Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, МУИС-ийн эмерит профессор, Япон улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор Содовсүрэнгийн Нарангэрэлтэй уншигчдаа уулзуулж байна. Энэ эрхэм “Ёс суртахууны хариуцлага хуулийнхаас хатуу. Ёс суртахуун бол хуулийн амин сүнс” хэмээх үгийг олонтоо хэлсэн нь бий. “Монголчуудын ёс суртахуун: Сэргэлт, ялзрал, эргэн сэргээлт”, “Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, монголчууд”, “Хуулийн амин сүнс буюу Чингис хааны гэрээс”, “Орчин үеийн ОросМонгол хууль зүйн тайлбар толь”, “Монгол-Англи хууль зүйн толь бичиг”, “Хуулийн амин сүнсний эрэлхийлэл (Чингис хааны гэрээс)”, “Чингис хааны ёс суртахуун-эрх зүйн шастир” тэргүүтэй олон арван бүтээл туурвисан. Үүгээр тогтохгүй яллах, өмгөөлөх чиг үүргийн ажлаас аль алиныг нь хийж үзсэн түүний “Р.Чойномд тулгасан ял”, “Зохиомол хэрэг буюу Н.Энхбаярын өмгөөлөгчийн тэмдэглэл”, “Амьд эрх зүй” ном нь тухайн цаг үедээ багагүй шуугиан тарьж байв. Ингээд түүнтэй монголчуудын ёс суртахуун, үндэсний эв нэгдлийн талаар ярилцсанаа хүргэе.
-Та яг одоо ямар ажил, эрдэм шинжилгээний бүтээлд төвлөрч байна вэ. “Надад хугацаа бага тул амжуулах зүйл их байна” гэсэн тань юуны түрүүнд санагдаад.
-2019 онд монголчуудын дээд шүтээн Бурхан Халдуны Дээд цагаан арал гэдэг газарт “Дээдийн дээд хүндлэл” хэмээх цогцолборыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Хурцаатай хамтран байгуулсан юм. Эл хайрхан бидний өлгий нутаг, гал голомт шүү дээ. “Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно, гэргий Гоо маралын хамт тэнгис далайг гатлан ирээд Онон мөрний эх Бурхан Халдун уулнаа нутаглаж, Батцагаан нэртэй нэгэн хүү төрүүлэв” гэж “Монголын нууц товчоо”-нд бий. Эзэн Чингис хаан ч мөн “Гурван мөрний тэргүүнд хэнийг ч бүү буулгагтун” хэмээн зарлигдаж, дархлан онголж байсан түүхтэй. Тиймээс Бурхан Халдуныг нүдний цэцгий мэт хайрлан хамгаалах нь монгол хүн бүрийн ариун үүрэг. Саяхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар эл хайрхны орчимд төрийн тахилгын ёслол хийх, төрийн сүлдийг тахих цогцолбор байгууллаа. Ингэснээр иргэд эцэг өвгөдийнхөө алтан ясан дээгүүр гишгэчин, тахих нэрээр байгаль орчноо сүйтгэж, бохирдуулдаг зүй бус үйлдэл үндсэндээ зогсож байна. Энэ асуудлыг анхаарч, арга хэмжээ авсанд судлаачийн хувьд тун баяртай байгаа.
Үүнээс гадна ирэх жил XIX-XX зууны эхэн үеийн тэргүүн зэргийн философич, Монголын уламжлалт буддын шашны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, судалгаа, шинжилгээний олон бүтээл туурвисан Номч мэргэн Зава Дамдин ринбүчигийн мэндэлсний 160 жилийн ой тохионо. Энэхүү эрхэм хүн бол 1921 онд байгуулагдсан Судар бичгийн хүрээлэн буюу өнөөгийн ШУА-ийн анхны академичдын нэг байв. Тэрбээр 200 гаруй бүтээлээ төвөд хэлээр туурвисан байдаг. Зава Дамдин ринбүчи нь хуучнаар Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу, одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул. Нутагтаа байгуулсан сүм хийд нь 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр сүйдсэн. Харин тус сум бол миний аавын төрсөн нутаг. Эцэг минь Монголын томоохон эрдэмтэн, судлаач хүн байсныг дурдах нь зүйтэй. БНМАУ БНХАУ-тай 30 хэсэгт үүссэн 17 321 ам километр нутаг дэвсгэрийн ноцтой маргааныг шийдвэрлэх асар хариуцлагатай, “хүнд” хэлэлцээрт Засгийн газрын онцгой таван гишүүний нэгээр оролцож байв. Хүн эцэг, эхийнхээ хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр шимийг хүртэж явдаг нь амьдралын жам ёс болохоос бус, нэг онцгой хүн төрөөд шууд сайн сайхан амьдарна гэж байдаггүй юм байна л даа. Би энэ жил Дундговь аймгийн Дэлгэрцогт сумд нэлээд хэдэн удаа очиж, ажиллалаа. Миний аав 1960-аад оны сүүлчээс Атар газар эзэмших болон Улсын ургацын комиссын Намын төв хороо, Засгийн газрыг төлөөлсөн онцгой төлөөлөгчөөр идэвх зүтгэлтэй ажиллаж, эх орноо үр тариа, хүнсний ногоогоор бүрэн хангах үйлсэд хувь нэмрээ оруулсан хүн. Тэр нь надад өвлөгдчихсөн (инээв). Би хувийн эдлэн газартаа Монголд ургуулахад хамгийн бэрх мод болох хуш, нарс, гацуур, хусыг тарьсаар бараг л агрономич болж байх шиг. Дэлгэрцогт сумын нутагт орших Чойрын хийд орчимд үрээр нь тарьж, өөрөө ургуулсан 200 гаруй шар хуайс суулгаж, “амьд” хашаа байгуулахад цаг заваа зориуллаа.
-Тэр талаар цахим сүлжээнээс уншсан юм байна шүү. Эхний асуултаа илүү нарийвчилъя. Өнөөгийн судалгааны үр дүнгээ 10 орчим жилийн өмнөхтэй харьцуулбал танд ямар ялгаа ажиглагдаж буйг тодруулах нь зүйтэй болов уу?
-2000-аад оны эхээр “Хуулийн амин сүнс бол ёс суртахуун, хүн гэдэг эцсийн эцэст ёс суртахуунтай амьд биет, харин төр бол биологийн бус организм юм байна. Төрийн шударга байдал эрх мэдлийг хэн эрхшээж буйгаас шууд хамаарна” гэх агуулгатай судалгааны ажлыг эхлүүлж байв. Угтаа бол төр засгийн мөн чанар нь эрх баригчдын ёс суртахуунаас шалтгаалдаг, эсэхийг тогтоох зорилго тавьсан юм. Тухайн үед хүмүүс “Энэ Нарангэрэл толгой тархиндаа “юм”-тай болчхож, Удахгүй Шархадны эмнэлэгт очих гэж байгаа юм биш биз дээ” гэж ярьж байсныг бодвол өнөө хүн бүр ёс суртахууны тухай ярьдаг болжээ.
Улс орон тогтвортой хөгжиж чадахгүй байгаагийн үндэс нь ерөөсөө л ёс суртахууны доройтолтой шууд уялдана. Өнөөдөр дэлхий дахинд дайн дажин дэгдэж буй нь ч гэсэн хүмүүс ёс суртахуунаа алдаж, уландаа гишгэсэн, элдэв атгаг муу санаа өвөрлөж, урьд хойдын өш хонзон санадаг, асуудлыг эв зүй, найрсаг яриа хэлэлцээгээр шийдвэрлэж чадахаа байсантай холбоотой. Энэ нь хүн төрөлхтөн, бүхий л салбарт хамгийн том аюул занал, хүндрэл бэрхшээлийг дагуулж байгаа нь нотлогдсоор байна. Хууль бол ёс суртахууныг тогтоогч. Өөрөөр хэлбэл, шударга ёс, нинжин сэтгэл, итгэл, нэр төр, эелдэг найрсаг, зочломтгой, хамтач, ажилсаг, хөдөлмөрч зан, бусдад өш хонзон, атгаг муу санадаггүй байх зэрэг эрхэм нандин чанарын нийлбэр нь эцсийн дүндээ ёс суртахууныг бүрэлдүүлдэг болох нь тогтоогдож байна л даа.
