Иргэддээ 3-10 хоногийн хүнс, ус нөөцлөхийг зөвлөсөн улсын тоо өдгөө 40-д хүрээд байна. Тодруулбал, эдгээр орны Засгийн газрууд иргэддээ онцгой нөхцөл байдал үүссэн үед хэрэглэх удаан хадгалдаг хүнс, ундны ус, эм болон анхны тусламжийн хэрэгсэл, гар чийдэн, зайгаар ажилладаг радио, нөөц цэнэглэгч, бусад зайлшгүй шаардлагатай зүйлсийг гэртээ нөөцлөх зөвлөмж өгчээ. Үүнийгээ олон улсын геополитикийн хурцадмал байдал, байгалийн гамшиг, кибер халдлага болон дэд бүтцийн доголдлоос үүдэх эрсдэл нэмэгдэж байгаатай холбон тайлбарлажээ.
АНУ-ын “Newsweek” сэтгүүлийнхэн өнгөрсөн сарын сүүлчээр дэлхийн улс орнуудын онцгой байдлын бэлэн байдлын зөвлөмжийг нэгтгэн, газар зүйн тархалтыг нь харуулсан зураг нийтэлсэн нь нийгмийн сүлжээнд олны анхаарлыг ихэд татаад буй. Тухайлбал, Канад, Франц зэрэг улс иргэддээ гурав, Швед, Норвег долоо, Герман арав хүртэлх хоногийн хэрэгцээт ус, хүнс, шаардлагатай зүйлс нөөцлөхийг үүрэг болгожээ. АНУ ч өрх бүрийг хэдэн өдрийн хэрэгцээгээ хангах нөөцтэй байхыг уриалсан аж. Европын Холбооноос мөн багадаа 72 цагийн хэрэгцээгээ бэлтгэхийг зөвлөжээ.
Иргэдийн бэлэн байдлыг ийн нэмэгдүүлэхэд анхаарч буй гол шалтгаан нь орчин үеийн нийгмийн өдөр тутмын амьдрал эрчим хүч, усан хангамж, тээвэр, харилцаа холбоо, хүнсний нийлүүлэлтийн сүлжээнээс ихээхэн хамааралтай болсонтой холбоотой гэнэ. Мөн хүчтэй шуурга, үер, газар хөдлөлт, кибер халдлагын улмаас цахилгаан тасарвал ундны ус түгээх, хүнс тээвэрлэх, банкны төлбөр тооцоо хийх зэрэг олон үйлчилгээ доголдож болзошгүй. Ийм нөхцөлд өрх бүр тодорхой хугацаанд бие даан амьдрах боломжтой байх нь гамшгийн үеийн хүндрэл, эрсдэлийг бууруулах ач холбогдолтой. Гэхдээ эдгээр зөвлөмж нь ойрын хугацаанд дайн, байгалийн томоохон гамшиг болохыг урьдчилан анхааруулж байгаа хэрэг биш. Иргэдийн гамшгийн бэлэн байдлыг хангах арга хэмжээ гэдгийг онцолсон байна.