Мөрдөн шалгах албаны 80 жилийн ой саяхан тохиолоо. Энэ албатай 40 жилийн амьдралаа холбосон, УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга зэрэг албан тушаал хашиж асан, ЦЕГ-ын болон Мөрдөн байцаах албаны ажил мэргэжлийн аварга, шилдэг удирдах ажилтан, Гавьяат хуульч Д.Цогтбаяртай ярилцсанаа уншигчдадаа хүргэе. Тэрбээр 1990-ээд оны үед гарч байсан хүн амины олон ноцтой хэргийг шалгаж, шийдвэрлүүлж байсан юм. Тухайлбал, хоёр иргэнийг дээрэмдэж, эд зүйлийг нь авахын тулд 20-40 удаа хутгалж, егүүтгэсэн Ц.Золжаргал нар, гэр бүлийн гурван хүнийг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Батцэрэн, гурилын ченжийг сүхээр олон удаа цавчиж бүрэлгэсэн эгч, дүү Сүндэрмаа нар, ОХУ-ын Ангарск хотод нутаг нэгтнээ буудаж амийг нь хохироосон, өөр нэг залууг шархдуулсан Ү.Батдэлгэр, ноолуурын наймаачин гурван хүнийг буудсан Д.Баатар гэх зэргийг дурдаж болно. Тэдгээрээс гадна УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийг анх шалгаж, ажлын хэсэгт багтаж байсан юм.
-Танаас сэтгүүлчид УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг амиа алдсан хэргийг талаар асуух гэж их ээрдэг байсан. Тэр болгонд та хариулт төдийлөн өгч байгаагүй. Ярилцлагаа энэ хэргийн талаар эхлүүлэх нь зөв болов уу?
-Эрт, орой хэзээ нэгэн цагт энэ хэргийн учир нь олдох байх гэсээр байтал бараг 30 жил болох нь. Хэрэг илрээгүй, гэм буруутнуудыг тогтоогоогүй болохоор элдэв юм яриад хэрэггүй биз ээ.
-Яагаад энэ тухай шалгаагаад байна вэ гэхээр анх эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолыг нь бичсэн, хэргийн газрын үзлэг хийсэн хүн нь та шүү дээ.
-Тийм ээ. Тэр үед мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйл буюу төрийн зүтгэлтний амь насанд халдах гэсэн заалтын дагуу би эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол үйлдсэн нь үнэн. Хэрэг гарсны маргааш нь би дуудагдаж ажилласан юм л даа.
Хэргийн газрын үзлэг хийхэд хүндрэлтэй зүйл их байсан ч гэсэн тэндээс тодорхой зүйлүүд олдсон. Ирээдүйд илэрчих байх гэж найдаж байна. Энэ бол улс орны тогтворгүй байдал, эрх мэдлийн төлөөх тэмцлийн үр нөлөөгөөр гарсан хэрэг шүү дээ.
-Одоо улстөржүүлээд гэм буруутанд нь хариуцлага хүлээлгэж чадахгүй л байна шүү дээ.
-Төрийн зүтгэлтэн, улс төрч хүн амиа алдсан болохоор тэр хүрээнд нь шалгахаар улстөржүүлдэг. Мөрдөгч хүн хуулийн өмнө хэрэг илрүүлэх үүрэгтэй учраас хэнийг шалгах уу гэдэг сэжиг таамгаа дэвшүүлэх эрхтэй. Уг сэжиг, таамгуудаа мухарлах үүрэгтэй. Улс төрийнхөн оролцоод түүнийг нь хийлгэхгүй байх тохиолдол гарч байсан нь үнэн. Цагдаагийн байгууллага урьд өмнө ийм заваан юмтай тулж байгаагүй. Манай цагдаагийнхан ямар ч хэргийг илрүүлнэ шүү дээ.
