Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Элдэв будилаантай хэрэг, илүү дутуу үг, үйлдлээсээ болж эцгийнхээ овгийг хоч нэрээр сольсон улс төрч цөөнгүй. Тэдний нэг бол “бидон” Д.Ганбат. 2012 онд уугуул нутаг Баянхонгор аймгаасаа парламентад анх удаа сонгогдон УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны даргаар дөрвөн жил ажилласан тэрбээр үүнээс найман жилийн дараах ээлжит сонгуулийн өмнөхөн тойргийнхоо иргэд, сонгогчдод бидон тарааснаар ийм хоч зүүсэн юм.
Д.Ганбат энэ үйлдлээ нийгмийн сайн сайхны, хөдөөгийн хүн ардын эрүүл мэндийн төлөөх буянтай үйл хэмээн сурталчилж, хорт хавдрын үндэс шалтгаан болсон хуванцар савыг хэрэглээнээс халахад чухал хувь нэмэр оруулсан буянтан гэж өөрийгөө өргөмжилдөг. Ингэж тэр сонгогчдыг ил цагаан хахуульдаж, сэнхрүүлснийхээ ачаар 2020 оны парламентын сонгуульд АН-аас Баянхонгор аймагт дахин нэр дэвшиж, ялалт байгуулсан. Улмаар амташсан хэрээ арван гурав эргэнэ гэгчийн үлгэрээр 2024 оны ес дэх удаагийн парламентын сонгуульд Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгийг нэгтгэсэн I тойрогт нэр дэвшиж, саналынхаа тоогоор есөн улс төрчөөс зургаад эрэмбэлэгдсэнээр гурав дахь удаагаа хууль тогтоогчоор ажиллах болсон юм. Сүүлийн сонгуулийн үеэр тэр өтгөс буурлуудын гарыг дээш нь харуулах нэрээр Сар шинийн өмнөхөн ахмадуудад бэлэн мөнгө тараасан. Үүнийгээ ил тод зарлаж “Ахмадуудад боов тараадгаа болиод, мөнгө өгөх хэрэгтэй. Би дугтуйтай мөнгө бэлэглэдэг Азийн орнуудын жишгээр шинэ соёл түгээж байгаа” гэж ярьсан. Үндсэндээ тэр сонгогчдын тархи угаах, тойрог услах хууль бус ажиллагааг хамгийн ил цагаанаар түгээн дэлгэрүүлж, санал, “сандал” худалдан авч гаршсан улс төрчдийн нэг юм.
Д.Ганбат цэргийн инженер, эрх зүйч мэргэжилтэй. Түүнийг улс төрд анх хөтлөн оруулж ирсэн хүн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гэлцдэг. Нэгэн үе түүнийг “Женко”-гийн хүн гэдэг байсан бол АН-ын дотоод хагарал, зөрчил туйлдаа хүрч, хоёр хуваагдсан саяхныг хүртэлх үед С.Эрдэнийн фракцынх гэж хамаатуулдаг байв. 2020-2022 онд УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажилласан тэрбээр 2023 онд С.Эрдэнийн тэргүүлж асан АН-ын даргын сунгаанд ялсан ч Улсын дээд шүүх түүнийг бүртгэхээс татгалзаж, эсрэг фракцаас нь сонгогдсон Л.Гантөмөрийг энэ албан тушаалд батламжилсан билээ.
Түүнийг намын журмын нөхөд нь, сонгогчдын зарим нь үнэн үгтэй, шулуун шударга нэгэн гэж үнэлдэг юм билээ. Тэрбээр мөн өөрийгөө ингэж тодотгох дуртай бөгөөд 2024 оны сонгуулиар “Авлига, албан тушаалын хэрэгт холбогдоогүй нэр цэвэр хүн” гэж пиар хийсэн. Мөн зарим хэвлэлд түүнийг “Журмын нөхдийнхөө итгэлийг хүлээж, намын даргаас улсын Ерөнхийлөгчид нэр дэвших эрх өвөртөлсөн улс төрч” хэмээн бичиж байв. Гэвч түүний парламентын гишүүнээр ажилласан 10 жил орчмын хугацаанд үлдээсэн “ул мөр”, үүх түүхийг аваад үзвэл ам нь л ажилласнаас биш, гар нь тэр хэмжээнд хөдлөөгүй юм билээ. Сандал суудлын төлөөх хэрүүл, манай, танай нам гэх талцал хуваагдал, нутаг ус, тойргийнхоо сонгогчид руу чиглэсэн “марзан” яриагаараа л нийгэмд илүү танигдсанаас хувь улс төрчийнхөө үүднээс үнэлэгдсэн нь үгүй. Ямар сайндаа л “Хоосон бидон дуу ихтэй” гэх түүнд зориулсан үг хүртэл гарах вэ дээ.
Сонгогч олны хүлээлгэсэн итгэлийг зүтгэлээр биш, мөнгө, эд зүйлс төдийхнөөр аргацааж хариулахыг боддог, сөрөг хүчний дуу хоолой болж ажиллахыг “шүлс” үсчүүлэн шүүмжлэх гэж эндүүрдэг ийм нэгэн хийцгүй улс төрч парламентад тогтож үлдэн, торойн суусаар. Өнгөрсөн жилүүдэд хонгор нутгийнхнаа л “найрах” гэж хоёргүй сэтгэлээр зүтгэсэн тэрбээр ирэх сонгууль хүртэл ар, өврийн хангайнхны арга эвийг олох гэж амьсгаа өндөр гүйх биз ээ.
Н.Мишээл