Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 150 хүүхдийн “Уран дөш” цэцэрлэг ашиглалтад орлоо. Өмнөх цэцэрлэгийнх нь барилгын ашиглах хугацаа дууссан тул мэргэжлийн хяналтын байгууллагаас акталжээ. Байргүй болсон цэцэрлэгийн ажиллагсад хашаандаа хоёр гэр барин, хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байсан ч зай талбай муутай, тусдаа гал тогоогүй зэрэг нь хүндрэлтэй байсан гэнэ. “Монтрэйвэл” компанийн барьсан шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагааг стандартын шаардлага хангасан орчинд явуулах нөхцөл бүрдлээ. Дашрамд дурдахад, тус аймгийн 38 цэцэрлэгт 7103 хүүхэд хамрагджээ.