Хэдийгээр энэ хэрэг болхидуу хийсэн аллага боловч хэрэгтнүүдийг сайн нууцалсан. Бас мөрдөгчдийн ажлыг олигтой хийлгээгүй. Үүнд л харамсаж явдаг юм. Энэ хэргийг шалгах ажлын хэсгийн мөрдөгчид бүгд л бодит байдлыг тогтоохын төлөө ажиллаж ирсэн. Мөрдөгч хүнд аль нам, ямар засаг байх нь падлийгүй. Хэнбугайг ч шалгах үүрэгтэй. Хэргийн газраас олдсон гаднын, өөр хүний эд зүйл яагаад энд байв гэдгийг мөрдөгч шалгаж тогтоох л ёстой. Гэвч амьдрал дээр тийм биш юм билээ. Хэт улстөржүүлснээс болоод бидний ажил суларсан даа. Үүнийг шалгачих байж дээ гэж үзсэн өчнөөн юм бий. Гэхдээ боломж гаргаагүй ээ. Хүн амины бусад хэрэг шиг мөрдөгчийг ажиллуулсан бол илрүүлчих боломжтой л гэж хардаг. Хохирогч нь л улс төрч, төрийн зүтгэлтэн хүн гэдгээрээ л онцгой.
-Цагдаагийн байгууллага, тэр дундаа Мөрдөн шалгах албатай хэрхэн амьдралаа холбож байв?
-Би тухайн үеийн ЗХУ-ын Волгоград хотноо ДЯЯ-ны Мөрдөн байцаагчийн дээд сургуулийг 1986 онд төгссөн хүн л дээ. Ер нь цагдаагийн байгууллагатай 1980 оноос амьдралаа холбоод 46, мөрдөн байцаагчийн сургууль төгсөөд 40 жил болжээ. Миний аав хурандаа Дамдинжав гэж хүн байлаа. Орон нутагт НАХЯ-ны хэлтсийн даргаар олон жил ажилласан юм. Өвөрхангайд 10, Баянхонгорт таван жил хэлтсийн дарга хийсэн. Баянхонгорт ажиллаж байхад нь би төрж, Өвөрхангайд шилжиж ирэхэд нь нэгдүгээр ангид орж, зургаадугаар анги төгстөл тэнд ажилласан. Долоодугаар ангид орох жил хотод шилжиж ирсэн. Манайх есөн хүүхэдтэй айл, хоёр хүүгийнх нь нэг би. Ах минь хөгжмийн хүн болж, Улсын филармонийн симфони найрал хөгжмийн виолончельч, концертмейстерээр ажилласан. Би аавынхаа мэргэжлийг өвлөн цагдаагийн алба хаагч болсон. 1979 онд аравдугаар ангиа төгсөөд 1980 оноос нисэхийн Цагдан сэргийлэх ангийг анх байгуулахад сэргийлэгчээр ажилласан юм. Тэнд хэв журмын цагдаагаар хоёр жил ажиллаад Орос руу сургуульд явсан.
-Хаанаас ажлын гараагаа эхэлж, ямар хэрэг шалгасан бол?
-Орост дөрвөн жил сураад 1986 онд төгсөн, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Чухал хэргийн хэлтэст томилогдсон. Мөрдөн байцаах газрын даргаар тухайн үед хурандаа А.Давааням гэдэг хүн ажиллаж байлаа. Томилогдоод удаагүй, 14 л хонож байсан байх, А.Давааням хурандаа дуудаад “Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутаг, Хан Хөхийн нуруунд хүний амийг буудаж хөнөөгөөд цогцсыг нь нуусан хэрэг дөрвөн жилийн өмнө гарсан. Үүнийг хулгайн хэрэгт 15 жил ял шийтгүүлсэн хүн үйлдсэн, цогцсыг нь нуусан газраа зааж өгөх талаар захидал бичсээр удлаа. Түүнийг газар дээр нь шалгаад ир” гэсэн үүрэг өгөв. Тэр хүний санаа нь нутагтаа очих, боломж гарвал оргож зугтах зорилготой байсан л даа. Өмнө нь нэг бус удаа захидал бичиж, манайхан газар дээр нь шалгахаар яваад олддоггүй л байж.
Хан Хөхийн нурууг зорьж, 14 хоног хайгаад цогцсыг нь олоогүй, одоо ч олдоогүй. Нөгөөх ялтан биднийг хэд хэдэн газраар дагуулан явж, газар ухуулсан юм. Тухайн үед бид хохирогчийн авч явсан эд зүйлийг олсон л доо. Тэндээс ирэхэд А.Давааням дарга “Нэгдүгээрт, чи хүнээ алдаагүй байна. Хоёрдугаарт, хохирогчийн эд зүйлс, нотлох баримтыг олж, үр дүнтэй явжээ” хэмээж байсан юм. Ууланд нуугдаж амьдардаг, “шилийн хулгайч” гэж хэлж болохоор “Улаан” Цуд нь хамтрагч, малын хулгайн хэрэгт баригдсан Шаазанхүү хамсаатнаа зааж болзошгүй гэж үзээд цогцсыг өөр тийш нь зөөчихсөн гэсэн сэжиг таамаг дэвшүүлээд өнгөрсөн. Үүнээс хойш хүн амины онц ноцтой олон хэрэг шалгаж дээ. Манай хэлтсийн дарга, Гавьяат хуульч Ё.Бадамдоржийн зааж сургаснаар бидний дундаас олон сайн мөрдөн байцаагч төрсөн.
