Монголын залуучуудын холбооноос хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд унадаг дугуйн аялал, парад зохион байгуулдаг. Намрын ээлжит дугуйн парад энэ сарын 17-нд Чингисийн талбайд болох аж. Жил ирэх бүр парадад оролцогчдын тоо нэмэгдсээр, энэ удаа 1000 орчим дугуйчин хамрагдах болжээ. Уг арга хэмжээг МЗХ, “Сannondale” дугуйн дэлгүүр, “Залуу дугуйчин” клуб хамтран зохион байгуулах бөгөөд “Идэвхтэй оролцож, спирт биш спортыг сонгож, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх”-ийг залууст уриаллаа. Сүүлийн үед болж буй парадууд дугуйчдын наадам болон өргөжиж буй нь олон хүний талархлыг хүлээж байгаа гэнэ.