Баруун хязгаарын Баян-Өлгий аймгийнхан Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, газар нутгийн нэрийг казах болгож өөрчилсөн, хуурамч бичиг баримт үйлдэн, хээл хахууль авч, өгөлцөн ямар нэг өвчин хуучгүй хүнд халамжаас мөнгө олгох нөхцөл боломжийг бүрдүүлдэг, харьяатаас гараад Казахстаны иргэн болчихсон хүмүүст бас татвар төлөгчдийн мөнгийг өгч байсан гээд бичвэл тэнд өрнөдөг хууль бус үйлдлүүд өчнөөн. Тус аймагт монгол хэлээр үйл ажиллагаа явуулдаг II сургуулийн газрыг Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан эр охиныхоо төрсөн өдрийн бэлэг болгон өгчихсөн хэргийг шүүх нь “замхаруулчихсан”. Халамжийн хөрөнгө завшсан хэргээс мултарсан, уг газрыг бэлгэнд авсан охин нь 350 саяар зарж хөрөнгөжсөн бол, худалдан авагч нь худалдааны төв барихаар газрыг нь хашиж, төмөр хашаа хатгасан нь Баян-Өлгийд амьдардаг урианхай, тува зэрэг монгол ястнуудын дургүйцлийг төрүүлсэн билээ.
Баян-Өлгий аймагт энэ мэт хууль бус үйлдлүүд олон гардаг ч удирдлагынх нь холбогдсон, газар орны нэр өөрчилсөн хэрэгт торгох ял оноосноос өөрөөр шийдэгдсэн нь бараг үгүй. Гэвч хууль сахиулах байгууллагынхан тус аймгийн нийтийн албан тушаалтнууд хууль зөрчсөн олон хэргийг шалгаж, заримыг нь шүүхэд шилжүүлэхээр болоод байна. Харин орон нутгийн шүүх нь шударгаар шийдвэрлэж чадах, эсэх нь эргэлзээтэй. Тиймээс Улсын дээд шүүх эрхийнхээ хүрээнд өөр шүүхээр шийдвэрлүүлэх харьяалал тогтоож яагаад болохгүй гэж.
УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАН ӨӨРТӨӨ УРАМШУУЛАЛ ОЛГОЖЭЭ
Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар М.Даваатогтохоор ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн сарын эхээр Баян-Өлгий аймагт ажилласан билээ. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд хэд хэдэн ажил, арга хэмжээ авахаар болсон. Тухайлбал, албан тушаалын гэмт хэрэг, гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь уг ажлын хэсгийнхний нэг чиг үүрэг байсан. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймагт авлигын эрсдэл өндөр, нийтийн албан тушаалтнууд нь хууль зөрчих явдал удаа дараа гарсаар буй учраас тэнд хууль сахиулах байгууллагынхан томилолтоор ажиллах зайлшгүй шаардлага үүссэн гэхэд хилсдүүлсэн болохгүй биз. Энэ ажлын үр дүн ч эхнээсээ гарч эхэлсэн бололтой. АТГ-ынхан албан ёсны цахим хуудсандаа “Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв” гэсэн мэдээлэл нийтэлсэн байв. Орон нутгийн болон өөр хэд хэдэн эх сурвалжаас тус нийтийн албан тушаалтнууд ямар хэрэгт холбогдсоныг тодруулсан юм.
Тухайлбал, байгууллагын төсвөөс удаа дараагийн үйлдлээр өөртөө болон хамаарал бүхий этгээдүүдийн дансаар их хэмжээний мөнгө шилжүүлж авсан гэх хэрэгт холбогдсон хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон байна. Орон нутгийн эх сурвалжийн өгүүлснээр Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ж.Е гэх хүн өөртөө зориулж тушаал гарган нэг бус удаа үндсэн цалингийн тодорхой хувийг нэмэгдүүлж авсан аж. Угтаа бол Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагч нь тушаал гаргаж, орон нутгийн газар, хэлтсийн удирдах албан тушаалтнуудаа цалингийн хувиар шагнаж урамшуулах хууль үйлчилж буй. Гэтэл дээрх албан тушаалтан эрх мэдлээ хувийн ашиг сонирхолдоо зориулж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон гэнэ.