-Таныг цагдаагийн байгууллагад хавтаст хэргийн соёл гэдгийг нэвтрүүлсэн гэж олон мөрдөгч ярьж байна лээ. Юунаас үүдэж ийм арга хэмжээ авах болов?
-Түүнийг мөрдөн шалгах байгууллагад нэвтрүүлсэн нь үнэн, үнэн. “Хавтаст хэргийн соёлжилт, түүнд тавих шаардлагууд” гэдэг сургалтын ном, гарын авлага бичиж, 1990-ээд оны үед мөрдөн байцаах албаны бүх нэгжид хичээл зааж явлаа. Үүнийг нэвтрүүлснээр хавтаст хэргээс материал алга болох зэрэг хэл амнаас мөрдөн байцаагч зайлсхийх боломж бүрдсэн юм. Бичгийн нэгдүгээр цаасан дээр хавтаст хэрэгт орох материалыг бичдэг. Хоёрдугаар цаас буюу бор цаасан дээр бичихээр нотлох баримт алга болох, урагдах эрсдэлтэй байв. Тиймээс хоёрдугаар цаасан дээр зөвхөн ноорог болон зарим төлөвлөгөөгөө л бичдэг.
Манай хэлтсийн дарга Ё.Бадамдорж нэг өдөр их л баяртай орж ирээд өрөөндөө дуудлаа. Ялын дээд хэмжээ сонссон хүний хуралд суугаад иржээ. Тэр үед ялын дээд хэмжээгээр шийтгүүлсэн хүний амь гуйсан өргөдлийг АИХ-ын тэргүүлэгчид хэлэлцэн шийдвэрлэдэг байв. Тухайн өдөр амь гуйсан хоёр хүсэлт хэлэлцсэний нэг нь навсайсан цаастай, нөгөө нь цэмцийсэн юм байж л дээ. Цэвэрхэн үдсэн, ном шиг хавтаст хэрэг нь манай хэлтсийнхэн шалгаж, шүүхээр шийдвэрлүүлсэн байсан юм. АИХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готов гуай “Энэ хэргийн мөрдөн байцаагч нь ямар хүн байна вэ” гэж манай даргаас асуугаад их сайшаасан гэсэн.
-Мөрдөгчийн эрх хэмжээ таны ажиллаж байсан үеийнхээс ихэд хумигдсан гэдэгтэй санал нийлэх үү?
-80 жил болж буй албаны 40 жилд нь би холбоотой ажиллажээ. 1992 онд анх УМБГ-ыг байгуулж, Прокурорын дэргэдэх болон тагнуулын байгууллагын мөрдөх байцаах нэгжүүдийг нэгтгэсэн, дарга нь ЦЕГ-ын дэд даргын статустай, мэргэжлийн, бие даасан чиг үүрэгтэй байгууллага бий болгосон л доо. Уг нь энэ их оновчтой байсан юм. Хэрэг шалгах ажиллагаанд алдаа дутагдал гарахгүй, нэгдсэн нэг удирдлагаар хангаж, зөв голдиролдоо орох байсан юм. Тэр үед Засгийн газрын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг уг нь гарсан байдаг. Түүнээс хойш хуулийг ч, Мөрдөн шалгах албаны бүтцийг ч олон удаа өөрчиллөө. Өдгөө прокурор, шүүхийн гол ажлыг мөрдөгч нар л хийж байна шүү дээ. Маш сайн хууль байсныг өөрчлөөд, мөрдөгч нарын эрхийг хасчихсан. Шүүгч, прокурорууд бэлэн хэрэг хараад л шүүн таслах ажлаа хэрэгжүүлж байна. Олон жил мөрдөн байцаагчаар ажилласан хүн хэрэгт шалгуулж буй иргэнийг гэмтэй юү, үгүй юү гэдгийг мэдэрдэг болдог юм. Тийм хэмжээнд мөрдөгчид бэлтгэгдэх ёстой гэдгийг энэ ташрамд залуучууддаа хандан хэлье.
