Өнөөдөр Баянхонгор аймгийн удирдлагууд Болгар улсын уул уурхайн компанийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, 1979 онд Монгол-Болгарын хамтарсан “Монголболгарео” компанийг Баянхонгор аймгийн Дөвөнтийн алтны ордыг түшиглэн байгуулагдаж байсан бөгөөд 2011 онд Монгол Улсын Төрийн өмчийн хороо тус компани дахь өөрийн мэдлийн 50 хувийн хувьцаагаа Хятадын “Жинлиань” ХХК-д, Болгарын тал мөн 50 хувийн хувьцаагаа “Болгаргеомин ЛТД” компанид худалдсан байна. Гэвч Хятадын “Жинлиань” ХХК “Болгаргеомин ЛТД” компанитай зөвшилцөлгүйгээр “Монголболгаргео” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Пүрэвгялыг өөрчилж хууль бусаар Л.Ундрах гэгчийг гүйцэтгэх захирлаар тавьж, Дөвөнтийн алтны уурхай руу дайран орж олборлолт хийсэн аж.
“Болгаргеомин ЛТД” компанийн Итгэмжлэгдсэн төлөөлөгч Борислав Ангеловын хэлж буйгаар ““Жинлиань” ХХК-ийн хууль буй үйлдлийг таслан зогсоохыг Баянхонгор аймгийн Шүүхийн захирамж, тогтоолын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар зургаан удаа оролдлого хийсэн ч Хятадуудын талд Монгол Улсын хууль үйлчилсэнгүй. Тэгсэн хэрнээ 2013 онд 30 кг, 2014 онд 20 кг алт олборлосон ч 50 хувийн хувьцаа эзэмшигч болох “Болгаргеомин ЛТД” компанид нэг ч төгрөг өгөөгүй. Манайх гурван жилийн хугацаанд ойролцоогоор 2.5-3 сая ам.долларын хохирол амссан. Үүнийг шүүхээр шийдвэрлүүлж хохирлоо барагдуулна” гэлээ.
Харин “Монголболгаргео” компанийн гүйцэтгэх захирал Л.Пүрэвгял хэлэхдээ “Хамгийн гол нь Баянхонгор аймгийн удирдлагууд аль их хандив өгсөн талд нь зогсоно гэсэн. Гэтэл “Жинлиань” компанийг төлөөлөх Д.Лхагвасүрэн Баянхонгор аймагт хандив өгсөн юм билээ. Тэгээд л ямар ч үйлдэл хийхгүй байна гэж хардаж байгаа юм. Бид 2013 оны долдугаар сард шүүхэд хандсан. Шүүх бидний талд шийдвэр гаргасан. Харин “Жинлиань” ХХК-ийн гаргасан баримт бичгүүдийн нэг нь ч шаардлага хангахгүй байна. Мөн үүнийг Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат Хятадын талд зогсож байгаа юм. Хоёр компанийн хоорондох маргаанд УИХ-ын гишүүн оролцох нь зохимжгүй үйлдэл гэж бодож байна.