АТГ-аас авлига үүсгэх шалтгаан, нөхцөлийг тогтоох, шинж тэмдгийг илрүү лэх чиглэлээр олон тооны судалгаа, дүн шинжилгээг үе шаттайгаар хийдэг. Тэдгээр судалгааны нэг нь “Авлигын эрсдэлийн үнэлгээг тооцох” юм. Авлигыг судлан шинжилснээр түүнтэй тэмцэх арга замуудыг тодорхойлох, хэрэгжүүлэх боломж бүрддэг. АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Л.Түвшинбаттай энэ талаар ярилцлаа.
-Авлигын эрсдэл гэж юуг хэлэх вэ гэдгээс ярилцлагаа эхлэх үү?
-Энгийнээр хэлбэл, авлигын эрсдэл гэдэг нь ийм явдал аль хэдийн гарчихсан гэсэн үг биш. Харин авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх боломж, нөхцөл тухайн байгууллага, үйл ажиллагаанд ямар түвшинд байгааг илэрхийлдэг. Жишээ авъя л даа. Төрийн байгууллагын удирдах албан тушаалтан дангаараа зөвшөөрөл олгодог, шалгуур нь тодорхой бус, яагаад ийм шийдвэр гаргаснаа тайлбарлах шаардлагагүй, хяналт сул гэж бодъё. Тэр хүнийг авлига авсан гэж шууд хэлэх боломжгүй байж болно. Гэхдээ авлига гарах эрсдэл тэр байгууллагад бүрдсэн гэж үзэж болох юм. Тэгэхээр эрсдэлийн үнэлгээний гол зорилго нь хүнийг сэжиглэх биш, харин тухайн төрийн байгууллага, үйл ажиллагаа, тогтолцооны сул талыг олж илрүүлэх явдал юм. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба буюу UNODC үүний үнэлгээг байгууллагын үйл ажиллагаанд авлига үүсгэж болзошгүй эрсдэлийг тодорхойлж, ач холбогдлоор нь эрэмбэлээд, дараа нь бууруулах арга хэмжээ авах тасралтгүй үйл явц гэж үздэг. Өөрөөр хэлбэл, эрсдэлийн үнэлгээ нь авлига гарсны дараа буруутныг хайдаг ажил биш, гарахаас өмнө хаана боломж үүсээд байгааг олж тогтоох ажиллагаа юм.
-Эрсдэлийг хэрхэн тооцдог юм бэ. Олон улсын жишиг, жишээ ямар байдаг бол?
-Олон улсад хамгийн түгээмэл зарчим нь ерөнхийдөө хоёр асуултад хариулдаг. Нэгдү гээрт, ийм асуудал гарах магадлал хэр вэ. Хоёрдугаарт, учруулах хор уршиг нь хэр хэмжээтэй вэ гэсэн асуулт. Үүнийг “эрсдэл, магадлал, үр дагавар” гэж тодорхойлж болно. Гэхдээ бодит үнэлгээ үүгээр зогсохгүй. Тухайн үйл ажиллагаанд хяналт байгаа, үгүй, шийдвэр гаргах үйл явц ил тод уу, үгүй юү, нэг хүнд хэт их эрх мэдэл төвлөрсөн, эсэх, ашиг сонирхлын зөрчил үүсэх боломж, гомдол гаргах механизм ажилладаг уу гэх зэрэг хүчин зүйлийг хамтад нь хардаг. Жишээлбэл, төрийн худалдан авах ажиллагааг авч үзье. Маш өндөр төсөвтэй тендер зарлаж байгаа боловч техникийн шаардлагыг нэг компанид тааруулж бичих боломжтой. Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрийн үндэслэл ил тод бус, ашиг сонирхлын зөрчлийг бодитоор шалгадаггүй, гэрээний хэрэгжилтэд тавих хяналт сул байвал авлигын эрсдэл төдий чинээгээр нэмэгдэнэ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын 2026 оны “Anti-Corruption and integrity outlook” судалгаагаар төрийн худалдан авах ажиллагаанд эрсдэлийн шалгах хуудас, “улаан дохио” буюу “red flag” систем, өгөгдлийн шинжилгээ ашиглах нь тү гээмэл болж буй талаар дурдсан. Судалгаанд хамрагдсан 40 улсын 70 хувь нь худалдан авах ажиллагааны эрсдэлийг удирдах дор хаяж нэг тусгай хэрэгсэл ашиглаж байгаа юм. Тэдний 35 хувь нь “red flag” системийг ашигладаг. Энэ бол маш чухал өөрчлөлт. Өмнө нь “Зөрчил гарсан уу” гэж шалгадаг байсан бол одоо “Зөрчил гарах магадлалтай хэв шинж байна уу” гэдгийг өгөгдлөөс урьдчилан харах болсон. Тухайлбал, нэг тендерт ганцхан компани байнга ялдаг, өрсөлдөгчдийн тоо маш цөөн, гэрээ байгуулсны дараа үнэ байнга нэмэгддэг бол энэ нь шууд авлига гэж дүгнэх үндэслэл биш. Харин шалгах ёстой улаан дохио гэсэн үг.
-Аргачлал нь чухам юу вэ?
-Авлигын эрсдэлийн аргачлал гэдэг нь дур зоргоороо биш, ижил шалгуур, дарааллаар үнэлэх дүрэм юм. Аргачлалын дагуу чиг үүрэг, бүтэц, төсөв санхүү, шийдвэр гаргах үйл явц, ил тод байдал, хариуцлага тооцох механизм, мэдээллийн хүртээмж, хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалт, ёс зүй, шударга байдлын түвшин, өргөдөл, гомдол шийдвэрлэлт, авлигын эсрэг бодлого, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл гэсэн чиглэлээр зохион байгуулдаг.
АТГ-ын даргын 2019 оны тавдугаар сарын 1-ний А/40 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар “Төрийн байгууллага дахь авлигын эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ыг батлан мөрдөж байгаа.
-Үнэлгээний тайланд тулгуурлан ямар ажил, арга хэмжээ зохион байгуулдаг юм бол?
-Эрсдэлийн үнэлгээний эцсийн зорилго нь тайлан гаргах биш. Тухайн байгууллагын авлигатай тэмцэх үйл ажиллагааг өөрчлөх ёстой. Өөрөөр хэлбэл, эрсдэл илэрсэн бол хууль, журамд өөрчлөлт оруулах, нэг хүнд төвлөрсөн эрх мэдлийг хуваарилах, мэдээллийг ил тод болгох, хүний оролцоог багасгаж үйлчилгээг цахимжуулах, дотоод хяналтыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчлийн хяналтыг чангатгах, бараа, ажил, үйлчилгээ сонгон шалгаруулах, худалдан авах шалгуурыг тодорхой болгох зэрэг бодит арга хэмжээ авах ёстой гэсэн үг. Үүнээс үзэхэд үнэлгээ гэдэг нь “өндөр эрсдэлтэй” гэж зарлаад дуусахгүй, яг ямар асуудлыг хэн, ямар арга хэмжээгээр засах вэ гэдэгт чиглэдэг. Өмнөх үнэлгээнүүдийн жишээгээр ч төрийн байгууллага, төрийн өмчийн их сургууль, төрийн өмчит компани болон бусад байгууллагад эрсдэлийн үнэлгээг АТГ хийж, үр дүнд нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг чиглүүлж ирсэн. Үр дүнг бид хэдэн тайлан гаргаснаар бус, эрсдэл бий болгож байсан журам өөрчлөгдсөн үү, мэдээлэл ил болсон уу, нэг хүний үзэмжээр шийддэг байсан процесс багассан уу, хяналт сайжирсан уу гэдгээр хэмжих ёстой.
-Сүүлийн үед танайх аль салбар дахь авлигын эрсдэлийг тооцов?