Хэргийг нотлох гэдэг бол маш нарийн чимхлүүр ажил. Мөрдөгч бол нийгэмд шударга ёс тогтооход гол үүрэгтэй, нэн хариуцлагатай хүн байх ёстой. Тэд сайн байж гэмт хэрэгтнийг мөрөөр нь мөшгөн илрүүлж, нийгэмд гарч буй ёс бус зүйлийг шалгаж тогтоон, хариуцлагыг нь хүлээлгэнэ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгтнийг гишгэх газаргүй болгох нотолгоог мөрдөгч л тогтоох ёстой. Мөрдөгч нар, тэр дундаа хүн амины хэрэг мөрдөж буй ажилтнуудын гол анхаарах зүйл бол сонор сэрэмж. Хүний амь хөнөөсөн этгээд боломж л гарвал оргох, дахиад өөр нэгэнд халдахыг үгүйсгэхгүй. Ялангуяа хэд хэдэн хүний амийг бүрэлгэсэн этгээд бол хэцүү шүү.

-Шийдсэн гэмт этгээд хэргийг нь шалгаж байсан мөрдөн байцаагчдын аминд халдаад зугтсан тохиолдол бий. Тэр этгээдийн хүний амь бүрэлгэсэн хэд хэдэн хэргийг та тогтоож, шүүхээр шийдвэрлүүлж байсан гэдэг. Та энэ талаар ярьж өгөөч.
-Тухайн этгээд 1997 онд Архангай аймагт нэг эмэгтэйн амийг бүрэлгэн ойд цогцсыг нь булсан хэрэгт холбогдсон юм. Хулгайн хэргээр ял эдэлж байгаад оргосон Говь-Алтай аймгийн харьяат А гэдэг хүн уг хэргийг үйлдсэнээс гадна төвийн бүсийн аймгуудад өөр хэд хэдэн ноцтой хэрэг өдүүлсэн нь тогтоогдсон.
Тухайн үед Цагдаагийн дээд сургуулийг онц төгссөн дэслэгч цолтой залуу миний шавь болж ирж байлаа. Тэрбээр ахмад цолтой өөр нэг мөрдөн байцаагчийн хамт А-ийн үйлдсэн хэргүүдийг газар дээр нь шалгахаар Архангай, Баянхонгор луу авч явсан юм. “Зам шалгалт” гэж нэрлэдэг, одоо ч газар дээр нь ингэж шалгасаар байгаа. 1998 оны долоодугаар сард, наадмын өмнөхөн юм даа. Архангайд мөрдөн шалгах ажлаа хийчхээд өглөө үүрээр цаашаа яваад Чулуут сумын нутаг, Билүүтийн гарам дээр өнөөх гэмт этгээдийнхээ халдлагад манай хоёр мөрдөн байцаагч өртсөн. Эхлээд ахмадыг нь шархдуулаад, дараа нь дэслэгч цолтой миний шавийн цээж рүү буудан машиныг нь авч зугтсан байдаг.
Тэр үед гар утас гэж байгаагүй, пэйжер Монголд нэвтрээд удаагүй цаг үе. Амралтын өдөр пэйжерээр “Ажилдаа яаралтай ир” гэсэн дуудлага ирсэн. “Манай хоёр зүгээр байгаа даа” гэж бодон ажилдаа иртэл “Ийм айхтар юм боллоо, нисдэг тэргээр ниснэ, онгоцны буудалд бэлэн бай” гэсэн үүрэг өгөв. Дотор палхийгээд л явчихлаа. “Нэг нь өнгөрчихсөн юм шиг байна. Нөгөө нь шархтай эмнэлэгт хүргүүлсэн” гэсэн мэдээ ирсэн байв. “Хэн нь өнгөрчихсөн бэ” гээд лавлатал “Залуу нь” гэлээ. Томилогдож ирээд удаагүй, хэдхэн хоносон шавь минь буудуулаад амиа алдчихаж байгаа юм уу гээд дотор харанхуйлаад маш хүнд байдалд орсон. Тэр үед сумаас аймаг руу, аймгаас хот руу мэдээлэл дамжуулдаг, харилцаа холбоо тааруухан байсан үе шүү дээ. Тэр хооронд дутуу хагас, алдаатай зүйл ярьсан шиг байгаа юм. Нисдэг тэргээр хоёр цаг гаруй нисээд Чулуут сумын төвд буулаа. Хоёр хүнээ асуутал эмнэлэгт байгаа, хоёулаа амьд гэж хэлмэгц нь дотор онгойгоод л сайхан болж билээ. Сумын эмнэлгийн их эмч Дуламсүрэн гэдэг эмэгтэй хоёр алба хаагчийн маань амийг аварсан байв. Билүүтийн гармын дэргэд буудуулж машинаас унах үед нь малдаа явж байсан нутгийн иргэн хараад эмнэлгийн тусламж дуудсан юм билээ. Сумын төвөөс 5-7 км зайтай газраас морьтой давхиад очиход сумын эмнэлгийн их эмч бүх багаж хэрэгслээ аван хүн амаржих гэж буй дуудлагаар явахаар машиндаа сууж байхтай таарч, болсон явдлыг хэлж. Эмч шуурхай очиж, анхан шатны тусламж зөв үзүүлэн, сумын төвдөө авчирч, манай хоёр алба хаагчийн амийг аварсан. Шавь минь долоо хоног эмчлүүлээд л гарсан. Шарх нь амин газраас нь холуур өнгөрсөн байв.
