Урлаг бол ердөө гоо зүйн таашаал мэдрүүлэгч хэрэгсэл бус, бидний амьдарч буй нийгмийн сайн сайхан, саад бэрхшээл болон тулгамдсан асуудлуудыг нээж, эргэцүүлэн бодоход хүргэдэг хүчирхэг дуу хоолой юм. Өнөө цагийн залуу уран бүтээлчид нэгэн хэвийн хайрцагт баригдалгүй, хамтын хүчээр шинэлэг сэтгэлгээ, уур амьсгалыг бий болгохоор зорьж байна. Тэдний нэг нь концептуал урлагаар дамжуулан нийгмийн сэдвүүдийг хөндөж, залуусыг нэгтгэн “ҮсэгТоо” нэгдлийг үүсгэн байгуулсан уран бүтээлч Э.Тогтуун юм. Түүнтэй уран бүтээлийнх нь үзэл санаа, “ҮсэгТоо” нэгдлийн зорилго болон “Хотын чимээ” үзэсгэлэнгийн талаар ярилцлаа.
-“ҮсэгТоо” нэгдлийг яагаад байгуулах болов. Энэ нэрийн цаана ямар утга учир байна вэ?
-Монголд залуу уран бүтээлчдийн нэгдэл тийм ч олон байдаггүй. Харин 2024 онд “Hyper сultural рassengers”-ийн “Резиденс” хөтөлбөрт хамрагдахаар Германд очихдоо уран бүтээлчдийн олон бүлэг, нэгдэл байдгийг олж харсан. Тэд үргэлж нэгдэж, хамтран ажиллаж, шинэ зүйл туршиж байгааг нь хараад ихэд сонирхсон л доо. Монголд буцаж ирснийхээ дараа надад ч бас ийм эрч хүчтэй, бүтээлч орчин хэрэгтэйг ойлгосон юм. Тиймээс ийм сонирхлын бүлэг бий болохыг хүлээхийн оронд өөрөө эхлүүлж үзье гэж шийдсэн.
Буцаж ирээд “Glass Candy” хэмээх хамтарсан үзэсгэлэн зохион байгууллаа. Тэр үеэс залуу уран бүтээлчидтэй танилцаж, ярилцаж, санаа бодлоо хуваалцаж эхэлсэн. Ингээд сонирхолтой бүтээл туурвидаг, надтай ижил зорилготой, эрч хүчтэй хүмүүсийг нэг нэгээр нь урьж уулзуулсаар идэвхтэй, сониуч, ямар нэгэн зүйл хийх хүсэл тэмүүлэлтэй залуусын жижигхэн нэгдэл бий болгосон түүхтэй.
Урлаг маш олон зүйлийг өөрчилж чадна гэдэгт би ч бас итгэдэг. Урлаг бол хүчирхэг зэвсэг төдийгүй нийгмийн дархлаа, “эмч” гэж боддог. Далд байгаа муу, муухайг ил гаргаж, бидний нэгэнт хүлээн зөвшөөрчихсөн зүйлсийг эргэж харахад хүргэдгээрээ давуу талтай. Өөрөөр хэлбэл, нэг талаараа биднийг эдгээхэд тусалдаг гэсэн үг. Тиймээс уран бүтээлчид хамтдаа байж, хөгжих хэрэгтэй. Олуулаа хүчээ нэгтгэвэл эрсдэлээс эмээлгүй, зоригтой ажиллаж, дуу хоолойгоо нийгэмд илүү тод хүргэж чадна. Тиймээс монгол уран бүтээлчид нэгнээ дэмжиж, зоригтой байж, нийгэмдээ бодит өөрчлөлт авчраасай гэж хүсдэг.
-Танай нэгдэл нийт хэдэн гишүүнтэй вэ?
- -Одоогоор есөн уран бүтээлч ажиллаж байна. Бидний дунд дизайнер, аниматор, дүрслэх болон орчин үеийн урлагийн уран бүтээлч, дуучин, хөгжимчин, гэрэл зурагчин, зохиолч, антропологич гээд өөр салбарын хүмүүс бий. Бид бие биеэсээ суралцаж, дэмжин тусалж, ганцаараа хийж барахааргүй хэцүү зүйлсийг хамтдаа бүтээхийг зорьдог. Хүн болгоны ертөнцийг үзэх үзэл, аливааг харах өнцөг өөр шүү дээ. Тиймээс дэлхий ертөнцийг харах бидний харилцан адилгүй олон талт өнцөг огтлолцох цэгээс цоо шинэ бүтээл, санаа төрөөсэй гэж хүсдэг юм. Цаашид энэхүү нэгдэл маань зөвхөн гишүүдийн тоогоор бус, шинэлэг санаа бодол, бат бөх нөхөрлөл, хамтын үнэ цэн болон бүтээл туурвилаараа өргөжин тэлээсэй гэж хүсэж байна. Бусдад бүтээл туурвих, бие биедээ санаа тавих, нийгэмдээ сайн сайхныг хийх зориг өгч чадвал бидний зорилго биелэх нь тэр.
