НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг дэлхий нийтээр 2009 оноос хойш аравдугаар сарын 13-ны өдөр тэмдэглэж ирсэн. Энэ жил НҮБ-аас “Аюулгүй амьдрах мэдлэг” уриа дэвшүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын хувьд энэ өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол”, Улаан загалмайн нийгэмлэг хамтарч, гамшигтай тэмцэх үзүүлэх сургалт зохион байгуулав. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Б.Ууганбаяр “Дэлхий нийтээр тэмдэглэдэг энэ өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх хэрэгтэй. Гамшгийн эсрэг ганц энэ өдөр л нэгдэн, нийлэх нь учир дутагдалтай. Иймд ОБЕГ-аас дунд сургуулиудын сургалтын системд гамшгаас урьдчилан сэргийлэх хичээл оруулах зорилгоор бага, дунд, ахлах ангийн сурагчдын сэтгэхүйд тохируулсан сурах бичиг гаргалаа.
Мөн хүмүүст энэ төрлийн мэдлэг олгох зорилгоор үзүүлэх сургалт байнга хийхээр төлөвлөж байна. Сүүлийн үед газар ойр ойрхон хөдлөх болсон. Үүнээс үүдэж иргэд буруу ойлголт тээх болжээ. Үнэтэй төхөөрөмж байхад л гамшгаас бултчих юм шиг санаж байна. Гэтэл гай зовлон хэлж биш, хийсэж ирдэг. Иймд тоног төхөөрөмжид биш, өөрийнхөө мэдлэг чадварт найдах нь хамгийн зөв арга зам юм.
Бид арван жилийн сургууль, албан байгууллагад гамшгийн эсрэг хэд хэдэн сургалт хийхдээ сонин, гялгар уут, тор авч явахыг сануулж, эдгээр гарын доорх материалаар гамшгийн үед хоол унд уух аяга болгох, гэмтсэн гар хөлөө боох арга зааж өгсөн. Япон улсыг бодвол манайд гамшиг бага нүүрлэдэг ч бид бэлтгэлтэй байх хэрэгтэй. Олон улсын туршлагыг судалж, түүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн гамшгийн үед ашиглагддаг тоног төхөөрөмжөө шинэчлэх болсон” гэлээ.
А.ТҮМЭННОМИН