Франц улсын Засгийн газар нүүрстэй холбоотой бүхий л төслүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Засгийн газрынхаа шийдвэрийг биелүүлэх үүднээс манайд ТТЦС төсөлд хөрөнгө оруулахаар ажиллаж байсан GDF/Posco гэсэн Франц, Солонгосын консорциум оролцох боломжгүй болсноо мэдэгдсэн байна.
Тэгвэл “Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources” компани тус төсөлд хөрөнгө босгоход туслах үүднээс нэг тэрбум хүртэлх долларын санхүүгийн баталгаа гаргасан байна. Улмаар төсөлд шалгарсан хөрөнгө оруулагчдаас үлдсэн Японы хоёр болон БНСУ-ын нэг компанид хөрөнгө босгоход тус болно хэмээн үзэж буйгаа Монгол Улсын сайд М.Энхсайхан тэмдэглэжээ. “Turquoise Hill Resources” компани ийн баталгаа гаргасан нь Оюутолгойн далд уурхайн ирээдүйд итгэл авчирсан үйл явдал гэж тэрбээр дурдсан байна.