Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Centerra Gold” компанийн гүйцэтгэх захирлаар Скотт Пэррийг томилохоор шийдвэрлэснийг marketwired.com цахим хуудсанд мэдээлэв. Ян Аткинсоны оронд томилогдсон тэрбээр ирэх сарын 1-нээс үүрэгт ажлаа хүлээн авах гэнэ. 10 жил компанидаа ажилласан Ян Аткинсоныг энэ оны эцсээр чөлөөлөх тухай “Centerra Gold”-ынхан өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдэж байв. Тэрбээр энэ он дуустал Захирлуудын зөвлөлийн гишүүнээр ажиллах юм байна.
Алтны салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай Скотт Пэрри “Centerra Gold”-ын удирдлагад ажиллах болсондоо баяртай буйгаа илэрхийлээд, стратегийн зорилтод хамтдаа хүрэхийн төлөө хичээнэ гэдгээ дурджээ. Түүнчлэн тус компанийн ерөнхийлөгчөөр Фрэнк Гербертийг томилжээ. Тэрбээр “Centerra Gold”-д 2004 оноос ажилласан аж.