Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал Улаанбаатар хотод энэ сарын 10-13-нд болж өндөрлөлөө. Үүний хүрээнд “Монголын археологи” салбар хуралдааныг зохион байгуулж, сүүлийн жилүүдэд хийсэн малтлага, судалгааны үр дүнг олон улсын эрдэмтдэд танилцуулав.
Энэ удаагийн хурал нь Хүннүгийн археологийн ололт амжилтыг хэлэлцэхээс гадна Монголын түүх, соёлын өвийг дэлхийн түвшинд үнэлүүлсэн түүхэн үйл явдалтай давхцаж буйгаараа онцлогтой. Тодруулбал, БНСУ-ын Пусан хотод болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборыг Дэлхийн өвийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн юм. Тэгвэл эдгээр дурсгалыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн нь шинжлэх ухааны ямар ач холбогдолтой болох, цаашид хэрхэн хадгалж, хамгаалан, судалгааны эргэлтэд оруулах боломжтой талаар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэнтэй ярилцлаа.
-Та Олон улсын монголч эрдэмтдийн их хуралд дөрөв дэх удаагаа оролцсон байх аа. Энэ удаагийн “Монголын археологи” салбар хуралдааны онцлог нь юу байв?
-Миний хувьд Олон улсын монголч эрдэмтдийн их хуралд 2012, 2016, 2023 онд оролцож, илтгэл хэлэлцүүлсэн. Монгол судлалаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачдын хувьд энэхүү арга хэмжээнд оролцох нь нэр төрийн хэрэг. Мөн судалгаагаа танилцуулах, олон улсын эрдэмтэдтэй санал бодлоо солилцох боломж олгодгоороо давуу талтай.
Өнөө жилийн тухайд “Монголын археологи” хэмээх бие даасан хуралдаан зохион байгуулж, 50 орчим илтгэл хэлэлцүүллээ. Тус хуралдаанаар Монгол Улсад сүүлийн жилүүдэд хийсэн археологийн малтлага, судалгааны гол үр дүнг олон улсын эрдэмтэн, судлаачдад танилцуулснаараа ач холбогдолтой юм. Миний хувьд Хүннүгийн язгууртны булшны он цаг, хувьсал, өөрчлөлтийн үйл явцыг тодорхой хэмжээнд тоймлон гаргаж, тэдгээрийн хоорондын зааг ялгааг тодорхойлохыг зорьсон судалгааныхаа үр дүнг танилцуулж, гадаадын эрдэмтэдтэй санал бодлоо солилцлоо.
МОНГОЛЫН АНХНЫ ТӨРТ УЛСЫН ТҮҮХИЙГ ШИНЭ ТҮВШИНД СУДЛАХ, ХАМГААЛАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
-БНСУ-д өнгөрсөн сард болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улс Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборыг хүн төрөлхтний нандигнан хайрлах өвийн жагсаалтад бүртгүүллээ. Евразийн өргөн уудам нутагт тархсан Хүннүгийн үеийн дурсгалуудаас эл цогцолборыг онцлон Дэлхийн өвд бүртгэсэн нь ямар ач холбогдолтой вэ?
-Евразийн хэмжээнд Хүннүгийн үед хамаарах 25 мянга гаруй булш, оршуулгын дурсгалыг бүртгэн, баримтжуулсан байдаг. Үүнээс язгууртны булш бүхий 14 дурсгалт газар байгаагийн 10 нь Монгол, дөрөв нь ОХУ-ын Буриад, Тувагийн нутагт буюу манай улстай хил залгаа бүсэд оршдог. Манай оронд буй эдгээр дурсгал төв, зүүн, баруун, өмнөд болон говь, тал, хээрийн бүсэд тархан байрладаг юм. Тиймээс Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалын газар зүйн тархалт, бүтэц, он цагийн ялгаа, хувьсал өөрчлөлт, төлөөлөх чадвар зэрэг олон шалгуурыг харгалзан сонгосон. Өөрөөр хэлбэл, эдгээр дурсгал хүннүчүүдийн оршуулгын зан үйлийн нийтлэг шинжээс гадна бүс нутгийн болон он цагийн онцлогийг төлөөлөх боломжтой гэсэн үг.