-Уран бүтээл туурвих хүсэл эрмэлзэл, сэдлийг тань юу хамгийн их хөглөдөг бол?
-Би дунд ангиасаа л зураг зурах дуртай байсан. Харин ахлах ангидаа орчин үеийн болон концептуал буюу үзэл санааны урлагтай анх танилцсан юм. Монгол хэлний багш минь нэг өдөр Марина Абрамовичийн “The artist is present” бүтээлээр дамжуулан перформанс урлагийг бидэнд танилцуулж билээ. Тэр хүртэл би эл төрлийн урлагтай “таарч” байгаагүй. Өөрөөр хэлбэл, эл бүтээл урлагийн тухай миний ойлголтыг бүхэлд нь өөрчилсөн гэж хэлж болно. Чухам тэр үеэс л орчин үеийн болон концептуал урлагийг сонирхож, бусад уран бүтээлчийн арга барил, үзэл бодлыг гүнзгийрүүлэн судалж эхэлсэн. Урлагаар дамжуулан аливааг өөр өнцгөөс харж, сэтгэх олон шинэ гарцыг нээж чадсан гэж боддог. Ер нь энэ үеэс уран бүтээлч болохыг хүсэж байгаагаа ойлгосон.
-Нэг хэв маягт хайрцаглагдахгүйгээр өөрийн гэсэн орон зай, арга барилаа хэрхэн олж байна вэ?
-Тухайн бүтээлийнхээ санаа, концепцод тохируулан ашиглах арга барил, материалаа сонгодог. Харилцан адилгүй материал, эд зүйлс, хэлбэр дүрстэй ажиллаж, шинийг туршиж үзэх дуртай учраас нэг төрлийн арга хэрэгслээр өөрийгөө хязгаарлахыг хүсдэггүй юм.
Миний бүтээлийн гол санаанууд ихэвчлэн туулж өнгөрүүлсэн амьдрал, тулгарсан саад бэрхшээл, хувийн туршлага болон орчин тойрноо ажиглах явцаас урган гардаг. Өөрөө сайн мэдэхгүй, туулж үзээгүй зүйлийнхээ талаар хийсвэрлэн туурвихаас илүүтэй үнэхээр ойлгож, сэтгэлээрээ мэдэрсэн сэдвээ хөндөхийг чухалчилдаг. Тэгж байж л тухайн бүтээл илүү “амьд”, өөрийн гэсэн үнэн өгүүлэмжтэй болно шүү дээ. Тухайлбал, өнгөрсөн өвөл би Улаанбаатарын агаарын бохирдлыг сэдэв болгон ашиглаж, бүтээл хийхээр шийдсэн юм. Агаарын бохирдлыг ердөө зурагт дүрслэн харуулахаас илүүтэй бүтээлийнхээ үндсэн материал болгон ашиглахыг зорьсон.
-Хотын агаарыг ашиглан бүтээл туурвина гэдэг зарим хүнд боломжгүй зүйл мэт санагдаж магадгүй юм?
-Бид Улаанбаатарын агаарын бохирдолд үргэлж бухимдангуй ханддаг шүү дээ. Амьдралынхаа хором бүрд бохир агаараар амьсгалж байна гэж бодохоор бухимдахаас өөр аргагүй. Нэгэнт ажил, амьдрал маань энд байгаа учраас “зугтах” ямар ч боломжгүй. Гэхдээ зүгээр л хувь заяатайгаа эвлэрэхийн оронд түүнтэй нүүр тулж, уран бүтээл болгон хувиргахыг хүссэн минь энэ.
Нэг өдөр “Агаарын бохирдлыг ч гэсэн урлагийн материал болгон ашиглах боломжтой юм байна” гэсэн санаа гэнэт орж ирсэн. Агаарыг тусгай шүүлтүүрээр шүүж, тоосонцрууд нь хэрхэн тунаж үлдэхийг ажиглаж чадвал нүдэнд үл харагдах тэрхүү хорт агаарыг бодитоор харуулах боломжтой. Энэ бүтээлийг туурвих сэдэл ингэж л төрсөн дөө. Өөрөөр хэлбэл, зургаар хийсвэрлэн дүрслэхийн оронд бохирдлыг өөрийг нь “барьж аваад” нүдэнд харагдахуйц бодит зүйл болгохыг хүссэн хэрэг. Бид яг юугаар амьсгалж байгааг хүмүүст харуулах ёстой шүү дээ. Үндсэндээ өдөр бүр амьсгалж буй бохир агаараа шууд зотон дээр буулгасан гэсэн үг. Ирэх өвөл энэ арга барилаа илүү гүнзгийрүүлэн хөгжүүлж, турших бодолтой байгаа.
