Баянхонгор аймгийнхан Шаргалжуутын рашаан урсаж ордог Шаргалжуут гол руугаа дайрах тохиолдол ч цөөнгүй гардаг аж. Өнгөрсөн онд голын эрэгт мод тарьж байгаа нэрээр жижиг оврын трактороор зүлгийг нь ухаж, сэндийчсэнийг таслан зогсоож байжээ.
Тэгвэл өнгөрсөн сард голын эргээс хайрга олборлож, гольдролыг өөрчилж, урсацыг нь багасгаж болзошгүй хэрэг гарсан байна. “Хайрга олборлоод байна” гэсэн иргэдийн гомдлын дагуу аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, байгаль орчны хяналтын улсын байцаагч, Орог нуур, Түйн голын сав газрын захиргааныхан хамтран шалгахад голын эргээс 50 см зайд 44 метр урт, хоёр метр гүн карьер ухсан байжээ.
Уг хэрэгт “Шаргалжуут рашаан сувилал” компани болон Шаргалжуут тосгонд эмнэлгийн барилга барьж буй “Алтайн хүч” компанийнхан холбогдсон байна.
“Голын сав газраас барилгын зориулалтаар элс, хайрга олборлосон байсан. Байгаль орчны улсын байцаагч хуулийн дагуу арга хэмжээ авсан. Эмнэлэг барьж байсан компани, сувиллын газрынхан хоёулаа тэндээс хайрга авснаа хүлээн зөвшөөрсөн” гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд хэлсэн юм.
Барилгын компанийнхан “Дөнгөж авч эхэлж байхад иргэд, байгаль орчны байцаагч нар ирж “Эндээс авч болохгүй” гэсэн учраас больсон. Харин дараа нь рашааныхан өөрсдөө ухчихсан байна лээ” гэж тайлбарласан бол сувиллын газрын менежер “Эмнэлэг барьж байсан хүмүүс авч байсан юм билээ. Харин манайх ганц өдөр аваад зогсоосон. Манай захирал голын ай сав хөндөхийг эрс эсэргүүцдэг” гэсэн юм.
Голын ай савыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан учраас ямар ч аж ахуйн нэгж халдах эрхгүй. Шалгасан байгууллагууд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс багагүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно. Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга, чулуу авахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж, эхний ээлжинд хуулийн дагуу хоёр аж ахуйн нэгж тус бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулжээ.
Зөрчил гаргасан иргэнийг уг хуулийн 33 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасны дагуу нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-40, аж ахуйн нэгж, байгууллагыг 40-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлдэг юм байна. Тиймээс торгохоос гадна хохирлыг нь тооцон, нөхөн төлүүлэхээр өдгөө цагдаагийн байгууллага шалгаж буй гэнэ.
Шаргалжуут тосгон Баянхонгор сумын VIII багт хамаардаг. Хайрга авахаар ухсан газар тосгоноос 500 метр орчим зайтай байжээ. Мөн эрүүл мэндийн барилга барьж буй талбайгаас нэг км хүрэхгүй, сувиллын газраас хоёр км орчим зайтай аж. Шалгаад буруутайг нь тогтоож, торгууль ногдуулсны дараа аж ахуйн нэгжүүд “Нэгэнт торгуульчихсан юм чинь дахиад авна” гээд эргээд “дайрчээ”. Үүнийг мэдсэн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан цагдаагийн байгууллагад хандаж, арга хэмжээ авахуулсан тул уг асуудал одоогоор түр намжчихаад буй юм байна.
Ч.МӨНХЗУЛ