Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхантай ярилцлаа.
-Нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг та ямар өнцгөөс харж байна вэ?
-Нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт гэдэг бол зүгээр нэг тоосго, цемент, асфальтын тухай асуудал биш. Энэ бол иргэдийн амьдралын чанар, хүүхдийн аюул гүй орчин, татвар төлөгчдийн мөнгөний үр ашиг, цаашлаад нийслэлийн хөгжлийн тухай асуудал. Сургууль хаана барих вэ, цэцэрлэг хэзээ ашиглалтад орох вэ, орон сууцны хороолол дагаад инженерийн болон нийгмийн дэд бүтэц бүрдэх үү гэдэг асуулт болгон айл өрхийн өдөр тутмын амьдралтай шууд холбоо той. Тиймээс хөрөнгө оруулалтын ажлын үр дүнг зөвхөн хэдэн барилга барьсан, хэдэн төг рөг зарцуулснаар бус, иргэдийн амьдралын ча нарт бодит ямар өөрчлөлт авчирснаар хэмжих ёстой.
-Та “алдаа гарсны дараа засдаг бус, урьдчилан сэргийлдэг тогтолцоонд шилжих ёстой” гэж онцолж байна. Яагаад энэ зарчим чухал вэ?
-Өнөөдөр бидэнд хүлээн зөвшөөрөх ёстой нэг үнэн бий. Алдаа гарсны дараа засдаг тогтолцоо өртөг өндөртэй, удаан, иргэдийг чирэгдүүлж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах эрсдэлтэй. Харин урьдчилан сэргийлэх тогтолцоо хямдхан учраас бус, ухаалаг учраас зөв. Шуурхай учраас бус, тогтвортой учраас чухал. Энэ бол зөвхөн удирдлагын арга барилын өөрчлөлт биш. Хотыг яаж төлөвлөх, хөрөнгө оруулалтаа хэрхэн удирдах, нэг гаргасан алдаагаа дахин давтахгүй байх тухай суурь шинэчлэл юм. Бид нэг зам тавьчхаад маргааш нь шугам сүлжээний ажил гээд дахин ухдаг. Нэг хороолол ашиглалтад оруулчхаад дараа нь сургууль, цэцэрлэгийн газар хайдаг. Зураг төсөл дутуу, инженерийн шийдэл сул байснаас төсөвт өртөг нэмэгдэж, гэрээт хугацаа сунжирч, эцэст нь барилгын чанарынталаар маргаан үүсэх тохиолдол бий. Алдаа гарсны дараа ажлын хэсэг байгуулж, хурал хийж, тайлбар тавьж, буруутан хайдаг. Гэтэл энэ хугацаанд иргэд цагаа, боломжоо, хамгийн гол нь итгэлээ алддаг.
-Иргэд зам тавиад удалгүй дахин ухдаг асуудлыг их шүүмжилдэг. Үүний гол шалтгаан нь юу вэ?
-Хотын нэг гудамжны асфальт зарим айлын хивснээс олон удаа сөхөгдөж байна гэж иргэд хошигнодог. Гэхдээ энэ хошигнолын цаана бодит бухимдал бий. Үүний цаана байгууллагын уялдаа сул, салбар хоорондын төлөвлөлт дутмаг, хяналтын тогтолцоо хоцрогдсон зэрэг асуудал байна. Нэг байгууллага замаа тавьдаг, дараагийн байгууллага нь шугам сүлжээний ажлаа эхлүүлдэг байж болохгүй. Бид үүнийг “ингэж л байдаг” гэж хүлээн зөвшөөрөх ёсгүй. Энэ бол хэвийн үзэгдэл биш, засах ёстой тогтолцооны доголдол. Тиймээс алдаа гарсны дараа засах бус, урьдчилан сэргийлэх зарчим бол өнөөдрийн хамгийн чухал шинэчлэлийн нэг гэж үзэж байна.

-Тэгвэл энэ шинэчлэлийг юунаас эхлэх ёстой бол?
-Юуны өмнө нийслэлийн хөрөнгө оруулалт нэгдсэн төлөвлөлтөд суурилдаг болох ёстой. Хот төлөвлөлт гэдэг барилга нэг бү рийг салангид тооцох биш, тухайн орчин дахь амьдралын урсгалыг бүхэлд нь харах ухаан. Төлөвлөсөн байршил зөв үү, инженерийн дэд бүтэц хүрэх үү, зам, дулаан, ус, ариутгах татуурга, цахилгаан, холбоо бэлэн үү гэдгийг эхнээс нь тооцох шаардлагатай. Үүнтэй зэрэгцээд сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, нийтийн тээвэр, эмнэлэг, үйлчилгээний төв зэрэг нийгмийн дэд бүтцээ төлөвлөх ёстой. Эдгээр асуултад хариулахгүйгээр орон сууцын хороолол, хотхон барина гэдэг ханагүй байшинг дээвэрлэж байгаатай адил.