Мөн тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажил хариуцсан шийдвэр гүйцэтгэгч А.З албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаж буй аж. Тэрбээр шүүхийн шийдвэрээр хураан авсан мотоциклын үнэлгээ болох тодорхой хэмжээний мөнгийг эзнээс нь гаргуулмагцаа өөрөө авсан хэрэгт холбогдсон юм байна.
СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ ШУУДАЙ ТӨМС ХАХУУЛЬД АВСАН ХЭРЭГТ ХОЛБОГДОВ
Орон нутагт ажиллах дээд боловсролтой мэргэжлийн боловсон хүчин дутмаг байдаг нь аль ч аймгийн зовлон. Залуус хөдөөгөөс илүүтэй хот бараадан амьдарч, зах хязгаар нутаг эзэнгүйдэх шинжтэй болсон. Баян-Өлгийд ч ийм гачлан байгааг эрх мэдэлтнүүд далимдуулан бусдад давуу байдал олгож, албан тушаалаа урвуулсан явдлууд гарч. Тус аймгийн Алтай, Сагсай сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдлагыг эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт холбогдуулан шалгасан байна. Тэдний нэг нь орон нутгийнхаа иргэнийг бага ангийн багшаар ажилд авахын тулд ээжээс нь шуудай төмс болон бэлэн гурван сая төгрөгийн хахууль авсан хэмээн АТГ-ынханд шалгуулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөр үйлдэл ч сөхөгдсөн гэх мэдээлэл бидэнд ирэв.
Харин нөгөө нь сургуулийн сэтгэл зүйчийн орон тоонд мэргэжлийн бус, бага ангийн багшийг томилж, түүнд хоёр жил цалин олгож, давуу байдал үүсгэн, төсөвтөө 77 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж буй гэнэ.
Дээрх хоёроос гадна Цэнгэл болон Өлгий сумын нэгэн сургуулийн удирдлага ч яллагдагчаар татагдахаар болж, АТГ-ын мөрдөгчдөд мэдүүлэг тайлбар өгчээ. Цэнгэл сумын сургуулийн захирал нь сургуулийн сэтгэл зүйчийн орон тоонд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, ариун цэврийн үнэлгээ гэх мэргэжлээр дээд сургууль төгссөн эмэгтэйг ажилд томилж, байгууллагынхаа цалингийн санд 50 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон аж.
Өлгий сумын нэг сургуулийн захирал нь сэтгэл зүйч, хоол зүйч гэх орон тоонд багш мэргэжилтэй хоёр хүнийг томилж, цалин олгосноор төсөвт 35 сая орчим төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагджээ.
ГАЗАР ЗАРСАН МӨНГӨӨ ЗАСАГ ДАРГА ХАЛААСАЛСАН ГЭВ ҮҮ
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.А гэх хүнийг сумынхаа газрыг зарж, мөнгийг нь халаасалсан хэрэгт шалгаж дуусжээ. Тус сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бусдад эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах зэрэг байдлаар тусгаагүй нэг га газрыг иргэн Т-д 1.5 сая төгрөгөөр худалдаж, мөнгийг нь хамаарал бүхий хүнийхээ дансаар авсан хэрэгт түүнийг холбогдуулсан аж. Эл сумын төвөөс аймаг руугаа явах замд тэрбээр өөр нэг иргэнд 1000 ам метр талбайг газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж давуу байдал олгосон гэнэ.
Дээр дурдсан хэргүүдээс гадна Алтай сумын Соёл, гэгээрлийн төвийн удирдах албан тушаалтнууд байгууллагынхаа төсвийн хөрөнгөөс багагүй хэмжээний мөнгө бусдад шилжүүлж, 10 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдон шалгуулсан байна.
Энд дурдсан албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон”, Цэнгэл сумын сургуулийн удирдах албан тушаалтанд 22.4-1-ийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан”гэх заалтыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан аж.