
Бүгд найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар энэ сарын 20-22-нд манай улсад айлчлав. 2009 оноос хойш тус улсын удирдагчийн Монгол Улсад хийж буй хоёр дахь айлчлал энэ юм. Эмомали Рахмон 2009 оны гуравдугаар сард тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар Төрийн тэргүүний хувиар анх манайд айлчилснаас хойш 17 жил өнгөрсөн байна. Тэр үед ЗСБНХУ задарсны дараа хоёр улсын харилцааг “зогсонги” байдлаас гаргахад Ерөнхийлөгчид илүүтэй анхаарч, хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдийн талаар ярилцсан байна. Өргөн цар хүрээтэй яриа хэлэлцээ хийсний эцэст хамтарсан мэдэгдэл гаргаж, тохиролцоог улам бэхжүүлсэн байна. Чухам тэр айлчлал Улаанбаатар, Душанбегийн өнөө үеийн харилцааны хууль эрх зүйн болон түүхэн үндсийг тавьсан гэж үздэг.
Одоогийн айлчлал нь хоёр талын харилцаанд хүчтэй түлхэц өгсөн 2025 оны Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн айлчлалын хариу юм. Төв Азийн орнуудтай, тэр дундаа Тажикистантай нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг Монгол Улс их ач холбогдолтой гэж үздэг хэмээн 2025 онд айлчлах үеэрээ У.Хүрэлсүх онцлон тэмдэг лэж байсан юм. 1992 оны дөрөвдүгээр сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон үеэс сүүлийн 30 жилд олсон амжилтаа өнгөрсөн оны уулзалтынхаа үеэр хоёр улсын Төрийн тэргүүнүүд дэлгэрэнгүй шинжлэн дүгнээд, харилцаагаа бүхий л салбарт шинэ агуулгаар баяжуулах эрмэлзэлтэй байгаагаа нотолсон билээ. Түүнчлэн Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцохоор ажиглагч улсын Төрийн тэргүүний хувиар Душанбе хотод очоод байхад нь 2014 оны есдүгээр сарын 11-нд уулзаж, улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны асуудлыг ярилцсан байдаг.
Тажикистаны төр, улс төрийн зүтгэлтэн, хоёр дахь Ерөнхийлөгч Эмомали Шарипович Рахмон 1952 онд төрж, 1994 оноос Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байгаа юм. Тус улсын Ерөнхийлөгч хэмээх албан тушаалыг 1992 онд бий болгосны дараа Дээд Зөвлөлийн дарга нь болжээ. 1998 онд Тажикистаны парламент дахь улс төрийн гол хүчин-зүүн төвийн Ардын ардчилсан намын тэргүүнээр давхар ажиллах болов. 1999 оны есдүгээр сарын 30-наас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн даргын орлогчийн албыг нэг жил хашив. 2015 оны XII сарын 25-наас “Үндэсний удирдагч” хэмээх цолыг насан турш эдлэхээр болж, 1994, 1999, 2006, 2013, 2020 онд Ерөнхийлөгчийн сонгуульд таван удаа ялж, 1999, 2003 онд явуулсан бүх ард түмний санал асуулгаар өөрийн бүрэн эрхийг сунгуулсан байна.
Мөн 2016 онд болсон бүх ард түмний сүүлчийн санал асуулгаар Ерөнхийлөгчөөр улиран сонгогдох тоонд тогтоосон дээд хязгаарыг цуцлуулжээ. Рахмоны засаглалын хугацаанд Тажикистан улсад ганцаар захирах дэглэм тогтож, нэг хүнийг тахин шүтэж, улс төрийн өөр үзэл бодолтнуудыг хэлмэгдүүлж, хүний эрхийг ноцтой зөрчиж, чөлөөт бус, шударга бус сонгууль хийж, авлига, худ ургийн тогтолцоо ноёрхох болсон байна.
Рахмон айлын гурван хүүгийн отгон нь. Эцэг нь түүнийг Дээд Зөвлөлийн даргаар сонгогдохоос өмнөхөн өөд болжээ. Эх нь 2004 онд 94 насандаа хүнд өвчний улмаас хорвоог орхив. Рахмон дунд сургууль төгсөөд Калининабад хотод ТМС-д суралцаж, 1969 онд цахилгаанчны мэргэжилтэй болж төгсөв. Заводод мэргэжлийн ажлаа хийж байгаад 1971 онд Зөвлөлтийн армид татагдаж Приморын хязгаарт Номхон далайн флотод алба хаав. Халагдаж ирээд хуучин заводдоо 1976 он хүртэл ажиллаад нэгэн хамтралд нарийн бичгийн дарга болжээ. Лениний нэрэмжит их сургуулийн эдийн засгийн салбарт эчнээгээр суралцаж 1982 онд төгсөж, хамтралынхаа үйлдвэрчний байгууллагын дарга болж, намын байгууллагыгнь бас удирдаж байлаа. 1988-1992 онд Лениний нэрэмжит үлгэр жишээ сангийн аж ахуйн даргаар ажиллав. Энэ үедээ 1990 оны эхээр Тажикистаны Дээд зөвлөлийн депутатаар сонгогдож, 1992 оны сүүлчээс төрөлх Куляб мужийнхаа гүйцэтгэх захиргааны дарга болжээ.
Эмомали Рахмон лалын шашинтай гэргийтэй. Түүний нь тухай мэдээлэл тун хомс, зарим эх сурвалжаар энэ эмэгтэй дээд боловсролгүй, гэрийн ажилтай хүн байдаг бололтой. Эднийх есөн хүүхэдтэй, долоо нь охин, хоёр нь хүү.
