Өнгөрсөн амралтын өдөр З.М гэх эмэгтэй Төмөр замын газрын дарга "Надад 10 саяыг өгч хамт байна" гэх бичлэгийг нийтэлсэн. Үүнд нэр холбогдоод буй Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон өнөөдөр БГД-ийн цагдаагийн хэлтсийн гадна мэдээлэл өгөв.

Тэрбээр " "10 сая төгрөг өгсөн" гэх бичлэг өнгөрсөн аравдугаар сарын 31-нд болоод 11 дүгээр сарын 1-нд цацагдаж байх шиг байна лээ. Би тэр өдөр гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарсан. Орж гарч байгаа, хэзээ ирсэн эсэх, хаана очсон бүх үйл явдал камераар нотлогдоно. Үүнийгээ цагдаагийн байгууллагад өгнө.
Би тэр бичлэг цацсан эмэгтэйг огт танихгүй. Цахим сүлжээнд цацагдсан мэдээлэлтэй огт холбоогүй. Өөрийгөө энэ бичлэг дээрх хүн биш гэдгийг нотолж чадна. Гэртээ орж, гарч байгаа камерын бичлэгээр өөрийгөө нотлох боломжтой. Тэр эмэгтэйг би амьдралдаа нэг ч удаа харж байгаагүй, таних ч үгүй. Ингэж гүтгүүлж, доромжлуулж байгаадаа маш их гомдолтой байна. Би аав хүн, эхнэр маань одоо бие давхар. Өндөр настай эцэг, эхийн минь санаа ч зовж бид хүндхэн байдалд байна. Би хоёр өдрийн турш нойр хоолгүй, асар их дарамттай явлаа. Иймээс цахим орчинд гүтгүүлж, нэр төрд минь халдсан энэ үйлдлийн үнэн зөвийг тогтоож, нэр төрөө сэргээх зорилгоор Цагдаагийн байгууллагад хандаж байна. Энэ асуудлыг хууль, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлж, өөрийгөө гэм буруугүй гэдгийг нотлох болно” гэлээ.