Хүннүгийн язгууртны булшны судалгаа 1924 онд Ноён уулын дурсгалт газарт малтлага хийснээр эхэлж, өдгөө 100 гаруй жил үргэлжилж байна. Ялангуяа сүүлийн 30 жилд Тахилтын хотгор, Гол мод I, Дуурлиг нарс, Гол мод II, хамгийн сүүлд Чихэртийн зоо зэрэг дурсгалт газарт археологийн судалгаа эрчимтэй хийсэн. Эдгээр судалгаанд Япон, Солонгос, Герман, Франц, Швейцар, ОХУ, АНУ зэрэг олон орны судлаач хамтран оролцож, Хүннү судлалыг сүүлийн 30 жилд шинэ шатанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
Дэлхийн өвд бүртгүүлсний ач холбогдлыг олон талаас нь харж болно. Нэгдүгээрт, эдгээр дурсгал дэлхий нийтээр хамгаалж, хадгалан үлдээх шаардлагатай үнэт өвүүдийн нэг болж, Хүннүгийн түүх, соёл олон улсын анхаарлын төвд орж байна. Хоёрдугаарт, Хүннүгийн язгууртны дурсгалын гол цөм Монгол Улсын нутаг дэвсгэрт оршдогийг олон улсын түвшинд тодорхой харууллаа. Хүннүгийн түүхийг олон орон өөрсдийн түүхтэй холбон тайлбарладаг. Тэгвэл Монгол Улс эдгээр дурсгалыг Дэлхийн өвд нэр дэвшүүлж, тэдгээрийн үнэ цэнийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлж чадсан. Гуравдугаарт, Дэлхийн өвийн өмнө хүлээсэн үүргийн дагуу эдгээр дурсгалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, тусгай захиргаа байгуулж, урт хугацааны менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлэх, судалгааны ажлыг бодлогын түвшинд системтэй үргэлжлүүлэх боломж бүрдүүлж буйгаараа онцлогтой.
-Ингэснээр нүүдэлчдийн анхны Эзэнт гүрний төр, нийгэм, соёлын талаарх дэлхий нийтийн ойлголтыг хэрхэн өөрчилж, цаашдын судалгаанд ямар шинэ боломж нээгдэж буй бол?
-Хүннүчүүд зэрлэг, бүдүүлэг хүмүүс байгаагүй. Тэд тухайн үедээ асар өргөн уудам нутгийг хамруулсан, олон улсыг захирсан томоохон Эзэнт гүрэн байжээ. Мөн нүүдлийн болон суурин соёлыг хослуулж, дотооддоо үйлдвэрлэл явуулах хэмжээний зохион байгуулалттай байсныг археологийн судалгааны үр дүн харуулж байна. Тийм ч учраас Хүннүгийн түүх, соёлыг судлах дэлхийн судлаачдын хандлага, ойлголт эрс өөрчлөгдөж, Хүннү судлалыг шинэ шатанд гаргасан гэж хэлж болно.
Энэ удаа Хүннүгийн дурсгалын гол цөм болсон язгууртны булшнуудыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлсэн нь дээрх судалгааны үр дүнг олон улсын түвшинд баталгаажуулж, цаашдын судалгаанд шинэ боломж нээж байна. Номинацийг боловсруулахад Хүннүгийн язгууртны булшны 100 гаруй жилийн судалгааны үр дүн суурь хэрэглэгдэхүүн болсон. Анх 2015 онд урьдчилсан жагсаалтад орсноос хойш 11 жилийн дараа Дэлхийн өвд албан ёсоор бүртгүүллээ. Харин номинацийн материалыг боловсруулах ажлыг сүүлийн хоёр жилд эрчимжүүлэн зохион байгуулсан. Энэ бол олон жилийн судалгаа, олон орны эрдэмтдийн хамтын ажиллагааны үр дүнд Хүннү судлал шинэ шатанд гарсны ач гавьяа билээ.
Бид Хүннүгийн дурсгалуудаас хамгийн том булш, гол бөөгнөрөл бүхий Ноён уул, Дуурлиг нарс, Гол мод I, Гол мод II, Чихэртийн зоо, Тахилтын хотгор гэсэн зургаан газрыг сонгосон. Хүннүгийн Эзэнт гүрний гол цөмийг Шаньюй болон түүний удмын язгууртнууд удирдаж байсан. Тиймээс сонгосон дурсгалууд нь Шаньюйн удмынхантай холбогдох язгууртны булшнууд гэдгээрээ онцлог. Мөн Монгол орны төв, зүүн, баруун болон тал хээрийн бүс нутгийг төлөөлж чаддаг. Түүнчлэн эдгээр дурсгал он цагийн хувьд ялгаатай. Тухайлбал, Чихэртийн зоогийн дурсгал бол Хүннүгийн язгууртны булшнуудаас хамгийн эртнийхэд тооцогдох бөгөөд хэлбэрийн хувьд ч бусдаасаа өөр. Үүний дараа Ноён уул, Гол мод, Дуурлиг нарс, Тахилтын хотгор зэрэг дурсгал орно. Тиймээс эдгээрийг хамтад нь авч үзсэнээр Хүннүгийн язгууртны оршуулгын зан үйл, дурсгалын хэлбэр, зохион байгуулалт цаг хугацааны явцад хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг дарааллаар нь харуулах боломжтой.
