
Сэтгүүлч эмэгтэй Дороти Килгаллений үхэл 60 гаруй жил нууцаа хадгалсаар иржээ. Эрнест Хемингуэй түүнийг бүх цаг үеийн шилдэг сэтгүүлч гэж нэрлэсэн байдаг. Түүний найз нөхрөө гэж үзэж байсан хүмүүсийнх нь дотор мафийн бүлгийн толгойлогч, Төрийн тэргүүн ч байж. Тэдний нэг нь болох Килгаллен нь Жон Кеннедигийн үхлийг онцгой шамдан мөрдөж, дэлхий дахинд нэгэн шуугиан тарьсан мэдээлэл хүргэхийг хүссэн ч хувь тавилан, эсвэл үл мэдэх гэмт хэрэгтэн өөрөөр шийдчихсэн аж.
...Килгаллен Нью-Йоркод эргэж ирээд Жон Кеннедигийн амийг хороосонтой холбоотой нууцыг тайлахад хэрэг болох айхавтар мэдээлэл олсноо зарим дотно нөхдөдөө итгэж хэлсэн байна. Шүүхийн ажиллагааны бүр эцсээр буруутан болох нь нотлогдож цаазын ял авчхаад байхад нь тэрбээр “бүх үнэн илрээгүй” хэмээн бичжээ. Сэтгүүлч бүсгүй Шинэ Орлеан руу хэд хэд явж, хэргийн мөр дээр гарчих шиг болжээ. Луизиан руу нэгэнтээ явахын өмнөхөн “Жон Кеннедийг алсан тухай миний мэдсэнийг тэр хүмүүс мэдсэн сэн бол аминд минь хүрэх байсан. Бүх үнэнийг нээж, энэ зууны хамгийн дуулиан шуугианыг тарих болно” хэмээн хүмүүсийн сонорт хүргэв. Амь насанд нь заналхийлсэн талаар тэрбээр үсчин Марк Синклерт ярьж, өөрийн амьдрал хийгээд гэр бүлийнхээ амар тайвныг хамгаалахаар гар буу худалдаж авчээ. Гэхдээ түүнийг хэрэглэх зайлшгүй шалтгаан тохиолдлоо ч хэрэгжүүлж амжихгүй байжээ. Освальдын аминд халдсан хэрэгт сэжиглэгдсэн Жек Руби бодвол Килгаллен нас барсныг хэвлэлээс мэдээ биз. Руби сэтгүүлч бүсгүйгээс хойш нэг жил гаруйхан болоод 1967 оны нэгдүгээр сарын эхээр өөд болжээ. Тухайн үед давж заалдсаны дараа Далласын шүүхийн шийдвэрийг цуцалж, магадгүй түүнд илүү хатуу, тухайлбал, бүх насаар нь хорих ял оноох ч байсан юм бил үү. Гэвч хэргийг дахин хянахыг тэр хүлээлгүй элэгний өвчний улмаас анхан шатны шүүхийн өгсөн ялыг “гүйцэтгэж” орхисон аж.
Освальдыг 1963 оны арваннэгдүгээр сарын 24-нд цагдаагийн газраас тойргын шорон руу хүргэх замд нь шөнийн клубийн эзэн Жек Руби буудсан юм. Освальдыг устгасан нь зам мөрөө арилгах гэсэн тодорхойхүчний хийсэн ажил гэдэгт сэтгүүлч эмэгтэй эргэлзэхгүй байлаа. Руби сэтгүүлч эмэгтэйн авьяасыг бишрэн шүтэгч байв. Сэтгүүлч эмэгтэйн найз, зохиолч Ли Израэлийн хэлснээр Руби хэнээс ч илүүгээр Килгалленийг хүндэлдэг байж.
Нас барахынхаа өмнө Килгаллен очих дуртай “Reqency” гэдэг зоогийн газар луугаа явжээ. Бас нэг хүн хамт байсан аж. Гэрчүүдийн хэлснээр тэд хувийн чанартай яриа хөөрөө өрнүүлэх зориулалттай өрөөнүүдийн нэгэнд оржээ. Дороти Килгаллений үхлийн тухай “Хэтэрхий их юм мэдсэн сэтгүүлч” гэдэг ном бичсэн сэтгүүлч, эрэн сурвалжлагч Марк Шоу тэр хүн нь армид алба хаах мөрөөдөлтэй, Стэнфордын их сургуульд орохыг оролдоод чадаагүйн улмаас сэтгүүл зүйн салбарт ажиллаж эхэлж байсан Рон Патаки гэгч байсан гэж нотолдог. Дороти Килгаллен үхэхийнхээ өмнө ганцаар байгаагүй, тэгэхдээ тэр нь тэнэмэл нөхөр нь л лав биш байсан гэж Ли Израэль 1980-аад онд тодорхой нэр дурдалгүй бичсэн байдаг. Европоор аялж явахдаа Патакитай Килгаллен танилцаж, 12 насны зөрөөтэй ч тэдний хооронд “жиг ургасан” байна. Патаки болохоор тэдний хэлхээ холбоо “хуурай сэтгэл”-ийнх байсан гэж 2022 онд хорвоог орхитлоо нотлохыг хичээдэг байсан ч тэдний хайр сэтгэлийн захидлыг мэдэх хүмүүсээс хэн нэгэн нь үүнд итгэнэ гэж үү. Тэдний захидлыг уншсан хүмүүсийн нэг нь чухам нөгөөх Марк Шоу байв. Үнэн хэрэгтээ Дороти Килгаллений үхэл “үзүүлбэр” төдий байсан бөгөөд орных нь хажуугийн шүүгээн дээр нойрны эмтэй шил, аяга хоёр байсан аж. Сэтгүүлч эмэгтэйг алсан хүн зочид буудалд түүнтэй хамт ирсэн гэж Марк Шоу үздэг. Энэ тухай талийгаачийн нөхөр ярьсан удаатай.