-Байгууллагуудын уялдаа холбоо энд хэр чухал вэ?
-Маш чухал. Нэг байгууллага газар олгодог, нөгөө нь зураг төсөл баталдаг, гурав дахь нь шугам сүлжээний боломжгүй гэдгийг дараа нь мэдэгддэг, дөрөв дэх нь замын ажлаа тусдаа эхлүүлдэг байдал үргэлжилбэл хэчнээн их төсөв батлаад ч бодит үр дүн гарахгүй. Байгууллагын болон салбар хоорондын уялдаа гэдэг сайхан сонсогдох үг биш, бүтээн байгуулалтын амин судас юм. Сургууль, цэцэрлэгийг хүн амын төвлөрөл бий болсны дараа биш, түүнтэй зэрэгцүүлэн төлөвлөх ёстой. Орон сууцын хорооллыг ашиглалтад оруулахдаа зам, зогсоол, явган хүний аюулгүй орчин, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хамт харах хэрэгтэй. Нэгдсэн төлөвлөлтгүй хот өргөждөг ч хөгждөггүй. Харин нэгдсэн төлөвлөлттэй хот иргэдийн амьдралыг хөнгөвчилж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой.
-Төслийн удирдлага, менежментийн хувьд ямар өөрчлөлт шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Төслийн удирдлага, төслийн менежментээ олон улсын жишигт нийцүүлэн шинэ түвшинд гаргах шаардлагатай. Төсөл гэдэг тендер зарлаад, гэрээ байгуулаад, барилгаа бариад, тууз хайчлаад дуусдаг ажил биш. Санаачилгаас эхлээд зураг төсөл, санхүүжилт, худалдан авалт, барилга угсралт, хяналт, ашиглалтад оруулах, дараах үнэлгээ хүртэл үргэлжлэх бү рэн мөчлөгтэй ажил. Энэ мөчлөг бүхэлдээ мэргэжлийн удирдлага шаарддаг. Төсөл хэрэгжүүлэх дарааллаа ч зөв тогтоох хэрэгтэй. Эхлээд байршил, дараа нь иж бүрэн зураг төсөл, инженерийн дэд бүтэц, санхүүжилт, эрс дэлийн үнэлгээ, түүний дараа гүйцэтгэл, эцэст нь чанарын баталгаатай ашиглалтад оруулах ёстой. Энэ дарааллыг алгасвал алдаа гарна. Алдаа гарахад өртөг өснө. Өртөг өсөхөд төсвийн үр ашиг буурна.
-Барилгын чанарт зураг төсөл хэр их нөлөөлдөг вэ?
-Зураг төсөл бол барилгын хувь заяа гэж хэлж болно. Зураг төслийн чанар сул байвал талбай дээр хэчнээн сайн ажиллаад ч зардал өсөж, хугацаа алдаж, эрсдэл нэмэгдэнэ. Тиймээс зураг төсөл боловсруулах үе шатанд барилгын норм, дүрэм, стандарт, аюулгүй ажил лагааны шаардлага, байгаль орчны шалгуур, ашиглалтын үеийн хэрэгцээ, цаашдын засвар үйлчилгээний өртгийг хүртэл тооцох шаардлагатай. Бид зураг төсөл батлагдсаны дараа алдаа хайдаг биш, боловсруулах үед нь алдааг илрүүлдэг тогтолцоонд шилжих ёстой.
-Монгол Улсад мөрдөж буй барилгын норм, стандартыг шинэчлэх шаардлага бий юу?
-Зайлшгүй бий. Технологи, материал, инженерийн шийдэл маш хурдтай хөгжиж байна. Бид шинэ технологи, шинэ материал, орчин үеийн инженерийн шийдэл ашиглах гэж байгаа бол түүнийг хуучин хэвшлээр хэмжиж болохгүй. Стандарт хөгжлөөсөө хоцорвол бү тээн байгуулалтын хөгжил саарна. Харин ор чин үеийн шаардлагад нийцсэн стандарт нь чанарын баталгаа болж чадвал барилгын чанар, аюулгүй байдал, хөрөнгө оруулалтын үр ашиг дээшилнэ. Энэ бол зөвхөн инженерүүдийн асуудал биш. Татвар төлөгчдийн мөнгөний асуудал.
