2008 онд НҮБ-ын Ерөнхий ассемблей жил бүрийн аравдугаар сарын 15-ныг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан. Ингэснээр эл өдөр дэлхийн сая сая хүмүүс гараа савандаж угаадаг, ингэхийг бусдадаа уриалдаг юм. Гараа савандаж угаах нь энгийн зүйл мэт боловч энэ нь бага насны хүүхдүүдийн амь насанд аюултай суулгах, амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг ач тустай. Хүний нэг грамм өтгөн 10 сая вирус, нэг сая нян агуулах нь ч бий гэнэ. Гэтэл гараа тогтмол, зөв угаахгүйгээс болоод уушгины хатгаа, суулгах өвчин тав хүртэлх насны хүүхдүүдийн нас баралтын голлох шалтгаан болж, дэлхий дээр жил бүр таваас доош насны 3.5 сая хүүхэд үүний уршгаар энддэг байна. Тэгвэл хоёр хүртлэх насны хүүхдүүдийн дунд нас баралтын эзлэх хувь өндөр (суулгалт 72 хувь, уушигны хатгаа 81 хувь) байгаа аж.
НҮБ-ын Хүүхдийн сангийн тооцоолсноор 30 секунд тутамд нэг хүүхэд суулгалтаар нас бардаг гэнэ. Тиймээс гараа зөв угаах нь суулгалт, амьсгалын замын цочмог үрэвсэл, арьс үрэвсэх, нүдний зарим халдвараас урьдчилан сэргийлдэг. Тодруулбал, суулгалтыг 30-50, амьсгалын замын халдварыг 21-45 хувиар бууруулдаг байна.