Харин Нью-Йоркийн цагдаа нар хурууны хээг нь авчих ухаан гаргасангүй. Амьдралынхаа сүүлийн жилд сэтгүүлч бүсгүй Кеннедигийн амийг хороосон гэмт хэргийн тухайд цухас дурдаад орхисон байна. Гэхдээ зарим эх сурвалжийн үгэнд итгэвэл бүх чөлөөт цагаа Дороти Килгаллен чухам үүнд л зориулж байж. Тэрбээр шуугиан тарихаар бэлтгэж байсан нь илт ч тэр нь чухам юу байсан нь нууц үлдсэн. Шинэ Орлеанд Дороти Килгаллен тэндхийн мафийн толгойлогч Карлос Марчеллогийн мөрөөр орсон гэдэгт Шоу эргэлзэхгүй байв. Ерөнхийлөгчийн амь насанд халдсан хэрэгтэй холбоотойгоор Карлос Марчеллогийн нэр 1970-аад оны эцсээр л анх дуулдсан байна. Хуульч Роберт Блейки номдоо бичсэнээр бол Руби нь Марчеллогийн Даллас дахь итгэлт хүн нь байсан төдийгүй Ли Харви Освальд түүнтэй хувиараа их ойр танил байжээ. Марчеллод ямар шалтгаан байсан нь тодорхойгүй ч аллагад өртсөн Ерөнхийлөгчийн дүү, АНУ-ын ерөнхий прокурор Роберт Кеннеди мафитай ойрын тохиролцоотой байсан гэж хуйвалдааны онолыг баримтлагчид үздэг байв. Энэ талаарх үнэнийг олж мэдэж чадаагүй. Ерөнхийлөгч болох сонирхолтой байсан дүү Кеннеди нь 1968 оны зургаадугаар сард бусдын гарт амиа алдсан юм. Шоронд хамт байсан хүмүүсийнхнь мэдүүлэгт итгэвэл Жон Кеннедигийн үхэлд Марчелло холбоотой гэдгээ хүлээн зөвшөөрдөг байжээ.
Марчелло 1993 онд хэд хэдэн удаа цус харваснаар 88 настайдаа шоронд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна. Кеннедигийн үхэлтэй холбоотой бүх материалыг Дороти Килгаллен гэртээ хадгалдаг байсан гэж ярьцгаадаг. Тэдгээрийг олоогүй, гэхдээ элдэв яриагаар бол материалуудыг сэтгүүлч бүсгүй найз эмэгтэйдээ өгсөн, тэр нь маргааш нь зуурдаар өөд болсон гэдэг. Доротийг ам нээхгүй байхыг албадагч этгээд эдгээр баримтыг хулгайлж аваад шатаачихсан гэж Марк Шоу үздэг байлаа.
Дороти Килгаллен согтууруулах ундаа болон эмчийн бичсэн жороор авсан эмийн тунгийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэснээс амиа алдсан гэсэн дүгнэлтийг эмгэг судлаач 1965 онд хийсэн байдаг. Гэтэл өөр, хаана ч бичигдэж байгаагүй дүгнэлтийг Шоу олсон нь Дороти Килгаллен өөрийн дураар, эсэх нь бүү мэд, мэдрэлийн тогтолцоог тайвшруулдаг үйлчилгээтэй гэдэг туннал, нембутал гэх хоёр эм хэрэглэсэн байж. Орных нь дэргэдээс олдсон аяганд нэрийг нь үл мэдэх нунтгийн үлдэгдэл байсан нь ийм дүгнэлт хийхэд хүргэжээ. Тэр шөнө түүнийг гэрт нь хүргэж өгсөн хүн уух юманд нь ямар нэг хийсэн байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Хожим нь Нью-Йоркийн шүүх-эмнэлгийн ерөнхий шинжээч болсон Майкл Байден талийгаачийн цусан дахь эмийн хэмжээ тун асар их, түүнийг амиа алдахад хүрэлцэхүйц байсан гэж Ли Израэльд хэлсэн байдаг. Гэтэл цагдаагийн байгууллага Дороти Килгалленийг амиа хорлосныг үгүйсгэх, бас түүнийг алсан гэх сэжгийг нотлох юм ер олоогүй аж. Хэргийг хааж, олон тооны шаардлага ирсэн ч мөрдөн шалгах ажиллагааг дахин эхлүүлсэнгүй.