-Нөгөөх этгээдийг хэн хаанаас баривчилсан юм бол?
-УМБГ-ын дарга бид хоёр Билүүтийн гарам руу очиж хэргийн газрын үзлэгээ хийгээд, тэндээсээ шөнө дундын үед Архангай аймгийн төвд очиход гэмт этгээдийг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгонд хүрсэн байсныг орон нутгийн цагдаагийнхан отож баривчилсан. Би Тусгай тасгийн ажилтны хамтаар Говь-Алтай аймагт онгоцоор хүрч, гэмт этгээдийг хот руу шилжүүлэн авахаар очсон. Тэгэхэд тус аймгийн цагдаагийн ажилтнууд нөгөөх этгээдийг хүлээд хааш нь ч хөдөлгөхгүй болгон хэвтүүлчихсэн байв. Тэрбээр өдөр нь унтчихаад, шөнө нь оргох гээд байдаг этгээд. Тиймээс хамт явсан ажилтнууддаа “Өдөр унтуулж болохгүй” гээд, зүүрмэглэх гэх үед нь ёворч сэрээсээр авч явсан. Говь-Алтайгаас Баянхонгор ортол хэд хэдэн сумын төв дамжин шалгалт хийхдээ сумын клубт нөгөөх оргодолтойгоо бүгдээрээ хононо. Сонор сэрэмж алдвал яаж ч мэдэх тийм хүнийг алдаж эндэлгүй хотод авчирсан.
-Тэгээд тэр А гэгч хэдэн хүний амь бүрэлгэснийг тогтоов?
-Шавь минь ажилдаа ороод мөнөөх А-ийн үйлдсэн, өөр нэг ноцтой хэргийг илрүүлсэн юм. Баянгол дүүрэгт нэг залууг гэрт нь хөнөөгөөд, тухайн байранд нь өөр нэг эмэгтэйг аваачин хүчиндэхийг завдсан, тэр бүсгүй гэмт этгээдээс зугтахын тулд өндрөөс унаад хүнд гэмтсэн эзэнгүй хэрэг гарсан байв. Шинэхэн дэслэгч маань хэрэгтэй танилцаж байхдаа “А-ийн өмнө үйлдсэн хүний амины хэргийн арга нь төстэй, ярьсан үг нь адилхан байна” гэдгийг хэллээ. Хүн гэртээ амиа алдсан, нэг эмэгтэй тухайн байрны цонхоор унаж гэмтсэн, эзэн холбогдогч нь тодорхойгүй уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс татан авч нягтлахад хохирогчийн эд зүйлийг эрэн сурвалжилсан тоот байсан юм. Эмэгтэй хүний хүрэн өнгийн “Скай” гэсэн бичигтэй гар цүнхийг нь эрэн сурвалжлахаар зарлажээ. А-ийг баривчлах үед машинаас нь тэр цүнх гарсан бөгөөд мэдүүлэгтээ хэнийх гэдгийг нь хэлээгүй. Тэр нь эд мөрийн баримт хадгалах өрөөнд байв. Түүнийг нь авчраад хохирогч эмэгтэйд үзүүлтэл цүнхээ таньсан. Мөн буланд байсан, А-ийн өмсөж байсан хувцаснуудаас өөрийнхөө өмдийг олчхов. Цагдан хорих төвд аваачин сэжигтнийг таниулах ажиллагаа хийхэд А-ийг шууд л таньсан.
