд ч хэлж, шаардсаар ирсэн.
Ялангуяа эрх зүйн хүрээнд өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй Хандив, тусламжийг хүлээн авах ажлыг зохион байгуулах журмыг салбар бүрд, шат шатанд баримтлах нь зүйтэй. Уг журмаар иргэн, хуулийн этгээд буюу хандивлагч болон тусламж үзүүлэгч талын өгсөн хандив, тусламжийг хүлээн авах, бүртгэх, зарцуулах, хяналт тавих, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулдаг юм. Даанч бүх шатанд уг журмыг мэддэг нь цөөн, мэдсэн ч хэрэгжүүлдэггүйгээс дэмий л тоосонд дарагдан “хэвтдэг” байна.