-Та ФИДИК-ийн зарчим, гэрээний удирдлагыг онцолж байна. Ямар ач холбогдолтой вэ?
-ФИДИК-ийн зарчим, гэрээний удирдлага, эрсдэлийн удирдлага, хариуцлагын тэнцвэртэй тогтолцоог томоохон төслүүдэд бодитоор нэвтрүүлэх шаардлагатай. Гэрээ гэдэг маргаан гарсны дараа сөхөж хардаг хавтас биш. Эрсдэлийг урьдчилан хуваарилж, талуудын үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, хугацаа, чанар, өртөг, хяналтыг нэг мөр болгодог удирдлагын баримт бичиг. Гэрээний удирдлага сул бол төслийн удирдлага сул байна гэсэн үг. Үүний үр дагаварт гэрээт хугацаа хэтрэх, төсөвт өртөг нэмэгдэх, хяналт алдагдах, төсвийн хөрөнгийн үр ашиг буурах эрсдэл бий болдог.
-Захиалагчийн болон техникийн хяналтыг хэрхэн шинэчлэх ёстой вэ?
-Хяналт гэдэг ажлын төгсгөлд очоод зураг авах ажил биш. Хяналт эхлэлээс нь оролцож, алдаа гарахаас өмнө зогсоох ажил байх ёстой. Захиалагчийн хяналт сул бол хугацаа хойшилно. Техникийн хяналт сул бол чанар муудна. Хяналтын тогтолцоо сул бол хариуцлага замхарна. Материалын чанар, ажлын үе шат, далд ажлын акт, лабораторийн шинжилгээ, аюулгүй байдлын шалгалт, талбайн болон санхүүгийн гүйцэтгэл, хугацааны ахиц бүгд шат шатандаа бодит хяналттай байх шаардлагатай. Хяналт ил тод, шударга бөгөөд шуурхай шийдвэр гаргахад чиглэсэн байх ёстой.
-Энэ бүхэнд цахимжилт ямар үүрэгтэй байх бол?
-Цахимжилт онцгой чухал. Цахим хяналтгүйгээр орчин үеийн төслийн менежментийнталаар ярих боломж хязгаарлагдмал. “Цаасан дээр 90 хувь, талбай дээр 50 хувь” байдаг зөрүүг таслах хэрэгтэй. Нэг системд зураг тө сөл, гэрээ, төсөвт өртөг, ажлын график, гүй цэтгэлийн тайлан, хяналтын дүгнэлт, фото болон дүрс баримт, ашиглалтад оруулах бэлтгэл, баталгаат хугацааны мэдээлэл хүртэл холбогддог цахим хяналтын тогтолцоонд шилжих шаардлагатай. Энэ бол хэн нэгнийг айлгах, хэн нэгнийг хамгаалах хэрэгсэл биш. Бодит үр дүн, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх шинэ шат юм.
-Тогтолцоог шинэчиллээ гэхэд хүний нөөцийн чадавх хүрэлцэх үү?
-Тогтолцооны шинэчлэлийг хүний нөөцийн чадавх, мэргэжлийн ур чадвар, технологийн чадавхтай зэрэг хөгжүүлэхгүй бол үр дүнд хүрэхгүй. Сайн хууль байгаад сайн гүйцэтгэл өөрөө бий болдоггүй. Сайн систем нэвтрүүлээд сайн мэргэжилтэн автоматаар бий болохгүй. Урьдчилан сэргийлэх тогтолцооны төвд хүн байдаг. Төсөл боловсруулж буй инженер, зураг төслийн баг, хяналтын инженер, захиалагчийн менежер, гэрээний мэргэжилтэн, санхүүгийн шинжээч, лабораторийн ажилтан, талбайн удирдлага, гүйцэтгэгч байгууллагын баг бүгд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах шаардлагатай.
-Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг ямар зарчмаар хөгжүүлэх нь зөв бэ?
-Төр, хувийн хэвшил бие биеэ сэжиглэх биш, стандарт дээрээ нэгдэж, хариуцлага дээрээ хамтарч ажиллах хэрэгтэй. Хувийн хэвшил зөвхөн ажил авагч биш. Технологи, инновац, бүтээмж авчирдаг түнш. Төр ч зөвхөн захиалагч биш. Чанарын баталгаа, шударга өрсөлдөөн, ил тод дүрмийг бүрдүүлэгч байх ёс той. Энэ түншлэл зөв суурьтайболнийслэлийн хөгжил хурдасна. Харин дүрэм, хариуцлага тодорхой бус байвал маргаан нэмэгдэнэ.