Ууган охин Фируза (1975) нь улсынхаа Төмөр замын байгууллагыг удирдаж байсан, томоохон бизнесмэн, нөлөө бүхий Хукумовын гэх гэр бүлээс гаралтай хүний гэргий. Өөрөө ч барилга, худалдааны салбарт компаниудтай. Хоёр дахь охин Озода (1978) нь Сангийн яам, Үндэсний банканд удирдах алба хашиж байсан санхүүгийн томоохон зүтгэлтэн Нуралиевийн гэргий. Хэвлэлд мэдээлснээр Нуралиев нь тус улсын томоохон банкны нэг “Спитамен”, томоохон шар айрагны үйлдвэрийн нэгийг, төлбөртэй замын хувьцааг эзэмшдэг аж. Озода Мэрилендийн их сургуульд сурч байхдаа нөхөртэйгөө танилцсан гэдэг, тэд таван хүүхэдтэй. Гурав дахь охин Рухшона нь дипломатч, Гадаад хэргийн яаманд ажилладаг. 2017 оны байдлаар тус яамны Олон улсын байгууллагын нь орлогч дарга байжээ. Нөхөр нь томоохон бизнесмен, шатах-тослох материалын худалдааны монопол компани, уулын цанын “Сафед Дара” цогцолборын эзэн, өөр ч компаниудтай.
Дөрөв дэх охин Тахмина нь эхний нөхрөөсөө 2000-аад оны эхээр салсан. Хэдэн жил өнгөрөхөд үл хөдлөх хөрөнгийн арилжааны Давлатовтой суусан, нөхөр нь одоо гаалийн албанд ажиллаж буй. Эдний гэр бүл барилгын зах зээлд тэргүүлдэг фирм ажиллуулдаг, автомашин оруулж ирдэг, дэлгүүрийн сүлжээтэй, салонуудтай, чихрийн фабриктай, худалдааны сүлжээтэй, Душанбе хотын захуудын нэгийг эзэмшдэг гэж хэвлэлд бичсэн байдаг юм байна.
Түүнчлэн нисэх онгоцны билет борлуулдаг монопол эрхтэй Агаарын холбооны агентлаг эдний мэдэлд нууцаар байдаг гэнэ. Тав дахь охин Парвина нь Төрийн өмчийн улсын хорооны дарга, Эрчим хүч, аж үйлдвэрлэлийн сайд асан Шераль Гуловын хүүтэй суусан, тэд улс даяараа олон компани, үйлдвэрүүд эзэмшдэг. Зургаа дахь охин Зарина (1994) нь Засгийн газрын Холбооны албыг удирдаж байсан хүний хүү, мэргэжлийн боксчин Сиевуш Зухуровтой 2013 онд суусан байна. Энэ охин Британид суралцжээ. Хожим нь улсдаа томоохонд тооцогддог “Ориёнбанк”-ны орлогч дарга нарын нэг байгаад нотлогдоогүй эх сурвалжид өгүүлснээр эцгийнхээ хадмын талын хүний мэдэлд очсон тус банкныхаа захирал болсон байна. Долоо дахь охин Фарзона (1998)-ны тухай мэдээлэл тун хомс байдаг. Екатеринбургэд болсон орос хэлний олон улсын олимпиадад 2010 онд зургаадугаар ангид байхдаа алтан медаль авч байсан тухай мэдээлэл бий.
Рахмоны хүргэн Холмумин Сафаров Засгийн газрын Ойн аж ахуй, хүрээлэн буй орчин, ан агнуурын хорооны захирал байхдаа 2012 онд алагдсан байдаг. Эмомали Рахмон 2016 онд охин Озодагаа Тамгын газрынхаа даргаар томилж байв. Энэ охин нь 36 насандаа Гадаад хэргийн орлогч сайдаар ажиллаж байжээ.
...Энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНТажикистан улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Тэд худалдаа, эдийн засаг, боловсрол, залуучууд, спорт, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбар чиглэлээр Засгийн газрын болон байгууллага хоорондын 11 баримт бичигт гарын үсэг зурж буйг сайшаан тэмдэглэв. Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Тажикистаны “2030 он хүртэлх Үндэсний хөгжлийн стратеги”-тэй уялдуулан, худалдаа, эдийн засаг, ХАА, эрчим хүч, зам, тээвэр, ложистик, байгаль орчин, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбартай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой хэмээн тохиролцов. Ногоон шилжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний интеграцчилалыг бэхжүүлэх урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэхээр хоёр тал санал нэгдлээ. Далайд гарцгүй орнуудын хувьд хоёр улсын “Транзит улс” стратегийг Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөртэй уялдуулж, эдийн засаг, худалдааны эргэлтийг эрчимжүүлэх эрмэлзлээ харилцан илэрхийллээ. Түүнчлэнмал эмнэлгийн салбартхамтын ажиллагааг идэвхжүүлэх нь зүйтэй гэж үзэв. Монголын ноос, ноолуурыг Тажикистаны хөвөн, нэхмэлийн үйлдвэрлэлтэй холбоннэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтойг тэмдэглэв.
Монгол, Тажикистаны Бизнесийн зөвлөл байгуулж, Монголын мах, ноос, ноолуур, арьс, шир, Тажикистаны жимс, жимсгэнэ, нэхмэл эдлэлийг харилцан нийлүүлэхээр тохиролцлоо. Мөн экспортыг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, форум, семинар бусад арга хэмжээг зохион байгуулах, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов.