Гаалийн ерөнхий газар энэ оны эхний хагас жилийн байдлаар 2047 зөрчил илрүүлэн шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүний 47.1 хувийг татвараас зайлсхийх, барааны үнийг бууруулж мэдүүлэх зэрэг зөрчил эзэлсэн бол 23.5 хувь нь хориглосон, хязгаарласан барааг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэл байжээ. Илрүүлсэн зөрчлөөс 52 нь эрүүгийн шинжтэй тул хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэнэ. Тухайлбал, АНУ, Англи, БНТУ, ОХУ, ХБНГУ-аас илгээсэн зургаан төрлийн химийн болон байгалийн гаралтай нийт хоёр кг 190.2 грамм мансууруулах бодис, 1200 мг сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 12 удаагийн үйлдлийг таслан зогсоосон байна. Мөн Монгол Улсаас БНХАУ руу 1.6 кг алт, БНТУ-аас ирсэн нэгэн иргэн биедээ 12.2 кг алтан эдлэл нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, цагдаа, тагнуулын байгууллагад шилжүүлжээ.
Чихрийн шижин өвчний эмчилгээнд хэрэглэдэг, хадгалалтын тусгай горим шаарддаг инсулин тарилгыг арилжааны зорилгоор улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгааг дээрх байгууллагаас анхаарууллаа. Иймд гадаадаас эм, эмнэлгийн хэрэгсэл авчирч буй иргэд зөвхөн хувийн хэрэгцээний хэмжээнд, эмчийн жор болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн авч хууль тогтоомжийн дагуу зорчихыг сануулж байна.
Ташрамд дурдахад, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд агаарын болон төмөр замын боомтууд хэвийн ажиллана. Авто замын боомтуудаас ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, Эрээнцав, Ханх хэвийн ажиллах гэнэ. Харин Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь, Ульхан болон БНХАУ-тай хиллэдэг 12 боомт энэ сарын 10-15-ныг дуустал амарч, 16- наас хэвийн горимд шилжих аж.
У.Сүрэн