ЭРХЭМ ЧАНАРУУДЫГ НЬ ХАСЧИХВАЛ ХҮН ГЭЖ ЕР НЬ ЮУ ЮМ БЭ
-“Дэлхийн түүхийг судлахаар хүн төрөлхтнийг ёс суртахуунгүй болгож байсан дэглэм, ноёрхлууд бишгүй байж. Ёс суртахууны өгөгдөл төрөлхийн. Тухайн хүний удам судар, гэр бүлийн хүмүүжил, амьдарч буй нийгмийнх нь уур амьсгал болоод улс орныг авч яваа эрх мэдэлтнүүдийн ёс зүй зэрэг хүчин зүйл ёс суртахуунд шууд нөлөөлдөг” гэж одоогоос есөн жилийн өмнө та манай сонинд ярьж байж. Тэгэхээр ёс суртахуун гэдэг дэлхий дахинаа ижил ойлголт гэж үү?
-Ёс суртахуун гэдэг бол ерөөсөө л хүний мөнхийн чанар. Бидний уураг тархинд найм гаруй тэрбум энергийн эс оршдог болохыг квантын физик, тархи судлалын шинжлэх ухааны эрдэмтэд нээсэн. Эрхэм чанаруудыг нь хасчихвал хүн гэж ер нь юу юм бэ. Тиймээс хүн мөн чанараараа ёс суртахуунтай амьтан. Ёс суртахуун гэдэг чинь эцсийн дүндээ оюун ухаан шүү дээ. Зарим хүн өөрийгөө шашин шүтдэггүй гэх боловч сүжиг бишрэл дотор нь оршиж л байдаг.
-Тухайлбал?
-Минийхээр шашин бол угтаа ёс суртахуун.
-“Хуулийн амин сүнс” хэмээх ойлголтыг танаас илүү тодруулмаар байна. Орчин цагт нийгэмд асуудал үүсэх бүрд түүнд зориулж салангид хууль баталж, “хууль тогтоомжийн инфляц”-ыг хөөрөгдөх боллоо. Нэмэлт, өөрчлөлт оруулах маягаар хуулийн хийдлийг нөхөх, Засгийн газар солигдох бүрд албан тушаалтнуудыг ч халж, төрийн алба мэргэжлийн бус хүмүүсээр дүүрч байна шүү дээ.
-Хууль бол хүн гэх амин сүнсийг хамгаалах тухай асуудал. Өөрөөр хэлбэл, нэг үе хүн төрөлхтөн хуульгүй амьдарч байж. Гэхдээ биднээс илүү сэтгэл тэнүүн, аз жаргалтай. Гэтэл зарим хүн эдэд шунаж, бурхан тэнгэр, цээрлэл гэж байхгүй хэмээгээд ямар ч аргаар болов баяжиж хөлжих, эрх мэдэлд хүрэхийн төлөө улайрах болсон. Үүнээс л бусармаг үйлдлүүд илэрч эхэлсэн юм. Харин хүн төрөлхтөнд үүнийг зохицуулах асуудал тулгамдахад хүмүүсээс шилдгийн шилдэг ёс суртахуунтай хэсгийг төлөөллөөрөө сонгоё гэж шийдсэн байна. Ингэж л хууль тогтоох байгууллага бий болсон.
Таны асуусанчлан хууль ингэж утгаа алдсан нь ганц Монголд ч биш. Шилдэг сайн нь бус, адгийн муу нь төрийн эрхийг барьж байна. Үүнийг зогсоохгүй бол манайд хөгжил дэвшил гэж байхгүй, өдрөөс өдөрт аюул заналхийлэл учрах эрсдэлтэй. Адгийн наад зах нь ард түмэн бослого тэмцэл өрнүүлэх, хууль бус аргаар засгийн эрхэд халдаж, шударга ёс тогтоохыг эрмэлзээд ирнэ шүү дээ.
-Бид уг нь их тогтуун, эв эеийг хичээсэн ард түмэн. Гэвч энэ амар амгаланг эвдэж, нийгмийг талцуулах зорилготой ажиллагаа хөндлөнгийн этгээдүүдээс гаралтай ч юм шиг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Юуны түрүүнд үндэсний эв нэгдлийн талаар ярих шаардлагатай.
-Яг тийм.