-Нэгэнт их хотын тухай ярьсных “Хотын Чимээ” үзэсгэлэнгийн талаар асуулгүй өнгөрч болохгүй байх. Та бүхэн яагаад заавал хот гэдэг сэдвийг онцлох болов?
-Үндсэн концепцын хувьд хүн бүр өөрийн өнцгөөс харж, өөрөөр тайлбарлаж болохуйц өргөн, нээлттэй сэдэв учраас хотыг сонгосон. Ямар сэдэв сонгож, ямар бүтээл туурвихаа ярилцаж байх үед санаа бодол маань бүгд нэг зүйлтэй холбогдож буйг анзаарсан. Тэр нь бидний амьдарч буй хот байсан. Бид бүгд энэ хотод амьдарч, ажиллаж, суралцаж, өсөж хөгжиж байгаа ч хүн бүр өөрөөр мэдэрдэг. Тиймээс уран бүтээлч бүрийг нэг тодорхой сэдэвт барихын оронд хотыг бүхэлд нь авч үзээд, өөрийн өнцгөөс илэрхийлэх нь зөв юм байна гэж шийдсэн. Ингээд үзэсгэлэн маань бидний амьдарч буй энэ хотыг олон өнцгөөс харуулсан бүтээлүүдийн нийлбэр болсон.
Эхэндээ хэлбэр, арга, материалын хувьд харилцан адилгүй бүтээлүүд нэг орон зайд хэр нийцэх бол гэж бага зэрэг санаа зовсон нь үнэн. Гэхдээ бүтээлүүдээ байрлуулж эхлэхэд өөрсдөө ч гайхсан. Яг л эвлүүлдэг тоглоомын хэсгүүд шиг нэг нэгнээ нөхөж байлаа. Тус тусдаа өөр харагдаж байсан бүтээлүүд нэг орон зайд нийлээд ирэхээрээ нэгэн цогц утга санаа бий болгосон. Мөн эл үзэсгэлэнгийн хамгийн сайхан зүйл нь бид нэг нэгнээсээ салж хагацахаа больсон явдал. Үнэхээрийн дотно, жинхэнэ нөхөрлөлийг бий болгож чадсан. Бид хоорондоо маш амархан ойлголцож, нэгнээ дэмждэг болсон. Хамтдаа үнэхээр сайхан байдаг.
Үзэсгэлэн үзсэн хүмүүсийн хандлага ч бидэнд их урам өгсөн. Олон хүн шинэ, өөр мэдрэмж авсан тухайгаа хэлж, шинэ үеийн уран бүтээлчид нэгдэж, өөрсдийн дуу хоолойг нийгэмд хүргэж байгааг сайшаасан. Мөн ахмад уран бүтээлчид, урлагийн салбарынхан маань ч биднийг дэмжиж, урам хайрласан.
-“Save Mongolian language” төсөл таны анхны том ажил байв уу. Ер нь эх хэл, соёлын сэдэв бүтээлд тань хэр чухал орон зай эзэлдэг вэ?
-”Save Mongolian language “ ханын зургийн төсөл бол миний хамгийн анхны ажил байсан. Бүх зүйл яг тэр үеэс буюу 2020 оноос эхэлсэн гэж хэлж болно. Тухайн үед би дөнгөж их сургуульд элсэн орчихсон, өөрийнхөө юу хийж чаддагийг бусдад харуулах боломж хайж байв. “ARTO crew”-ийн ахлагч миний бүтээлүүдийг олж хараад, энэхүү ханын зургийг хийх боломж олгосонд одоо ч баярлаж явдаг. Тус хөдөлгөөний үеэр олон хүн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж, гудамжинд жагсаж байсан шүү дээ. Харин “ARTO crew”-ийнхний хувьд үүнийг хотын орон зайд бодитоор үлдээж, эх хэлээ хамгаалахын ач холбогдлыг хүмүүст үргэлж сануулах зорилгоор тэдгээр бүтээлийг туурвисан юм.
-“ҮсэгТоо” нэгдлийн дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Бидний хамгийн том зорилго бол илүү шинэлэг зүйлийг хамтдаа санаачилж, бүтээлч бөгөөд эрүүл орон зай бүрдүүлэх явдал юм. Энэхүү нэгдэлд дизайнер, инженер, эрдэмтэн, зохиолч, судлаач, хөгжимчин гээд олон салбарынхан цуглаж, санаа бодлоо чөлөөтэй солилцдог байгаасай гэж хүсдэг. Бид үйл ажиллагаагаа зөвхөн уран бүтээлчдээр хязгаарлахыг хүсэхгүй байна. Төрөл бүрийн салбарын залуус нэгнээсээ суралцаж, туршиж, хамтдаа бүтээдэг орон зайг бий болгохыг зорьж байгаа юм.
У.Сүрэн