Спортын гимнастикийг эх орондоо хөгжүүлэх зорилгоор дасгалжуулагч Д.Оюунтуяагийн сонгож авсан хүүхдүүдээс өдгөө хоёр тамирчин үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан тив, дэлхийн тэмцээнд оролцож, улсынхаа нэрийг өндөрт өргөх болсон. Тэдний нэг нь Э.Өсөхбаяр. Багшийнхаа удирдлагад олон жил бэлтгэл хийсэн тэрбээр өнгөрсөн хавраас томоохон тэмцээнүүдэд өрсөлдөж байна. Тухайлбал, Болгарын Варна хотод тавдугаар сарын 7-10- нд болсон “Дэлхийн цом”-ын зургаа дахь цувралд эрэгтэйчүүдийн чөлөөт хөдөлгөөн төрөлд IX байр эзлэв. Тус тэмцээний дараа Узбекистаны Ташкент хотыг (тавдугаар сарын 21-24) зорьж, долоо дахь цувралд амжилтаа ахиулан эхний таван байрт шалгарсан билээ. Түүнчлэн өмнөд хөршийн Гүйжөү мужийн Зүнъи хотод зургаадугаар сарын 18-28-нд зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ур чадвараа сорин харайлтын төрөлд VI байрт орж, Нидерландын Роттердам хотод аравдугаар сарын 17-нд эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болзол хангажээ. Японд энэ сарын 19-нд нээлтээ хийх “Айчи-Нагоя 2026” Азийн XX наадамд өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж буй түүнийг зочноор урилаа.
-Азийн наадмын тэмцээн багийн спортын төрлөөр үргэлжилж буй. Багийнхантайгаа Японыг хэзээ зорих вэ?
-Бид ирэх долоо хоногийн мягмар гарагт Японыг зорино. Спортын гимнастик зургаан хэрэглэлийн төрөлтэй. Монголын тамирчид чөлөөт хөдөлгөөн, харайлтын төрөлд амжилт гаргах магадлалтай тул хүндрэл, гүйцэтгэлдээ анхаарал хандуулж байгаа. Сүүлийн үед үндэсний шигшээ багийнхан олон улсын тэмцээнд өөрийн улсын шүүгчтэй оролцдог болсон. Манайхаас олон улсын шүүгч А.Энхтулга тус наадмын тэмцээнийг дэнслэх юм. Тэмцээний үед шүүгч, дасгалжуулагч хоёр тамирчдаа алдаа гаргуулахгүйн тулд зааж, зөвлөн түшиг тулгуур болдог. Узбекистаны Ташкент хотод өнгөрсөн хавар болсон тэмцээнд олон улсын шүүгчтэй оролцохын давуу талыг их мэдэрсэн. Бид “Айчи-Нагоя 2026” Азийн наадамд оролцсоныхоо дараа ДАШТ-д ур чадвараа сорих юм.
-Манайхан чөлөөт хөдөлгөөн, бариултай морь, харайлт, турникийн төрөлд финалын шатанд шалгардаг болсон. Азийн наадамд та хэдэн төрөлд оролцох вэ?
-Бид Азийн наадамд спортын гимнастикийн зургаан төрөлд оролцоно. Энэ удаа ямар орны тамирчид манайхантай өрсөлдөхийг тооцоолж, бэлтгэлээ хийж байгаа. Тус наадам Японд болох тул олимпын медальтнууд нь оролцох юм билээ. Миний хувьд 2023 онд үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсанаар “Дэлхийн цом”, Азийн АШТ-д улсаа төлөөлж оролцохдоо чөлөөт хөдөлгөөн, харайлтын төрөлд тус бүр V байрт шалгарсан. Би элемент, гүйцэтгэлээ өмнөхөөсөө илүү сайжруулахын төлөө хичээдэг. Дахиад ч сурна гэж боддог. Олон жил хичээллэхээр биед техникүүд суудаг. Бэртэлтэй байх хугацаанд би бэлтгэл хийгээгүй. Жилийн дараа өмнөх техникүүдээ ямар ч асуудалгүй хийж байсан. Тэр үед хэдэн мянган удаа давтаж хийсэн хичээл зүтгэлдээ талархсан шүү. Ийм болохын тулд 15 жил хөдөлмөрлөжээ. Би дөрвөн хүүхэдтэй айлын отгон хүү. Гэрийнхнээсээ ганцаараа спортоор хичээллэдэг. Аав, ээжийн удамд тамирчин хүн байдаггүй. Манайхан “Чиний гадаадын тэмцээнд оролцохыг очиж үзэх сэн” гэж ярьдаг юм.
