УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын эзэмшлийн “Мон роуд” компанид холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс сэргээн шалгаж эхэлсэн талаар прокурорын байгууллагын эх сурвалжууд мэдээллээ. Дээрх компани нь замын тендерийн хөрөнгө мөнгийг шамшигдуулж, гэрээний үүргээ биелүүлээгүй аж.
Тодруулбал, “Мон роуд” компани нь Завхан аймгийн нутагт Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлд 100 км автозам барихаар сонгон шалгаруулалтад ялсан байдаг. Манайд УИХ-ын гишүүн болон тэднийг санхүүжүүлэгч компаниуд аливаа тендерт “ногоон гэрлээр” шалгардаг буруу жишиг тогтсон. Үүний дагуу тус компани шалгарсан бололтой.
Уг замыг анх барихдаа 32.6 тэрбум төгрөгөөр тавихаар гэрээ байгуулсан аж. Гэвч гэрээний үнийн дүнгээ 46.3 тэрбум төгрөг болгон өсгөсөн гэнэ. Түүгээр ч зогсохгүй 2012 онд гэрээ байгуулчихаад ажлаа эхлэлгүй, 2013 онд шинээр барих замын жагсаалтад оруулсан хэрэгт тус компанийн эрх бүхий албан тушаалтнууд буюу УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар тэргүүтэй хүмүүс шалгуулж байгаа аж.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын эх сурвалжаас лавлахад “Мон роуд” компанийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдуулан Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-т заасны дагуу төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, эд хөрөнгө онц их хэмжээгээр завшсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад түдгэлзүүлсэн байсан. Түүнийг сэргээн шалгаж эхэлж байна” гэсэн юм.