-Хүн нийгмээ дагаад л амьдарч, аж төрдөг юм биш. Харин өдөр тутамд тохиолдож буй зүйлсээс сургамж авч амьдардаг. Нийгмийн шилжилтийн үед бидний гаргасан нэг том алдаа бол зах зээл, ардчилалд шилжих ойлголтыг явцууруулсан явдал юм. Зах зээлийн нийгэм гэдгийг ерөөсөө л ямар нэгэн аргаар баяжиж, мөнгөтэй болох хэмээн эндүүрсэн. Одоо хар л даа, хэдэн мянган жилийн турш бэлчээрийн мал аж ахуйнхаа үр шимээр бойжсон ард түмэн өнөөдөр махаа авч идэж чадахгүйд хүрээд байна. Боловсрол эзэмших, эмнэлэгт эмчлүүлэх тухайд ч адил. Монголчууд ёс суртахуунаа гээж буйг л энэ бүхэн илтгэж байгаа юм. Амьдралын гол зарчим нь ямар ч аргаар хамаагүй мөнгө олох, хэзээ ч биелшгүй тансаг хэрэглээнд тэмүүлэх болчихож. Нийслэл Улаанбаатарын замын түгжрэл ч гэсэн ерөөсөө л хүн бүр хөл дүүжлэх унаатай болох гэсэн шуналаас үүдсэн. Уг нь нийтийн тээврээ системтэй хөгжүүлсэн бол өнөөдөр бид ийм зовлон үзэхгүй байв.
Би дахин хэлье, ардчилсан төр засгаа байгуулж байна хэмээн бид хөөрцөглөж буй ч Монгол дахь улс төрийн 30 гаруй намаас эх орон, ард түмнийхээ төлөө чин сэтгэлээ зориулж бодлогоо тодорхойлдог нь алга. Намууд голчлон мөнгөтэй, зардлаа өөрөө даачих, дорвитой хандив өгөх хүмүүсийг л сонгуульд нэр дэвшүүлж байна. Гэтэл ийм замаар сонгогдсон хүмүүс дөрвөн жилийн хугацаанд улс, иргэдийнхээ төлөө чин шударга зүтгэх үү гэвэл үгүй. Нэн тэргүүнд зарцуулсан зардлаа нөхөх, дараагийн сонгуулийн мөнгөө босгохыг л эрмэлзэнэ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд ийм хоноцын сэтгэлгээтэй эрх баригч олширлоо. Айлын өнгөтэй, өөдтэйг идэж, уучхаад явчихдаг шиг ийм сэтгэлтэй хүмүүс төр барьж байхад улс орон маань яаж хөгжих юм бэ.
-Шунал муу зүйл үү?
-Тийм. Харин хүсэл тэмүүлэл, бүтээх мөрөөдөл гэдэг нь өөр ойлголт. Шунал бол ямар ч аргаар хамаагүй баяжиж хөлжих, тонох тухай юм. Ингэхийн тулд хэнийг ч, юуг ч хайрлахгүй гэсэн санаа. Залуу хүний мөрөөдөл, бүтээх эрмэлзэл бол улс орны хөгжлийн хөшүүрэг.
-Хууль тогтоогчид ард түмний элч биш, намын зарц болж байгааг та шүүмжилж байна. Гэхдээ ийм яриа үеийн үед байж л байсан шүү дээ. Тэгвэл одоогийн энэ гацаанаас гарахын тулд бид яах ёстой вэ?
-Би хүн төрөлхтний түүхэнд бий болсон төрийн янз бүрийн хэлбэрүүдээс чухам аль нь ард түмэнд хамгийн өгөөжтэй, ашиг тустай байв гэдгийг харьцуулан судалж үзсэн юм. Тухайлбал, хаант, бүгд найрамдах, социалист төр, Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын үед гэх мэт. Судалгааны үр дүнгээс харахад хүний амьдралд хамгийн ээлтэй нь хаант төр байжээ. Учир нь өөрийн ургийн дотроос дараагийн эрх баригчаа тусгайлан бэлтгэж, хамгийн ухаалаг, чадалтайг нь хаан ширээнд залдаг байж. Ард түмэн ч хаанаа мөнх тэнгэр, бурхнаас биднийг удирдуулахаар заяасан ариун эзэн хэмээн гүнээ хүндэтгэн дээдэлдэг. Хаан нь ч иргэдээ сэтгэл дүүрэн, аз жаргалтай амьдруулж, олон хүүхэдтэй айлын эцэг хүн үр хүүхдийнхээ идэж уухаас дээрэмдэж, хулгайлдаггүй шиг, аль болох сайн сайхан байлгахыг хичээдэгтэй адил сэтгэлээр ханддаг байжээ.
-Хаант төрд ийм давуу тал байлаа ч шууд хамгийн сайн нь гэж тодорхойлбол шүүмжлэлтэй хандах хүн олон байх.