-Та тавдугаар сараас эхлээд шил дарсан олон тэмцээнд оролцлоо. Өнгөрсөн жил өнжсөн цаг хугацаагаа 2026 онд амжилт болгож байна. Үүнийгээ ч “Дэлхийн цом”- ын цувралд харууллаа.
-Би өнгөрсөн жил бэртэлтэй байсан тул нэг ч тэмцээнд оролцоогүй. Энэ онд болсон “Дэлхийн цом”-ын эхний хоёр цувралд элементийнхээ гүйцэтгэлүүдийг санаандаа хүртэл хийгээгүй. Одоо бэртэл эдгэрч, биеийн байдал сайжирсан тул хойших тэмцээнд эргэн ирснээ харуулж, өөртөө итгэлтэй оролцохоор хичээж байна. Болгар улсад болсон “Дэлхийн цом”-д IX байрт орсон бол дараагийн цувралд чөлөөт хөдөлгөөний төрөлд шигшээ шатанд үлдэж, шагналт V байр эзэлсэн. Надтай хамт оролцсон Д.Энхтүвшин Азийн АШТ-ээс хүрэл медальтай ирсэн бол би харайлтын төрөлд VI байрт шалгарснаар Нидерланд улсад ирэх сард зохион байгуулах ДАШТ-д оролцох эрх гардлаа. Тивийн аваргууд ана мана өрсөлдсөн хүндхэн нөхцөлд Роттердам хотод хөл тавих болзол хангахдаа амжилтад хөтөлсөн багшаараа бахархаж их баярласан. Монголын баг 2020 оноос өмнө ДАШТ-д оролцдоггүй байлаа. Дасгалжуулагч, тамирчид уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд сүүлийн жилүүдэд эрх авч байна.
-Манай тамирчид өмнө нь томоохон тэмцээнд оролцохдоо сүрдэж, сандраад алдаа багагүй гаргадаг байсан. Одоо тэр бүх алдаанаасаа суралцсан болохоор ур чадвараа ахиулж, сэтгэл зүйн хувьд ч хаттай болсон байх.
-Тийм ээ. Бүх алдаа, дутагдлаасаа суралцаж, сэтгэл зүйн бэлтгэлтэй болсон гэдэгтэй санал нэг байна. Хилийн дээс алхаад зөвхөн өөрийгөө бус, улсаа бодож амжилт гаргах үүрэг хариуцлагыг сайтар ухамсарладаг. Тивийн тэмцээн ДАШТ-ээс өөр болдог ч Азийнхан Европын шилдгүүдийн хүчтэй өрсөлдөгч. Медаль хүртсэн тамирчдын олонх нь Азийн орнуудад байдаг тул энэ удаагийн наадамд спортын гимнастикийн төрөл тус бүрд аваргууд төрөх боломжтой. Тэр дундаа Япон, Хятадын гимнастикчид дасгал хөдөлгөөнүүдийг цэвэр гүйцэтгэдэг. Филиппин улс олимпын аваргатай. Карлос Юло “Парис 2024” олимпын наадмын спортын гимнастикийн чөлөөт хөдөлгөөн, харайлтын төрөлд түрүүлсэн.Тус улсын хоёр дахь олимпын аварга, хошой алтан медальтай анхны тамирчин болсон тэрбээр гаргасан амжилтаараа Зүүн Өмнөд Азийн спортын гимнастикт шинэ түүх бичсэн. Олон тамирчин хүндрэлтэй элементүүдийг хийхдээ алдаа гаргадаг бол тэрбээр маш цэвэр гүйцэтгэдгээрээ алдартай. Түүнийг олимпоос медаль хүртэхийг нь тухайн үед зурагтаар үзээд догдолж суусан. Тэрбээр Азийн наадмын дараа ДАШТ-д өрсөлдөнө. Бид олон улсын тэмцээнд цөөнгүй оролцсон болохоор нэгнээ танина.
-Итали, ОХУ-ын тамирчдын өрсөлдөөнөөс гимнастикийн спорт өндөр хөгжсөнийг хардаг. Хойд хөршийнхөн ДАШТ, олимпоос медальгүй үлдсэн удаа ховор.
