Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсаар “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн захирал С.Оюун ашиг сонирхлын зөрчилтэй, өөрийн хамааралтай хүний компанид эрх олгосон” гэсэн гомдол ирсний дагуу тус газраас шалгажээ.
Тус сургуулийн захирал С.Оюун хүргэнийхээ үүсгэн байгуулж, эзэмшдэг “Ай консепт” ХХК-тай “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч цайны газрын түрээсийн гэрээ байгуулсныг шалгалтаар тогтоосон байна. Уг гэрээг байгуулахдаа ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдал үүссэн талаарх мэдэгдэл, тайлбарыг дээд шатны албан тушаалтандаа гаргаж шийдвэрлүүлээгүй байж. Тиймээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар АТГ-аас нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд албан бичиг хүргүүллээ.