Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Гаалийн газрын байранд манай улсын хоёр иргэнээс ОХУ-ын эрүүгийн хэргийн мөрдөн байцаах албаныхан байцаалт авсан талаар орон нутгийн хууль хяналтын байгууллагын эх сурвалжууд мэдээллээ.
Уг нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу байцаан шийтгэх ажиллагааг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий хүмүүс явуулахаар хуульчилсан байдаг. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт ОХУ-аас ногоон өнгийн “УАЗ-Патриот” маркийн автомашинтай, Буриадын ДЯЯ-ны харьяа мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллагын дэд хурандаа цолтой Цэрэнов, өөр нэг дээд тушаалын офицерийн хамт орж ирсэн гэнэ.
Улмаар Гаалийн газрын байранд манай улсын иргэн гаалийн зуучлагч ажилтай Э болон өөр нэг хүнийг гурван цаг гаруй байцаагаад, нэлээд орой болсон хойно буцаж гарчээ. Үүнтэй холбогдуулан Алтанбулагийн гаалийн газрын ажилтнуудыг Сэлэнгийн цагдаа, тагнуулын байгууллагынхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон гэнэ.
Уг нь гаалийнхан хориотой эд зүйл байгаа эсэхийг шалгадаг. Тэдгээр хүмүүс нь орж ирээд гаалийн байранд тусдаа өрөө гаргуулан хүнтэй уулзахад нь гадаадын иргэн харьяатынхан болон хил хамгаалах байгууллагынхан, тагнуулынхан ч тусалсан байж болзошгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм.
Гаалийнханд хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад тус газрынхан ихэд дургүйцэж, Оросын хууль хяналтын байгууллагынханд тусалсан хүмүүсийг шалгах ёстой атал, гэмгүй, ажлаа хийж байсан хүмүүсийг хорьж саатуулж байгаад дургүйцлээ илэрхийлж, ТЕГ-ын дарга Б.Хурц болон ЦЕГ-ын дарга Р.Чингис нарт Сэлэнгийн гаалийнхан албан тоот илгээхээр болсон гэнэ.
ОХУ-ын иргэд манай монголчуудыг хохироочихоод байхад тус улсын талд манайхан очиж байцаан шийтгэх ажиллагаа явуулах эрхгүй байдаг. Гэтэл оросууд манай хилээр дураараа орж ирэн тусгаар тогтнол, улс үндэстний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэн, монгол иргэдээс мэдүүлэг авч байцаан шийтгэх ажиллагаа явуулсан нь хачирхалтай.