-Оросын гимнастикчид өөрийн үндсэн суурь, техникээр илүү гэдгээ тэмцээний үед харуулдаг юм. Спортын гимнастикийн эрэгтэй, эмэгтэй тамирчид нь “Токио 2020” олимпын наадамд багаараа тэргүүлж, алтан медальтай нутаг буцсан. Парисын олимпыг өнжсөн тэдний тэмцээн, уралдаанд оролцох эрх нь сэргэсэн болохоор энэ удаагийн ДАШТ ширүүхэн, өрсөлдөөн ихтэй сонирхолтой болох байх. Би Серби, Малайзын тамирчидтай найз нөхдийн холбоо тогтоож, тэмцээнүүдийн талаар болон ойр зуурын зүйл ярилцдаг болсон. Би ДАШТ-д оролцохоор Недерланд улсад хоёр дахь удаагаа хөл тавих гэж байна. Бельгид болсон өмнөх ДАШТ-д оролцсоныхоо дараа тэнд очиж, тамирчидтайгаа хэд хоног бэлтгэл хийсэн юм.
-Гимнастикийн тамирчдын олонх нь залуудаа зодог тайлдаг юм билээ. Спортын зарим төрөлд бол үргэлжлүүлэн хичээллэх нас шүү дээ.
-Олон жил тэмцээнд оролцсон тамирчны хувьд туршлага хуримтлуулсан байдаг ч хүч түрэн гарч ирж буй залуусын адил элементүүдийг төгс гүйцэтгэхэд амаргүй болдог. Техникүүдийг 24-27 насандаа бүрэн эзэмшдэг тул амжилт гаргах оргил үе нь байдаг юм. Би энэ спортоор есөн настайдаа, үеийнхнээсээ арай хожуу хичээллэсэн. Тэр үед жижиг биетэй байсан болохоор нөхдөөсөө нэг их хоцролгүй сурсан гэж боддог. Спортын зарим төрөлд бол дөнгөж хичээллэдэг нас бол гимнастикийн хувьд амжилт гаргадаг үе нь. Намайг Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 57 дугаар сургуульд сурдаг байхад дасгалжуулагч Д.Оюунтуяа багш нэг өдөр ирж, хүүхдүүдийг сонгож авахад би багтсан юм. Гимнастикийн талаар ямар ч ойлголтгүй нөхөр зааланд очоод тамирчдын бэлтгэл хийхийг анх хараад “Монголд ингэж чаддаг хүмүүс байдаг юм байна шүү дээ” гэж бодож зогссоноо мартдаггүй. Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Д.Энхтүвшин бид хоёр нас чацуу. Нэг сургуулийн сурагчид ч өөр ангид сурдаг байлаа. Биднээс гадна тус сургуулиас төрсөн алдартай тамирчид бий. Тухайлбал, “Бээжин 2008” олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, Азийн аварга, дэлхийн хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар суралцсан. Э.Цэндбаатар сурагч байхдаа олимпоос мөнгөн медаль хүртсэн П.Сэрдамбын тулааныг үзээд боксоор хичээллэхээр шийдсэн гэдэг. Тэрбээр өөрийн сурч байсан сургуулийнхаа тамирчны залгамж халааг үргэлжлүүлснээр тивийн аварга, дэлхийн медальтан, мэргэжлийн бокст аваргын бүсний эзэн болж амжилт гаргасаар явна.
-Д.Оюунтуяа багшийн шавь болж, гадаадын тэмцээнд анх оролцсон дурсамжаасаа хуваалцаач. Миний мэдэхээр та 2015 оноос олон улс, 2018 оноос тивийн, 2023 оноос ДАШТ-д өрсөлддөг болсон.
-Азийн АШТ-д анх оролцсон хөгжилтэй дурсамжаа бодохоор хааяа инээд хүрдэг юм. Тэр үед тивийн томоохон тэмцээнд үеийнхээ шилдгүүдтэй өрсөлдсөн тул сүрдэж сандраад амжилт гаргаагүй. Тэр ялагдал том сургамж өгч, хойшид болох тэмцээнүүдийн өмнө тааруухан оролцсоныг минь байнга сануулдаг байв. Аав, ээжээсээ тэмцээний зардал гаргуулж, ар гэртээ зарцуулах мөнгийг нь танаж явчхаад медальгүй ирэх надад хүнд санагдаж, сэтгэлээр унадаг байлаа. Тамирчин хүнд амжилт гаргах цаг хугацаа бий. Би ялагдахыг муу зүйл гэж боддоггүй. Харин ч өөрийгөө хөгжүүлэх том хөшүүрэг гэж хүлээж авдаг. Хэсэг хугацаанд хэцүү санагддаг ч эргээд босох эрч хүч, сэтгэлийн тэнхээ өгдөг. Хатуужил тэсвэр, өрсөлдөгчөөсөө суралцах, ур чадвараа ахиулах, дараагийн тэмцээнд амжилт гаргах зорилготой болгож хурцалдаг. Амаргүй санагдсан бүхнийг ардаа орхиод урагшлахад аав, ээжийн дэмжлэг, багшийн минь урам өгч, зоригжуулсан зөвлөгөө их тус болсон. Хэрвээ намайг хэн нь ч ойлгоогүй бол энэ спортоос холдох байлаа.