-Улс орнуудын төрийн хөгжлийн үйл явцыг судлахаар хаант засаглал руугаа шилжих хандлага давамгайлж байна. Хоёр хөршөө бод л доо. Улс орныг хоноцын сэтгэлгээтэй хүмүүс удирдаж болдоггүй, нэгдмэл нэг бодлогоор зангидан залж, чиглүүлэх шаардлагатайг тэдний туршлага харуулж байна. Харин Ерөнхийлөгчид хяналт тавьж, хариуцлага тооцох эрх мэдэл нь парламентад байх жишээтэй.
-Нэг хүн ярвигтай, аюултай үр дагаварт хөтөлж мэдэх шийдвэр гаргавал яах вэ. Шуудхан хэлэхэд би хөрш улсынхаа талаар ярьж байна л даа. Мөн нөгөөтээгүүр, муу удирдагч төрийн эрх барьж, улс орноо баллаж, дордуулж байгаа тохиолдол ч бишгүй.
-Хэн нь хэнийгээ баллаад байна. Жишээ хэл. Би ч бас сэтгүүлчээс асуух эрхтэй.
-Улс орныг удирдаж байгаа хүн хэт туйлширвал нийт иргэнд асар том сөрөг нөлөө, аюул занал дагуулдаг гэх санааг хэлэх гэсэн юм. -Эдгээр асуудалд маш олон талаас нь, судалгаатай хандах ёстой.
-Ардчилсан сонгууль иргэдэд эрх чөлөө авчирсан. Тэгвэл бид хэрхэн ёс суртахуунтай хүмүүсийг сонгох вэ?
-Сонгуулийн тухай хууль тогтоомжуудыг аваад үзье л дээ. Бие даан нэр дэвшиж, сонгогдох боломж бараг алга. Тэгэхээр өнөөгийн Монголд жинхэнэ ардчилал байна уу, үгүй юү. Ёс суртахуунтай хүмүүсээ сонгоё гэхээр тэрхүү боломж нь байна уу. Тиймээс бид хууль тогтоомжоо ийм болгох шинэчлэлийг төрийн эрх барих дээд байгууллагын сонгуулийн тухай хуулиас эхлүүлэх ёстой. 21 аймаг, 330 гаруй сумаар хөндлөн гулд явбал ерөөсөө л хоёр том намд хуваагдчихсан байна. Монголчууд ингэж намчирхаж, дотроо талцаад байвал улс орон яаж хөгжих юм бэ. Уг нь цөөхөн хүн амтай нэг сумынхан намын харьяалал харгалзахгүйгээр орон нутгаа хэрхэн хөгжүүлэх вэ гэж л хамтран зүтгэх ёстой юм.
УЛС ОРНЫГ ХОНОЦЫН СЭТГЭЛГЭЭТЭЙ ХҮМҮҮС УДИРДАЖ БОЛОХГҮЙ
-Эв эе гэдэг нэг үзэл санаан дор ижил үнэт зүйлийг эрхэмлэх тухай гэж ойлгож байна. Сүүлийн үед дотоод эв нэгдлийг бусниулах санаа зорилготой хэмээн хардахаар үйл явдал цөөнгүй өрнөлөө. Үндэсний эв нэгдлийг бусниулахад юу илүүтэй нөлөөлдөг бол?
-XIII зуунд цөөхөн хүн амтай Монгол үндэстэн дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болсны гол нууц нь дотоод болон гадаад эв эеийг чанд сахиулж чадсан явдал. Тэр битгий хэл, Чингис хааны үед бүх шашинд ямар нэгэн ялгаварлалгүйгээр, хүндэтгэлтэй хандсан шүү дээ. Монголчуудын хүчин чадал, хэнд ч дийлдэшгүй үндэстэн болж чадсаны нууц энд л агуулагдаж байсан юм. Гэтэл сүүлдээ хаадын алтан ургийнхан эрх мэдэл, албан тушаалд өөрсдийн үр хүүхдүүдийг зүтгүүлж, хоорондоо зөрчилдөн тэмцэлдэх болсноор хүч чадал нь суларсан.
