Говийн бүсэд хоёр сая тн хүртэл, зүүн бүсэд 300 мянган тн-ын хүчин чадалтай газрын тосны үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулж, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийн энэ оны гуравдугаар улиралд багтаан танилцуулах үүргийг Засгийн газраас салбарын яаманд өгсөн. Энэ ажлыг БНУУ-ын “Евройл” компани гүйцэтгэж байгаа бөгөөд Хөгжлийн банкнаас олгох санхүүжилт саатсан учраас ажил бага зэрэг удааширсан гэнэ. Гэхдээ үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-ийг ойрын хугацаанд бэлэн болгож Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлнэ гэж Аж үйлдвэрийн яамны албаны эх сурвалж мэдээллээ. Үүний дараа Засгийн газарт танилцуулах юм байна. Мөн үйлдвэр барих хөрөнгө оруулагчийг шалгаруулна гэнэ.