Нөгөө талаас эдгээр дурсгал газар зүйн хувьд хоорондоо маш хол боловч бүтэц, зохион байгуулалт, оршуулгын дэг ёс, эд, өлгийн зүйлсийн хувьд олон нийтлэг шинжтэй. Тухайлбал, Дуурлиг нарс болон Тахилтын хотгорын хооронд 2000 километрийн зайтай ч дурсгалын бүтэц, оршуулгын зан үйл, олдворын шинж чанарт ижил төстэй зүйл цөөнгүй. Энэ нь Хүннүгийн Эзэнт гүрэн нэгдсэн засаг захиргаа, улс төрийн тогтолцоо, нийтлэг соёлын шинжийг бүрдүүлж байсныг тодорхой харуулах баримт юм. Египет, Ром, Дундад Ази, Хятад, Алтайн бүс нутгаас гаралтай эд өлгийн зүйлсийн зэрэгцээ хүннүчүүдийн өөрсдийн бүтээсэн соёлын дурсгалууд олддог. Энэ нь Хүннүгийн нийгмийн бүтэц, төрийн зохион байгуулалт, зан заншил, соёл, гадаад харилцааг цогцоор нь судлах чухал хэрэглэгдэхүүн болж байна.
ДЭЛХИЙД БАТАЛГААЖУУЛСАН ДОЛООН ӨВ БИЙ
-Хадгалалт, хамгаалалтын шаардлага хангаагүй тохиолдолд Дэлхийн өвийн жагсаалтаас хасах эрсдэлтэй. Тэгэхээр энэ статусаа тогтвортой хадгалж үлдэхийн тулд Засгийн газар, орон нутаг болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс цаашид ямар бодлого, менежмент хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
-Тэгэлгүй яах вэ. Монгол Улсын Засгийн газар үүнд тодорхой үүрэг хүлээж байгаа. Дэлхийн өвийн захиргааг байгуулж, дээрх зургаан дурсгалын хадгалалт, хамгаалалтыг бодлогоор дэмжих учиртай. Тус захиргаа хамгаалалтын бүсийг нарийвчлан тогтоож, баталгаажуулснаар элдэв сөрөг нөлөөлөл, хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх ёстой. Үүний зэрэгцээ судалгаа, шинжилгээний ажлыг тасралтгүй явуулж, дурсгалыг олон улсын хэмжээнд сурталчлах шаардлагатай.
Монгол Улс одоогоор соёлын өвийн ангилалд таван дурсгалт газраа бүртгүүлээд байна. Анх 2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, 2011 онд Монгол Алтайн хадны зургийн цогцолбор, 2015 онд Бурхан халдун уул, 2023 онд Буган хөшөө болон хүрлийн үеийн холбогдох дурсгалуудыг тус тус эл жагсаалтад оруулсан. Харин тав дахь нь Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор юм. Түүнчлэн байгалийн өвийн ангилалд хоёр дурсгал бүртгэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, манай улсад дэлхийд баталгаажуулсан нийт долоон өв бий гэж ойлгож болно.
Бусад орон өөрсдийн өвийг эл жагсаалтад бүртгүүлсний дараа маш олон ажил хэрэгжүүлдэг. Харамсалтай нь, манайд энэ талаарх ойлголт хангалтгүйгээс бүртгүүлсний дараах хамгаалах, хадгалах ажил орхигддог тал бий.
-Энэхүү цогцолборыг Дэлхийн өвд бүртгүүлэх явцад ямар бэрхшээл тулгарав. Мөн газар дээр нь ажилласан олон улсын шинжээчид манай дурсгалуудыг хэрхэн дүгнэсэн нь сонирхол татаж байна.
-Энэ үйл явцыг ШУА-ийн Археологийн хүрээлэн зохион байгуулж ажилласан. Мөн “Чингис хаан” үндэсний музейтэй хамтран, ССАЖЗЯ-ны санхүүжилтээр бид энэ ажлыг хийж гүйцэтгэлээ. Судалгааны ажлаа хангалттай түвшинд хийж, материалаа сайн боловсруулсан учраас томоохон бэрхшээл гараагүй. Олон улсын шинжээчид газар дээр нь ирж танилцаад, эдгээр дурсгалыг Дэлхийн өвд бүртгэхээс өөр аргагүй гэдгийг онцолсон. Учир нь манай дурсгалууд 2000 жилийн өмнөх унаган төрхөө хэвээр нь хадгалан үлдсэн. Бусад оронд хотжилт, хүн амын шилжилт хөдөлгөөнөөс үүдэн соёлын дурсгалууд гаднын нөлөөлөлд өртөх нь элбэг. Харин манайд гаднын хүчин зүйлийн нөлөө харьцангуй бага. Энэ нь Дэлхийн өвд бүртгүүлэх гол шалгуурыг хангасан гэж болно.