Монголчууд бол цул, нэгдмэл нэг үндэстэн. Тусгаар тогтносон улс болох түүхэн үйл явцын дунд зарим үндэстэн, угсаатан Монголд ирж амьдрах нөхцөл бүрэлдсэн. Тухайлбал, 1921 оны Ардын хувьсгалын дараа ЗХУ-д амьдарч байсан буриадууд олуулаа Монгол руу орж ирсэн. Тэдэнд тусгайлсан нутаг дэвсгэр заан өгч, өнөөдөр амар тайван амьдарч байна. Мөн баруун хил хязгаарт аж төрж буй казахуудын эх орон бол Монгол Улс. Бид нэг л эх оронтой хүмүүс шүү дээ. Аль ч үндэстэн, угсаатанд сайн, муу янз бүрийн л хүмүүс бий. Цөөн хэдэн хүний бурууг бүхэл үндэстэн, угсаатанд нялзааж, голомтоор нь талцуулж, яс хаях маш аюултай. Үүнийг гардан хийгсэд үр дагавраа ойлгож байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Манайх шиг цөөн хүн амтай улсын хувьд үндэсний эв нэгдлийг хамгаалан бэхжүүлэх явдал бол амин чухал асуудал. Үүнээс гадна бид хоёр хөрштэйгөө эв найртай аж төрөх хэрэгтэй. Тэгэхгүй, элдэв мартагдсан түүхийг сэргээн, өөрсдөө ч учрыг нь нарийн сайн мэдэхгүй байж туйлшрах нь буруу юм. Саяхан гэхэд л БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид ажиллахаар ирсэн гадаадын иргэдэд маш муухай хандлаа. Энэ нь эргээд Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулж болох асуудал шүү. Төр засаг үүнд онцгой анхаарах ёстой.
-Түүнчлэн нэр бүхий философичийн талаар нийгмээрээ шахам хэлэлцлээ. Ганц хүний үгээр сэвтдэг үндэсний үүх түүх, бахархал гэж байхгүй гэж үзэх хүмүүс бий бол нөгөө талд үзэл бодлоо илэрхийлэх нэрийдлээр дотоод эв нэгдэл, үнэт зүйл рүү халдаж байгааг хуулийн дагуу шалгах ёстой гэх байр суурь ч байна. Харин таны хувьд?
-Олон нийтийн сүлжээгээр хүмүүс бие биеэ хэлэх, хэлэхгүй үгээр доромжлох явдал гаарлаа. Хүний нэр төр амь наснаас нь ч илүү үнэ цэнтэй. Нэр төр лүү нь халдана гэдэг бол тухайн хүний зүрх рүү үгэн буугаар буудчихаж байгаатай адил. Тиймээс хүний амь шигээ хайрлаж явдаг нэр төр, алдар хүнд рүү нь халдчих вий гэж хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид туйлын сэрэмжтэй хандах шаардлагатай. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэрэг үйлдсэн хувь хүний асуудлыг үндэсний эв нэгдлийг бусниулах үйлдэлтэй адилтган, хольж хутгаж болохгүй. Улс үндэстнээ гутаан доромжилж, монгол хүний үнэт зүйл, бахархлыг үгүйсгэж байгаа энэ мэт хүмүүсийг хуулийн дагуу шалгахаас гадна сэтгэцийн эрүүл мэндийг нь ч сайтар магадлах хэрэгтэй.
-Анхны Ерөнхийлөгч П.Очирбат тантай таараад “Нөхөр минь чи мэргэжлээ буруу сонгосон хүн байна шүү. Би өмнө нь хуулийн ном уншихаар баахан зүйл, заалт хараад залхдаг байсан юм. Гэтэл өөрийн тань ном яг л адал явдалт роман шиг санагдлаа” гэсэн талаар таны ярилцлагаас уншиж байсан юм байна.
-Нэр бүхий зарим хэргийн материалыг уншаад, тэдгээрийг эцсийг нь хүртэл үнэн зөвөөр шийдүүлчих юм сан гэж боддог юм. Р.Чойном найрагчийг тухайн үед архичин, завхуул, тэнүүлч, улс орон болон ард түмний бодит амьдралыг үгүйсгэгч хэмээн нийгмээс гадуурхаж, “яллаж” байлаа. Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, “Амьд эрх зүй” номын “эзэн” “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайвныг шүүх үед бүх өмгөөлөгч нь өмгөөлөхөөс татгалзаж байв. Гэхдээ би өөрийгөө өмгөөлөгч гэж зарлаад явах сонирхолгүй.
Д.Хүслэн