Манай эмч нар зүрхний хүнд хэлбэрийн буюу хавсарсан эмгэгтэй хүүхдүүдийг эмчлэх хэмжээнд хүртэл тав орчим жил шаардлагатай учраас бид ойрын хэдэн жилдээ гадаадынхныг царайчлахаас өөр аргагүй. Гэтэл сүүлийн үед АНУ, БНСУ, Японы эмч нарын баг манай улсаас нүүр бууруулахад хүрээд байна.
Учир нь гадаадын эмч нарыг хагалгаа хийхээр ирэхэд шаардлагатай багаж хэрэгсэл, эм тариа нь манайд дутмаг байдаг хэрнээ өөрсдийнх нь авчирсан эм, хэрэгслүүдийг гааль, мэргэжлийн хяналт, тагнуулынхан байнга саатуулж, есөн шидийн бичиг баримт, татвар татаас нэхэж айлгадаг боллоо.
Өнгөрсөн долоо хоногт Улсын гуравдугаар төв эмнэлэгт БНСУ-ын эмч нарын баг ирж, зүрхний хүнд хэлбэрийн гажигтай хүүхдүүдэд үнэгүй мэс засал хийжээ.
Гэтэл тэдний багаж хэрэгсэл, эм тариаг нь тагнуулынхан хурааж аваад одоо болтол өгөөгүй байгаа юм байна. Энэ талаар Гуравдугаар эмнэлгийн Зүрх, судасны мэс заслын тасгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч, клиникийн профессор Б.Түмэнжаргалаас тодрууллаа.
-Солонгос эмч нарын баг хэчнээн хүүхдэд мэс засал хийв?
-Энэ сарын 3-9-нд БНСУ-ын Сэжон, Сөүлийн үндэсний их сургуулийн Хүүхдийн эмнэлгийн хамтарсан 20 хүний бүрэлдэхүүнтэй баг манай Зүрхний төвийнхөнтэй хамтран ажиллалаа. Монголд эмчлэх боломжгүй зүрхний хүнд хэлбэрийн гажигтай 15 хүүхдэд үнэгүй хагалгаа хийхээр төлөвлөсөн ч хил, гаалийнхан солонгос эмч нарын авчирсан, хагалгаа хийхэд нэн шаардлагатай эм тариа, хэрэгслүүдийг хураагаад авчихсан.
Уг нь тэд өнгөрсөн бямба гариг хүртэл хагалгаа хийх байсан юм. Өдөрт хоёр хүүхдэд мэс засал хийнэ гэж төлөвлөсөн ч эм тариа, багаж хэрэгсэлгүйгээс болоод эхний хоёр өдөр нь дөрөв, дараагийн өдрүүдэд нэг нэгээр нийт есөн хүүхдэд арайхийн мэс засал хийгээд буцсан.
Үлдсэн хүүхдүүдийг тэд ирэх арваннэгдүгээр сард багтаан, өөрсдийнхөө зардлаар БНСУ-д аваачиж, эмчлэхээр боллоо. Энэ сарын 18-нд Люксембургийн эмч нар манайд ирж, үзлэг, оношилгоо, хагалгаа хийнэ. Тэгэхэд бас иймэрхүү асуудал бүү гаргаасай л гэж найдъя.
-Ямар ямар багаж, эм тариаг нь хураагаад авчихсан юм бэ?
-Хүнд хэлбэрийн гажигтай хүүхдэд хагалгаа хийхэд шаардагддаг сэхээн амьдруулахын, зүрхний үйл ажиллагааг дэмжих, уушгины артерын даралт бууруулах зэрэг Монголд байдаггүй, улсын эмийн бүртгэлд байхгүй эм тариаг хураагаад авчихсан юм билээ.
Гэтэл манайх л эдгээрийг ашигладаггүй болохоос дэлхийн улсууд зүрхний хагалгаа хийхдээ заавал хэрэглэдэг эм, тарианууд байгаа юм. Эдгээрийг хэрэглэхгүй л бол хүнд өвчтөнүүд хагалгааны үед эрсдэх магадлал нь өндөрсдөг гэв.
Үүний дараа Зүрх, судасны мэс заслын тасгийн зүрхний мэс засалч Б.Булганаас зарим зүйлийг нэмж лавлав.
-Солонгос эмч нарын авчирсан эм, хэрэгслийг яагаад одоо болтол өгөөгүй байгаа юм бэ?
-1996 онд БНСУ-ын эмч нар гадаадын өвчтөнүүдэд туслах зорилгоор “Rapael foundation”-г байгуулсан. Тэдний дэмжлэгээр солонгос эмч нар манайд олон удаа ирж, өвчтэй хүүхдүүдэд тусалж, амьдрал бэлэглэсээр байна. Энэ удаад хоёр сартайгаас 15 настай хүүхдүүдэд мэс засал хийхээр бэлтгэсэн байсан юм.
Гэтэл манай улсын шат шатны байгууллагынхны хүнд суртал, хариуцлагагүй байдлаас болоод зургаан хүүхдийн хагалгаа хойшлогдчихлоо. Үүн дээр нэн даруй хагалгаа хийх шаардлагатай бас нэг хүүхэд нэмэгдсэн. Тэдний амь минут, секундээр хэмжигдэж буй. Солонгосчууд бидний хийж чадахгүй уушгины гол судсууд нийлсэн болон солигдож байрласан, зүрхний дөрвөлсөн гажигтай, зүрхний гол судас нь баруун талдаа байрласан зэрэг маш хүнд эмгэгтэй хүүхдүүдэд хагалгаа хийсэн.
Эдгээр хүүхдэд мэс засал хийхэд шаарддаг эм тариа нь манай эмнэлэгт байгаагүй учраас бид ЭХЭМҮТ, “Интермед” гээд хувь, хувьсгалын бүх эмнэлгээр явж, “жоорных нь” эм, хэрэгслүүдийг гуйж байж есөн хүүхдийн амийг аварлаа.
-Гадаад эмч нар Монголд ирж, эмчилгээ үйлчилгээ явуулахын тулд ямар ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?
-Тэднийг Монголд авчрахын тулд бараг л хоёр сарын өмнөөс бичиг цаастай “ноцолдох” хэрэгтэй болдог. ЭМСЯ тэдэнд энд эмчилгээ хийх лиценз олгодог бол нийслэлийн Эрүүл мэндийн газар авчирсан эм, хэрэгслийг нь Монголд ашиглах зөвшөөрөл өгдөг.
Ингэхийн тулд БНСУ-ын талаас бас албан маягт ирүүлдэг. Албаныхан эдгээртэй танилцах гэж бараг нэг сар болох жишээтэй. Сая бид шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсэн ч нэг мэргэжилтэн нь тамга тэмдгээ дараагүйгээс асуудал үүссэн. Үүнээс болоод Хилийн мэргэжлийн хяналтынхан эм тариа, багаж хэрэгслүүдийг хураагаад авчихсан.
Гаалийнханд “Хүүхдүүдийн амь насанд эрсдэл учраад байна. Ядаж тал эм, тариаг нь буцаагаад өгөөч” гэж учирлахад уг нь зөвшөөрсөн юм. Гэтэл мэргэжлийн хяналтынхан “гэдийчихээд” тагнуулын байгууллагад “Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгээгүй, хориотой эм, тариаг улсын хилээр хууль бусаар давуулахаар оролдсон” гэж мэдүүлээд тэдэнд хураалгачихсан.
Тэгээд л арга мухардсан даа. Одоо ЭМСЯ-нд энэ талаар уламжилсан. Удахгүй хил дээр саатуулагдсан багаж, хэрэгслээ олж авах байх гэв.
Жилдээ 200-300 хүүхэд зүрхний хагалгаа хийлгэхээр харь орныг зорьж байхад гадаадын эмч нарыг Засгийн газрын түвшинд энэ мэтээр дэмжихгүй байгаа нь харамсалтай.
Тэдний үнэтэй цагийг янз бүрийн бичиг цаас бүрдүүлэхэд зарцуулж, оруулж ирсэн тоног төхөөрөмж, эм тариаг нь хураасаар эцэс сүүлдээ аманд ч үгүй, хамарт ч үгүйн үлгэрээр төгсгөх вий.
О.БАТ-УНДРАХ