А-ийн хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэхэд хулгайн 30-аад, хүний амь хөнөөсөн хоёр үйлдлийг хөдөлбөргүй тогтоосон. Цагдан хорих 461 дүгээр ангид шүүх хурлыг нь хоёр хоног хийгээд цаазаар авах ял оноосон. Манай хоёр ажилтан тэр хуралд хохирогчоор тогтоогдон оролцсон юм.
-Эхнэрээ хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлэх гэж байсан залууг аварсан гээд хуучны сонины шарласан хуудсанд танд хандан талархал дэвшүүлснийг уншиж байлаа. Тэр үед юу болсон юм бэ?
-1990-ээд оны дунд үе шиг санаж байна. Нэг иргэнийг эхнэрээ хөнөөсөн хэрэгт холбогдуулан дүүргийн цагдаагийн ажилтнууд Ганцхудагт хорьчхож. Шүүх эмнэлгийн шинжээч тухайн эмэгтэй живж нас барсан гэж дүгнэжээ. Тиймээс ванндаа эхнэрээ живүүлж хөнөөсөн гээд нөхрийг нь хориод 40-өөд хоног болсон байв. Шинжээчийн дүгнэлтээс өөр нотлох баримтгүй. Насанд хүрээгүй ихэр охидтой. Уг хэргийг судлаад үзтэл живүүлж амийг нь хөнөөсөн гэхэд эргэлзээтэй зүйл цөөнгүй байв. Тиймээс шинжээчийн дүгнэлт ташаарсан байх магадлалтай гэсэн бодол төрсөн юм. Оршуулгын газраас цогцсыг гаргаж авах тухай тогтоол үйлдэн, идэр есийн хүйтэнд бид бүрлээчийн шарилыг хуулийн дагуу гаргаж, эксгумац (шарилыг гарган цогцсыг дахин шинжлэх) хийлээ. Хэд хэдэн шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулахаар шийдэж, Анагаах ухааны их сургуулийн нэртэй профессорыг оролцуулахаар болсон. Улмаар талийгаач бүсгүй зүрхний дутагдалд орж нас барсныг тогтоосон. Ингэж эхнэрээ хөнөөсөн гэх хэрэгт ял шийтгүүлэх гэж байсан залуугийн хувь заяаг эргүүлж байлаа. Энэ бол мөрдөн байцаагчийн хамгийн гол ажил. Буруутныг яг олох, гэм буруугүй хүнийг хэрэг хийгээгүй гэдгийг тогтоох ёстой. Ганц шүүх эмнэлгийн дүгнэлтэд найдсан бол тэр гэмгүй залуу доод тал нь 15 жил, хүндрүүлбэл ялын дээд хэмжээгээр ч шийтгүүлж болох байв. Тэр залуу, ихэр охид нь маш их баярлаж, тухайн үеийн хэвлэлд талархлаа илэрхийлж байсныг чи уншиж л дээ.
-Хүн амины олон хэрэг шалгаж байсантай холбоотойгоор танд халдах оролдлого гарч байсан уу?
-Бий, бий. БНХАУ-ын ЭСЯ-ны харуулын цагдааг хөнөөж, бууг нь авч зугтсан хэргийг манай хэлтсийнхэн илрүүлэн шалгасан юм. Уг хэргийг үйлдсэн этгээд буугаа уурхайд аваачиж нуусан гэж мэдүүлээд бид орон нутагт зам шалгалтаар очлоо. Тэнд ашиглаж байгаад орхисон алтны уурхайн битүү нүх рүү биднийг оруулсан юм. Гэтэл удалгүй агааргүйдэж, ухаан алдаж унах шахсан. Тусгай тасгийн ажилтан маань самбаачлаад намайг тэр нүхнээс гаргасан л даа. Хаягдсан уурхайг сайн мэддэг тэр этгээд биднийг ухаан алдаж унамагц өөр нүхээр гарч оргох зорилготой байсан юм билээ. Энэ мэтээр амь, эрүүл мэндэд халдах гэсэн оролдлого нэг бус гарсан. Би архи уудаггүй тулдаа тэр болгоноос эсэн мэнд мултарсан байх.