Эхэндээ Японы шинжээч газрын зурагтай танилцаад “Танай өвийн buffer zone буюу хамгаалалтын бүсийн зааг шаардлага хангахгүй байна” гэсэн дүгнэлт хийж байсан. Гэвч газар дээр нь очиж үзсэнийхээ дараа энэ нь асуудал биш болохыг ойлгож, газрын зургийн дүрслэлд бага зэрэг засвар оруулахад хангалттай гэдгийг хэлсэн.
Эртний дурсгалууд маань 2000 жилийн өмнөх хэв шинжээрээ өнөөдрийг хүртэл оршин байгаа нь дэлхийн экспертүүдэд өөр сэтгэгдэл төрүүлсэн гэсэн үг. Үүнд мэдээж газар нутаг, эртний дурсгалуудаа хамгаалсаар ирсэн бидний өвөг дээдсийн уламжлал чухал нөлөө үзүүллээ.
СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ БОЛОН ИЛ МУЗЕЙ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ
-Хүннүгийн өвийг судлах, хамгаалах, хүүхэд залуус болон олон нийтэд таниулахын тулд цаашид ямар арга хэмжээ авбал зохистой талаар та мэдээлэл өгөхгүй юү?
-Өв соёлоо хамгаална гэдэг олон нийтэд таниулах ажилтай шууд холбоотой. Иргэд тухайн өвийн үнэ цэнийг ойлгож байж л түүнийг хамгаалах сэдэл төрнө. Тиймээс шаталсан хөтөлбөр, иж бүрэн бодлого нэн шаардлагатай. Дэлхийн өвд бүртгүүлсэн л бол боллоо гээд орхиж болохгүй. Судалгаа, шинжилгээг тасралтгүй үргэлжлүүлж, хадгалалт, хамгаалалтын түвшнийг одоогийнхоос сайжруулах учиртай. Ер нь сурталчлан таниулах ажил хамгийн чухал. Өв соёлоо сурталчлахгүйгээр түүнийг хамгаалах боломжгүй. Иймд боломжтой дурсгалт газруудыг түшиглэн судалгааны төв, мэдээллийн танхим болон ил музей байгуулах хэрэгтэй. Засгийн газраас үүнд чиглэсэн тодорхой бодлого боловсруулж ажиллана гэж найдаж байна.
-Та бүхний сүүлийн жилүүдэд идэвхтэй судалгаа хийж буй Дуурлиг нарсны дурсгалт газрын малтлагын үйл явц өдгөө ямар шатанд явж байна. Тухайн дурсгалыг түшиглэн ил музей, судалгааны төв байгуулах ажил яагаад хойшлов?
-Дуурлиг нарс нь Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд дотроос хамгийн томд тооцогдох булшнуудын нэг бөгөөд судалгааны ажлыг 2019 онд эхлүүлсэн. Үндсэн малтлага, судалгааны ажлыг ирэх сард дуусгана.
Булшны нүх нь 90 метрийн урт, 40 гаруй метрийн өргөнтэй. 16-17 метрийн гүнзгий асар том нүх бий. Малтлагын явцад өдөрт дунджаар 160 тонн шороо гаргадаг. 2019 оноос хойш жил бүр хоёр сарын хугацаанд малтлага хийж, нийтдээ 40 мянга гаруй тонн шороо, чулуу зайлуулсан. Ийм хэмжээний нүх дахин гарч ирэх боломж ховор учраас шороог нь буцааж булахад үнэхээр хайран. Бас Дуурлиг нарсны дурсгал Хэнтий аймгийн Баян-Адарга сумын төвийн хажууханд байрладаг тул судалгаа, мэдээллийн төв, ил музей байгуулахад маш тохиромжтой. Бид судалгааны төв болон музейн зураг төслөө хэдийн гаргасан. Бидний төсөөлж буйгаар судалгааны төв нь хажуудаа хоёр танхимтай жижиг музейтэй байна. Эхний танхимд Хүннүгийн түүх, соёлыг, хоёр дахь танхимд Дуурлиг нарсны судалгааны үр дүнг танилцуулах бөгөөд судлаачдын ажиллах, амьдрах орчныг ч хамтад нь шийдсэн.
Харамсалтай нь, санхүүжилтийн асуудлаас болоод музей, судалгааны төв байгуулах ажил хойшлоод байна. Эдгээр дурсгалт газарт судалгаа, мэдээллийн төв байгуулснаар дотоод, гадаадын аялагчдад цэгцтэй ойлголт өгч, Дэлхийн өвийг олон улсад сурталчлах, улмаар аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, эдийн засагт үр өгөөж өгөх бүрэн боломжтой.
У.ЦЭЦЭГ