Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Гаалийн газрын байранд ОХУ-ын Дотоод явдлын яамны харьяа тагнуул, мөрдөн байцаах албаны хурандаа, дэд хурандаа цолтой хүмүүс нэвтэрч, манай улсын хоёр иргэнийг байцаасан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн.
Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад орны хууль хяналтын байгууллагынхан байцаан шийтгэх ажиллагаа явуулах эрхгүй. Гэвч оросууд яагаад ингэв гэдгийг Сэлэнгэ аймгийн Цагдаа, Тагнуулын газрынхан шалгаад харьяаллын дагуу ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст шалгуулахаар шилжүүлж байгаа аж.
Алтанбулаг дахь Гаалийн газрын, жирийн иргэд бүү хэл, цагдаа, прокурорынхон ч тэр бүр ороод байдаггүй хориотой өрөөнд оросууд монголчуудыг байцаасан учраас хууль хяналтын байгууллагынхан тус Гаалийн газрын дарга тэргүүтэй хүмүүсийг эрүүгийн хэргийн сэжигтнээр шалгахаар болсон.
Магадгүй тэднийг Эрүүгийн хуулийн эх орноосоо урвах гэсэн зүйл ангид заасны дагуу сэжигтнээр тооцсон байхыг үгүйсгэхгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Монголд гадаад орныхон орж ирээд байцаан шийтгэх ажиллагаа явуулсан нь юутай ч үнэн учраас манай ХЗЯ-наас Гадаад харилцааны яамаар дамжуулан ОХУ-ын Дотоод явдлын яаманд ноот бичиг илгээхээр болжээ.
Хэрэв ингэж хууль бусаар байцаан шийтгэх ажиллагаа явуулсан бол сэжигтэн, гэрч хэний ч мэдүүлэг нотлох баримт болж үнэлэгддэггүй юм байна.
Г.РАВЖАА