-Өмнө нь “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнд оролцохдоо шигшээ наймд шалгарч үзэх сэн гэж боддог байв уу?
-Тийм ээ, энэ бодол миний сэтгэлдээ олон жил тээсэн мөрөөдөл минь байсан. 2024 онд зохион байгуулсан “Дэлхийн цом”-ын цувралд оролцохдоо шигшээ наймд шалгарч үзэх сэн гэж маш их хүссэн. Зорилгоо биелүүлэхийн тулд шаргуу хичээсэн. Хөдөлмөрлөсний хүчинд шигшээд шалгардаг болсон тэр үед маш их зүйл бодогддог юм билээ. Үүнд хүрэхийн тулд өнгөрсөн он жилүүдэд унаж, боссон өдөр, бэртэж гэмтсэн удаа цөөнгүй. Намайг шантартал минь олон зүйлээр сорьж, дуртай спортоос минь холдох хэмжээнд хүртэл бодогдуулсан бэрхшээлүүдийг давж гарахад сэтгэлийн тэнхээ маш их шаардсан. Тийм хүнд саадтай нүүр тулаагүй байсан бол би өдий зэрэгтэй тамирчин болохгүй байсан болов уу. Спортын гимнастикт мэргэжлийн тамирчдыг улсдаа бэлтгэж, Монголын гэж зарлуулаад тив, дэлхийн тэмцээний талбарт гардаг болсон нь багшийн минь сэтгэл, уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой. Үүнийг спортын хүрээллийнхэн төдийгүй үзэгчид ч мэднэ.
-Спортын гимнастикийн зааланд уран гимнастикийнхан ч хамт бэлтгэлээ базаадаг. Бүх хэрэгсэл материал нь хуучирч муудсан, хүйтэн, тухгүй орчинд олон тамирчин сургуулилалт хийхэд үр дүн гарах болов уу гэж боддог байлаа.
-Уран гимнастикийн тамирчид биднээс тусдаа бэлтгэлээ хийх болсон. Өвөл заал хүйтэн, бэлтгэл хийх хэрэглэл материалын чанар муудсан нь үнэн. Шигшээ багийнхан энд бэлтгэлээ хийж байгаад олон улсын тэмцээнд оролцоход өөр байх жишээтэй. Муухан байгаа болохоор элементүүдийнхээ хүндрэлийг сайжруулахад төвөгтэй. Ур чадвараа өмнөхөөсөө ахиулахаар хичээдэг ч иймэрхүү зүйлтэй байнга тулгардаг. Төр засгийн удирдлагууд хэрэглэл материалын чанар, бэлтгэл хийх орчин нөхцөлийг нь сайжруулаад өгвөл бидний төдийгүй хойшид залгамжлах дүү нарт минь хэрэг болно шүү дээ. Шигшээ багийнхныг БНХАУ, Турк улсад ирэх жилээс хамтарсан бэлтгэл хийлгэх талаар ярилцаж байгаа.
-Та тэмцээнд оролцож, цөөнгүй орноор явлаа. Дахиж зочилмоор таатай бодол төрүүлсэн нь аль улс вэ?
-Азийн орнуудаас Япон таатай сэтгэгдэл төрүүлсэн. Францад очихоосоо өмнө Эйфелийн цамхгийг харах сан гэж их боддог байлаа. Үүнийгээ хэрэгжүүлж, харах мөч үгээр зүйрлэж хэлмээргүй сайхан санагдсан. Мөн Египет улсад болсон олон улсын тэмцээнд оролцохдоо одоо ч нууц нь тайлагдаагүй оньсого шиг хэвээр үлдсэн эртний түүх, пирамидуудыг хараад сэтгэл өөрийн эрхгүй догдолсон. Тэмцээнээс тэмцээнд оролцсоор байгаад сүүлдээ аль ч орны орчин нөхцөлд дасан зохицож сурсан. Монголын тамирчид очсон улсынхаа уур амьсгал, цаг агаарт амархан дасдаг. Энэ нь ч тэмцээний үед хэрэг болно. Гадаадын тамирчид тухайн улсад тэмцээн эхлэхээс 7-10 хоногийн өмнө дасан зохицохоор очоод цагийн зөрүүнд нь их ядарсан харагддаг. Гэтэл манайхан гурван хоногийн өмнө очиж, тэмцээнд оролцоход нэг их хямардаггүй. Халуун, бүгчим уур амьсгалд удаан байх нь эрс тэс сэрүүн цаг агаарт дассан бидний хувьд амаргүй санагддаг.