-Бүтээн байгуулалтын бодит үр дүнг юугаар хэмжих ёстой гэж та үзэж байна вэ?
-Шинэ орон сууцын хороолол сүндэрлэн бослоо гэж бодъё. Гаднаас нь харахад сайхан. Гэтэл сургууль нь хол, цэцэрлэг нь хүрэлцээгүй, авто зам бүрэн дуусаагүй, бохирын шугамын хүчин чадал дутуу, автобусны буудал төлөвлөгдөөгүй байвал тэр хороолол ир гэдийн амьдралын чанарыг нэмсэн үү, эсвэл шинэ хүндрэл бий болгосон уу гэдгийг асуух хэрэгтэй. Шинэ барилга баригдсан ч шинэ асуудал дагуулж байвал тэр бол бүрэн утгаараа бүтээн байгуулалт биш. Хойшлуулсан алдаа болж хувирна. Сургууль барьсан ч гадна тохижилт дутуу, дулааны эх үүсвэр бүрэн шийдэгдээгүй, спорт талбай стандарт хан гаагүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүр тээмжгүй байвал “дараа нь засна” гэж болохгүй. Хүүхэд “дараа жил” хүлээдэггүй. Хот “түр орхиё” гэж хөгждөггүй.
-Төсвийн хөрөнгийн үр ашгийг хэрхэн харах ёстой бол?
-Төсвийн хөрөнгө бол эзэнгүй мөнгө биш. Татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс нийслэ лийн хөрөнгө оруулалт бүрийн ард хариуцлага байх ёстой.Хэдэн төгрөг зарцуулсан бэ гэдгээр бус, хэдэн хүний амьдралд бодит өөрчлөлт ав чирсан бэ гэдгээр хэмждэг тогтолцоонд шилжих хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын үр өгөөж гэдэг барилга босгосон тоо биш. Ажиллаж байгаа сургууль, хүртээмжтэй цэцэрлэг, найдвартай инженерийн шугам сүлжээ, аюулгүй зам, тав тухтай орчин, иргэдийн амьдралын чанарт гарсан ахиц юм.
-Тэгвэл цаашид хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ажлуудыг хэрхэн тодорхойлов?
-Хийх ажил тодорхой. Нэгдүгээрт, нэгдсэн төлөвлөлтөө чанд мөрдөх ёстой. Хоёрдугаарт, төслийн удирдлага, менежментээ олон улсын жишигт хүргэх шаардлагатай. Гуравдугаарт, ФИДИКийн зарчим, гэрээний болон эрсдэлийн удирдлага, хугацааны хяналт, ча нарын баталгааг бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, захиалагчийн болон техникийн хяналтыг цахимжуулж, хяналтын тогтолцоогоо шинэчлэх шаардлагатай. Тавдугаарт, мэргэжлийн ур чадвар, хүний нөөц, технологийн чадавхаа зэрэг нэмэгдүүлэх ёстой. Зургаадугаарт, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг ил тод, хариуцлагатай, үр дүнд суурилсан зарчмаар бэхжүүлэх хэрэгтэй.
-Эцэст нь нийслэлийн иргэдэд хандаж юу хэлэх вэ?
-Энэ бол зөвхөн барилгын салбарын асуудал биш. Хотын ирээдүйн дүр зураг юм. Хүүхэд сургуульдаа хэр хол явах вэ, ээж, аав зам дээр хэдэн цаг өнгөрүүлэх вэ, иргэд аюулгүй, тав тухтай орчинд амьдрах уу гэдэгтэй шууд холбоотой асуудал. Энэ бол нийслэлийн хөгжил. Бид өнөөдөр засварын араас гүйдэг хандлагаасаа салж чадвал маргааш алдааны араас биш, үр дүнгийн араас урагшилна. Асуудал гарсны дараа сандардаг бус, асуудал гарахаас нь өмнө хардаг, хэмждэг, зогсоодог, засдаг тогтолцоог хамтдаа байгуулах ёстой. Чөлөөлөлт гэдэг нь зөвхөн эдийн засгийн чөлөөлөлт биш. Үргүй зардлаас чөлөөлөх, давтагдсан алдаанаас чөлөөлөх, хүнд суртлаас чөлөөлөх, замбараагүй төлөвлөлтөөс чөлөөлөх үйл хэрэг юм. Эцсийн зорилго маш тодорхой. Алдаа гарсны дараа засдаг бус, алдаа гарахаас урьдчилан сэргийлдэг тогтолцоонд шилжиж, төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт бүрийг иргэдийн амьдралын чанар, нийслэлийн хөгжилд бодит үр өгөөжтэй болгох ёстой.