-Байгууллага тус бүрээр харахаас гадна эрсдэл өндөртэй тусгай сан, салбарт АТГ илүү тэй анхаарч байгаа. Тухайлбал, 2024 онд Эрүүл мэндийг дэмжих, 2025 онд Нийгмийн халамжийн, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, 2026 онд Улсын авто замын сангийн үйл ажиллагаанд авлигын эрсдэлийн үнэлгээ хийсэн. Үнэлгээгээр эдгээр санг авлигын маш өндөр эрсдэлтэй гэж дүгнэсэн. Үүний дараа АТГ-аас Эрүүл мэндийн сайдад есөн асуудлаар, Нийгмийн халамжийн болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой 18 асуудал бүхий зөвлөмжийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хүргүүлж, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасны дагуу тухайн салбарын эрсдэлийг оновчтой тодорхойлж, түүнд чиглэсэн арга хэмжээг үе шаттайгаар, цогц байдлаар хэрэгжүүлэх зорилгын хүрээнд боловсрол болон эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны эрсдэлийг үнэлэх аргачлал боловсруулах ажил хийж байна. Өмнө нь хийсэн эрсдэлийн үнэлгээнээс нийтэд хамаатай хэд хэдэн нийтлэг асуудал харагддаг. Нэгдүгээрт, төсөв ихтэй газар дангаараа эрсдэл өндөртэй болдоггүй. Харин хөрөнгө зарцуулахдаа шийдвэр гаргах үйл явц хаалттай, хяналт сул байвал эрсдэл огцом өсдөг. Хоёрдугаарт, аливаа асуудлыг зохицуулах журам байгаа нь эрсдэлгүй гэсэн үг биш. Журам бодитоор хэрэгждэг үү, зөрчвөл хариуцлага тооцдог уу гэдэг нь илүү чухал. OECD-ийн 2026 оны дүгнэлтээр “Олон улсад авлигын эсрэг дүрэм, тогтолцоо бий болсон хэдий ч гол асуудал нь хууль, дүрэм, журмын хэрэгжилт хангалтгүй хэвээр байна” гэсэн. Гуравдугаарт, хамгийн өндөр эрсдэл зөвхөн мөнгө шилжүүлэх мөчид байдаггүй. Харин төсөв төлөвлөх, төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах, шалгуур тогтоох, хүний нөөцийн томилгоо, зөвшөөрөл олгох, тендерийн техникийн нөхцөл боловсруулах үе шатанд авлигын нөхцөл бүрдэх боломжтой. Дөрөвдүгээрт, иргэдэд мэдээлэл хүртээмжгүй байх нь өөрөө авлигын маш том эрсдэл. Хэн, ямар шалгуураар мөнгө авсан, хэн шийдвэр гаргасан, ямар үр дүн гарсан нь олон нийтэд харагддаг бол хяналт нэмэгдэнэ.
Тиймээс төрийн бүх байгууллагад өгөх хамгийн гол зөвлөмж бол авлигын эсрэг ажил гэдэг нь зөвхөн албан хаагчдаа авлигын эсрэг сургалтад хамруулах асуудал биш. Удирдлагын зүгээс авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэлтэй байх, шийдвэр гаргах үйл явцаа ил тод, шалгуураа тодорхой, хяналтаа бодитой, өгөгдлөө нээлттэй болгох нь хамгийн чухал. Авлига үүсэх нөхцөл боломжийг багасгах хэрэгтэй. Эрсдэлийн үнэлгээний зорилго нь энд оршдог. Хаана эрх мэдэл хэт төвлөрөв, мэдээлэл хаалттай, хяналт сул байна, шийдвэр гаргах ажиллагаа хувь хүний үзэмжээс хамаарч байна гэдгийг урьдчилан олж харах, тэр тогтолцоог засах нь авлигаас урьдчилан сэргийлэх хамгийн тогтвортой арга юм.